Menu

Wednesday, February 25, 2015

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТУХАЙ

          Монгол улсын төрийн дуулал нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл шударга ёс, цог хийморийн бэлгэдэл болдог.
          Монголчуудын анхны төрийн дуулал нь Эртний сайхан хэмээх уртын дуу байсан гэж үздэг. 1930-аад оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан агаад тэр жагсаалтад энэ дууны нэр орсон эсэхийг тодорхойглж чадсангүй, аман сурвалжаар хориотой дууны тоонд гарцаагүй орсон гэх авч Ц.Навагчамба агсны цуглуулгад байдаг миний үзсэн жагсаалтад байхгүй байна[1]. Эртний сайхныг 1936 онд алдарт уртын дууч Магсар хурцын Дугаржав монголын уртын дууны түүвэрт оруулан хэвлүүлсэн. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд дуулдаг байжээ.

1911 онд Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 1922 он хүртэл Зуун лангийн жороо луусыг монгол улсын төрийн дууллын хэмжээнд хэрэглэж байсан. 1914 оны 11 дүгээр сард Богд Хааны шадар цэргийн бүрэлдэхүүнд 9 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн үлээвэр хөгжмийн салаа байгуулжээ. Шадар цэргийн дундаас онцгой авъяастайг нь сонгон авч орос хөгжимчин А.Кольцовоор багшлуулан үлээвэр хөгжимд сургажээ. 1910 оны эцсээр Богд хаанд бараалхсан Оросын худалдаачидын дунд байсан нэгэн хөгжимчин Хаант Оросын төрийн дуулал “Бурхан, эзэн хааныг минь ивээг” дууллыг тоглоход Оросууд бүгд босч, малгай аван хүндэтгэж, дууллын эцэст хурайлж байсныг хутагт ихэд сонирхон тогтоож авчээ. Штраусын аялгууг нэг сонсоод л тогтоодог хөгжмийн онцгой сонсголтой Жибзундамба хутагт хаан болмогцоо төрийн дууллын ая захиалсны дагуу Санкт-Петербургийн Маринийн \Маринский\ театрын хөгжимчин А.Кадлецаар “Зуун лангийн жороо луус” дууллын аяыг зохиолгож, түүнийг эрдэний очир одонгийн дөтгөөр зэргээр шагнасан байна. Аяыг анх сонсгохдоо Маринийн театрын хөгжимчид ирж хөгжимдсөн байна. Тиймээс “Зуун лангийн жороо луус” бол Богд хаант Монгол Улсын албан ёсны төрийн дуулал гэж үзэж болохоор байна.  Нөгөө талаар Монгол төрийн түүхэн дэхь анхны албан ёсны төрийн дуулал болох юм байна. Луус гэх мэт үг орсноос олон хүн цэрвэдэг, олон хүн ардын дууны аялгууг өөрчилж дуулсан гэж үздэг нь анзаарагдаж байна. Гэтэл шашны номоор луус бол бурхны хамгийн сайн унаа ажээ[2].
1924 онд Улсын анхдугаар их хурал өндөрлөсний дараах хүндэтгэлийн хүлээн авалтанд хотын захиргааны эрхэлсэн түшмэл баяр, Цагдан сэргийлэх газрын эрхэлсэн түшмэл Дугаржав нар “Түмний эх”, “Эр бор харцага” хэмээх дууг дуулсны дараа Э.Д.Ренчиногийн эхнэр Марияя Никифоровна Ренчина “Интернационал”-ыг анх удаа монголоор орчуулан дуулахад цугларсан олон босч хүндэтгэл үзүүлж байжээ[3]. Үүний дараа 1924 оны 11 сараас төрийн дууллын үүргийг “Интернационал” гүйцэтгэж байв.  Дараа нь С.Буянэмэхийн шилгийг зохиож, Насанбатын ая хийсэн “Монгол Интернационал” хэмээх дуу 1950 оныг хүртэл монгол улсын төрийн дууллын үүргийг гүйцэтгэж байлаа. Интернационалын агуулга нь дарлагч ангийн эсрэг тэмцэж буй тэмцэж буй дэлхийн хөдөлмөрчин ард түмний тэмцлийг тус коминтерний газар удирдаж байгааг харуулж Олон улсын коммунист хувьсгалт хүчний эв нэгдлийн учир МАХН дэлхийн хувьсгалт намуудтай бат холбоотой болох тухай өгүүлсэн[4] байдаг.
Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтан 1950 онд хөгжмийн зохиолчдийн дунд уралдаан зарлаж Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлэн засч ая бүтжээ. Ц.Дамдинсүрэн зохиолч аяд тохирсон үг бичих даалгавар гүйцэтгэж, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43-р зарлигаар баталснаар 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анх удаа албан ёсны төрийн дуулал (зарлигт дурдсанаар сүлд дуулал)-тай болжээ.  1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ой тохиожээ. Түүхэн ойг сүр жавхлантай тэмдэглэхээр Намын төв хороо бэлтгэжээ. Тухайн үед Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дөнгөж байгуулагдаж байв. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын үеэр социалист орнуудын төрийн дууллыг эгшиглүүлэхээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид төрийн шагналт Г.Бирваагийн хамт бэлтгэж байжээ.
Гэтэл БНМАУ-ын албан ёсны төрийн дуулал байсангүй. Хэлмэгдэгчдийн “бүтээл” “Монгол интернационал” дууг төр,  улсын томоохон үйл ажиллагааны үеэр тоглуулдаг байсан аж. Угаас энэ дууг төрийн дуулал болгохоор зохиогоогүй юм. Ийнхүү төрийн дуулалтай болох шаардлага тулгарсан учраас Улс төрийн товчоо 1950 онд товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийг симфони найрал хөгжим болон үлээвэр хөгжим гэсэн хоёр хувилбараар сонсдог байв. Тухайн үед хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлэхээр тогтсон ба төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай “Боршувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэдэг нэр авчээ. Төрийн дуулал сонгох шүүгч нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын төр, засгийн удирдагчид байжээ.
Нэлээд олон бүтээл сонссоны эцэст маршал: “Тэр боршувуу, хэрээ хоёрынх зүгээр юм” гэж хэлсэн тухай аман яриа байдаг. Ингээд Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм гэсэн санаа гарчээ. Үүний дараа Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж нар уулзан, тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд шалгуулсан тухай Л.Мөрдорж гуай дурсан ярьсан байдаг. Тэдний хамтын бүтээлийг симфони найрал хөгжимтэй тоглоход Б.Дамдинсүрэн удирдаж, үлээвэр найрал хөгжмийг Г.Бирваа дохисон түүхтэй. Ийнхүү Улс төрийн товчооныхон Төрийн дууллын аяыг сонгосноор тэр үед ЗХУ-д сурч байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд үгийг бичих үүрэг өгчээ.
Цэндийн Дамдинсүрэн гуай сүлд дууллыг бичих болсон дурсамжаа ийнхүү өгүүлсэн байдаг. “…Улаанбаатарт байхдаа нэг шүлэг бичсэн. Тэгэхэд Ленинградад диссертаци бичих гээд “Гэсэр”-ийг судалж байлаа. Гэтэл Москвагаас дуудлаа. Очтол “Сүлд дууны үг бич” гэв. В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг заавал оруул гэдэг юм байна. Энэ нэрнүүд нь шүлгэнд орж өгдөггүй. Тэр үед Цэгмид Москвад сурч байсан, надад бас тусалсан. Москвад би нэг байранд нэг сарын хугацаатай сууваа… Портвейн, ценандал архи, ногоон вандуй хоёр лаазыг авчихлаа. Улаанбаатараас Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар надтай утсаар ярина. Би бичсэнээ уншина. Тэр үг нь болно, тэр нь болохгүй гэнэ. Яриад л байна. Утсаар ярьсан зардлыг Зөвлөлтөд суугаа элчин хариуцна. Тэгэхэд Маршал их болгоомжилдог байлаа. “Сергей Михалков, Исаковский хоёртой уулзаж зөвлөлгөө ав” гэлээ. Тэд уншаад их сайн шүлэг болжээ гэлээ. Энэ тухайгаа маршалд дуулгалаа. Гэтэл тэр хоёрынхоо “болжээ” гэсэн гарын үсэгтэй хариуг бичгээр ирүүл гэв ээ. Нөгөө хоёр дээрээ очсон чинь “Бид хоёроор яах гээд байгаа юм” гэлээ. Учрыг нь хэллээ. Тэд ч дор нь зөвшөөрч, хариу өгдөг юм байна. Улс төр, уран сайхныхаа талаас сайн боллоо гэлцэж байсан. Тэгээд “Төрийн сүлд дуулал” гээд гурван жил дууллаа. Гэтэл нөгөө “Халх монгол”-ын асуудал дахин гарч ирэв ээ. Одоогийн энэ шинэ сүлд дууны үг уламжлалт зарчмаа орхиод, шинэ маягаар бичигдсэн юм шүү дээ” гэж дурсчээ. Сүлд дууллыг үгийг “1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Москва хотод бичсэн” гэж тэмдэглэжээ[5].
Ц.Дамдинсүрэн гуайн дурссан Халх Монголын “асуудал” гэдэг нь хожим улстөрийн хошин яриа болон түгжээ. Сүлд дууллын “Халх Монголын ариун голомт” гэсэн бадгийг Бямбын Ринчин гуай сонсоод, “Энэ дуулалд Цэдэнбал, бид хоёрыг оруулаагүй юм байна” гэж ёжилсон гэдэг. Ринчин гуай буриад, Цэдэнбал дөрвөд хүн юм. 
Ийнхүү 1950 оны эхээр зохиолч Ц.Дамдинсүрэн үгийг нь, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аяыг нь зохиосон “БНМАУ-ын сүлд дуулал” бүтээгджээ. Энэ дуу нь Монголын төрөөс албан ёсоор батлагдсан хоёр дахь сүлд дуулал байсан юм. “Зуун лангийн жороо луус” хааны таалал байсан бол энэ удаад БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган батлаж, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар дуулуулж заншжээ.
Зарлигт: “Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гарсан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ.
Нэг. Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан БНМАУ-ын шинэ сүлд дууллыг баталсугай.
Хоёр: БНМАУ-ын шинэ сүлд дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар дуулж хэрэглэсүгэй. БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчид гэжээ.
Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарт төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн нь төрийн бэлгэ тэмдгийг бүтээгчийг хүндээр шагнадаг уламжлалаа төрийн эрх баригчид дагасных ажээ.
1950 оны төрийн дууллыг гарснаас хойш “Тусгаар улсын төрийн дуулалд гадаад улс орон, хүний нэр орсонд” дэвшилт сэхээтнүүд таагүй хандаж байв. Ц.Дамдинсүрэн гуай Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн шугамаар орон нутагт лекц уншиж явахдаа “Төрийн дуулалдаа гадаад хүний нэр оруулсан нь буруу болсон” гэж ярьснаас санаа авч сэтгүүлч Ц.Навагчамба агсан малчдын календарь зохиохдоо шинэ төрийн дууллын сүүлийн бадгийг санаатайгаар хасч хэвлүүлсний улмаас Дундговь аймагт 27 жил бригадын тоо бүртгэгчээр цөлөгдөж, 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа л нийслэлд амьдрах эрхтэй болж байсан гашуун түүх бий. Ардчилсан хувьсгал ялсны дараа 1991 оноос 1950 оны төрийн дууллын үгийн ихэнх хэсгийг ашиглаж байсан боловч Ц.Навагчамба агсны хассан жишгээр В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг дурдсан хоёрдугаар бадгийг хууль ёсоор хассан байна.
1960 оны үндсэн хуульд тохируулж 1961 онд сүлд дууллын үгийг Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимэд нарын зохиосноор сольж байв. Улс төрийн байгуулал өөрчлөгдөж «Бүгд Найрамдах Монгол Ард Улс»-аас зүгээр «Монгол улс» нэртэй болсон 1992 оны үндсэн хууль, 1994 оны «Төрийн билэг тэмдгийн тухай хууль»-д төрийн дууллын тухай заасан нь Монгол улсын хуулинд анх удаа төрийн дууллын тухай бичсэн тохиолдол болжээ. Тус хуулинд хаана, хэзээ эгшиглүүлэх, хэрхэн хүндэтгэхийг тодорхой заасан юм. Тэр дашрамд 1961 оны үгийг 1950 оны үг рүү буцааж , хүний нэртэй хоёрдугаар бадгийг нь хасч хоёр бадаг, дахилтын хамт авчээ. Төрийн дууллын хөгжмийн найруулгыг (Монгол Үндэсний радиогоор  эгшиглэдэг) В.Руновын 1950 онд Москвагаас бичиж ирүүлсэн тэр хэвээрээ л яваа[6]. Харин Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга П.Хаянхярваа гуайн өөрчилснөөр хөгжимддөг байна.
Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай 1973 онд төрийн дууллын аяыг засчээ. Тэрээр ярихдаа. 1973  онд Өмнөд Вьетнамын Түр Засгийн газрын тэргүүн манай улсад айлчиллаа. Айлчлал амжилттай  өндөрлөж, бид онгоцны буудал дээрээс үдэж өглөө. Ёндон генерал,  Хүндэт харуулын захирагч Дашдондог, биднийг дуудаад “Та бүхэн үүргээ сайн биелүүллээхэмээн сайшаав. Тэгснээ Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга Доржпалхай, Хаянхярваа хоёр үлд гээд дуу нь өндөрслөө. “Та хоёр мэдэж байна уу. Манай улсын Төрийн дууллын хөгжим яагаад ийм намуун “доожоогүй” дуугаараад байгаа юм бэ. Дөнгөж байгуулагдаад хөл дээрээ зогсож ядаж байгаа Өмнөд Вьетнамын түр Засгийн газрын  Төрийн дууллын хөгжмийн хажууд их унхиагүй дуугаралттай байна” гэнэ. Би ”Манай Төрийн дууллын хөгжмийг Зөвлөлтийн нэртэй хөгжмийн зохиолч найруулсан. Сайн  дуугаралттай шүү дээ” гэхэд хурандаа генерал Ж.Ёндон “Би  мэдэж байна. Гэхдээ л харьцуулахад дуугаралт султай юм. Та бүхэн яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бэ” гэв. Би тэссэнгүй  илтгэлээ. “Өмнөд Вьетнамын Түр  Засгийн газрын Төрийн сүлд дууллын  хөгжмийг би найруулж өгсөн юм. Надад Элчин сайдын яамаараа дамжуулан нэлээд  муу бичлэгтэй хальс ирүүлсэн. Ихэнхийг нь өөрчилж янзалсан.  Өмнөд Вьетнамын Түр Засгийн газрын тэргүүн Элчин сайдын яамаараа дамжуулан бидэнд талархал илэрхийлсэн шүү дээ” гэв. Ёндон генерал “Айлын Төрийн  дууллын найруулгыг янзалж өгөөд, өөрийнхөө улсын Төрийн дууллыг өөрчилж, сайжруулж яагаад болдоггүй юм бэ. Та бүхэнд 14 хоногийн хугацаа өглөө. Хөгжмийн найруулгыг нь засч сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ Б.Дамдинсүрэн,  С.Гончигсумлаа багш, Л.Мөрдорж, Бадарч, Г.Бирваа зэрэг хөгжмийн мундагчуудтай хамтар” гээд тушаал буулгасан. Гэтэл нөгөө томчууд маань лдох юм биш. Б.Дамдинсүрэнтэй уулзах гэсэн тарваганд явдаг  цаг гээд алга болсон.  С.Гончигсумлаа багш орос эхнэртэй тул хадмындаа очихоор Москва явчихаж. Л.Мөрдоржийн сураг Улаанбаатарт гараад байхаас олдож өгдөггүй. Бадарч багш, Г.Бирваа багш хоёрт хэлсэн чинь “Ээ базарваань, Үндсэн хуулийн асуудал. Бид гар хүрэх эрхгүй” гээд ойртуулах юм биш. Шаварт унасан шарын эзэн гэгчээр өөрөө сууж найруулахаас аргагүй. Харин миний өмнө Албаны дарга байсан Цэрэнпил гуайд хэлтэл, уриалгахан хүлээж авсан. “Найруулж, янзлах цаг болсон. Би чамд хоёр гурван зөвлөгөө өгнө” гэнэ. Сайхан ч зөвлөгөө өгсөн. Орос хүнийх бол олон улсын жишгээр хийсэн найруулга. Ингэж л найруулга хийсэн түүх бий.[7] Хөгжим сайн ойлгодог, мэргэжлийн хүн ажиглавал ЗХУ-ын хөгжмийн зохиолчийнх жирийн сайхан, миний сүүлд найруулга хийсэн нь арай л баялаг дуугаралттай. Төрийн сүлд дууллын хөгжмийг найруулж, өөрчлөлт оруулсныг хоёрхон хүн л анзаарсан байж билээ. 1973 онд С.Гончигсумлаа багш “Цэргийн хөгжмийнхөн Төрийн дууллын найруулгыг арай өөрөөр дуугаргаад байна. Хэн ингэж янзлав. Илүү сайжруулж болох юм шүү”,  Д.Лувсаншарав гуай “Цэргийн хөгжмийнхөн Төрийн дууллын хөгжмийн найруулгад өөрчлөлт оруулж”, харин генерал Ж.Ёндон “Хаянхярваагийнх арай дээр дуугаралттай юм” гэсэн.[8]
2006 онд Их Монгол улсын 800 жилийн ойг угтан зургаан буурал зохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон засчээ.




[1] http://tashuur.mn/?p=530
[2] http://tashuur.mn/?p=530
[3] Монгол төрийн үүсэл, ёс ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, уламжлал. Эрхэлсэн Ц.Гантулга, Г.Бямбасүрэн. УБ., 2011. т. 224
[4] Далбаа, дуулал, соёмбо, нийслэл. 1986. 
[6] http://times.mn/post/32358   П.Хаянхярваа гуайн таймс цахим сайтад өгсөн ярилцлагаас
[7] http://times.mn/post/32358   
[8] http://times.mn/post/32358   

No comments:

Post a Comment