Menu

Thursday, October 19, 2023

Монголчууд түргэн тусламжтай танилцсан нь




Монголд түргэн тусламж ардын эрүүлийг хамгаалах байгууллагатай зэрэгцэн бий болсон. Гэтэл иргэд ерөөс эмнэлэгт үзүүлэхдээ түргэн дууддаг гэж ойлгоод хүндрэл учруулсан байдаг. 1934 он гэхэд 95% нь шаардлагагүй түргэний дуудлага өгөөд байжээ. Их эмч цөөхөн, машин тэрэг олдоц муутай үед энэ нь эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байж. Ингээд Намын хурлаар хэлэлцэж бүх шатны захиргааны байгууллагуудаар дамжуулан онц хүнд өвчтэй хүн л түргэн дуудна гэдгийг ойлгуулах кампанит ажил зохиосон гэдэг.  

Saturday, June 3, 2023

Хэнтий аймгаар хийсэн ЭМНА оюутны орон нутгийн дадлагын тэмдэглэл. 2019.06.17-23

 2019.06.17. Хэнтий, Цэнхэрмандал сум, Цэнхэрийн голын эрэг. Өглөө 05:00 цагт босч сургууль оров. Хүүхдүүд цуварч ирээд автуусандаа ачаагаа ачаад 07:30 цагаас сургуулиас хөдөллөө. Хүүхдүүд өмнөх өдөр нь ангидаа ачаа бараагаа бэлтгэж тавиад явсан юм. Өглөө ирэхдээ ойр зуурын зүйл, чемоданаа бариад ирцгээв. Эрт хөдөлсөн учир нь энэ үеэр налайхын замыг хааж зам тавих ажил явж байсан учир Төв аймгаар тойрч явахаар байсан юм. Энэ өдөр төлөвлөгөө ёсоор Баян-Адарга орж хонох ёстой байсан боловч Багануур хүрэлгүй 2 удаа дугуй хагарч саатсан учраас дугуйгаа зассаар 16:00 цагаас Багануураас хөдөлж, 18:00 цагт Цэнхэрийн голын захад ирж буулаа. Цэцэгт талаа ундаалсан цэнхэрийн гол тасарч хуурай сайр үлджээ. Эндээ хоноглохоор болов. Маргааш нь 200 км шороон замаар явах шаардлагатай болсон учир хүүхдүүдээ эрт буудаллуулж амраагаад өглөө эрт хөдлөхөөр төлөвлөв. Гэхдээ оройдоо багтааж хүүхдүүдэд хэлэх зүйл бол

Saturday, August 13, 2022

 "БҮРЭН ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ТУСГААР ТОГТНОЛ" номын онцлох цохолборууд

1921-1924 оны хоорондох Монголын статус нь өөр хоорондоо зөрчилдсөн хоёр дипломат баримт бичиг болох Монгол Оросын 1921 оны хэлэлцээр, Хятад Оросын 1924 оны хэлэлцээр зэргээр тодорхойлогджээ. 

Зөвлөлт Оросын Засгийн Газар нь эхнээсээ Хятадын сюзернитетийн дор Монголын автономийг сэргээх байр суурьтай байсан, энэ нь Хятадтай мөргөлдөх аюулаас зайлсхийх зорилготой нь холбоотой байв. 

Хятадын тал түүх давтагддаг гэсэн томьёоллыг Монголын хувьд олонтоо хэрэглэж байсныг мартах учиргүй.

Thursday, February 10, 2022

Эрдэнэтийн уурхайн үр өгөөжийг хэн хүртсэн бэ ?

 Монгол улс геологийн хайгуул, судалгааны ажлыг социализмын үед /1940-1990 он/ ихээхэн явуулсан бөгөөд энэ нь 1990 оноос эхтэй социализмын дараах ардчилсан Монгол улсын хувийн уул уурхайн огцом өсөлтийн гол үндэс суурь болсон юм.

БНМАУ нь ЗХУ-ын геологичидтой хамтран 1939 оноос эхлэн геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлыг далайцтай явуулах болжээ. 1962-1990 онуудад Монгол улс Герман, Чехословак улсуудтай хамтран Сентерра гоулдын олборлож дууссан Бороогийн алтны орд, Хятад Монголын хамтарсан Цайрт минерал компанийн олборлосон Төмөртэйн цайрын орд, Хятад Монголын хамтарсан Чинхуа МАК компанийн олборлож буй Нарийн сухайтын нүүрсний орд, Рио Тинтогийн ашиглаж буй Оюу толгойн зэсийн орд, Орос Монголын хамтарсан Эрдэнэтийн зэсийн уурхай зэрэг олон ашигт малтмалын хайгуул судалгаа хийжээ.

Эдгээр ашигт малтмалын ордын тухай мэдээлэл 1990 он хүртэл Улсын геологийн мэдээллийн санд хадгалагдаж байгаад ардчилсан хувьсгалын үеэр хөрөнгө оруулагчид, хувь хүмүүст шилжсэн байна.

1970 аад онд геологийн хайгуул эрс нэмэгдэж, уул уурхай, геологийн яамыг 1976 онд байгуулж Улсын Геологийн төв лабораторийг тус яаманд шилжүүлсэн байна. 1980 – аад оны эцэс гэхэд Монгол улс 7000 гаруй ашигт малтмалын илэрц нээн илрүүлж 800 гаруй ордны нөөцийг тодорхойлсон байв. Гэвч 1960-1990 оны хооронд геологийн хайгуулын олон материалыг зөвлөлтийн геологичид тус улсаас гадагш гаргажээ.

Эрдэнэтийн уурхайн жишээ.

ОХУ Эрдэнэтийн өөрийн эзэмшлийн хувийг зарж хоёр талт гэрээнээс гарсны дараа ОХУ Эрдэнэт үйлдвэрийн аудитын мэдээ тайлан, 2 талт гэрээг Оросын олон нийтэд ил болгосноор Эрдэнэт үйлдвэрийн талаар судлах боломжтой болжээ. Монгол улсын төрийн зүгээс Эрдэнэтийн талаарх мэдээллийг төрийн нууц, 2 талт гэрээ, бизнесийн өрсөлдөөн гэх зэргээр хаацайлан далдлах замаар төрийн монополь эрхийг хадгалж байв.

Эрдэнэт үйлдвэр нь зэс молбидений хүдэр олборлож, олборлосон хүдрээ 35 хүртэлх хувийн агууламжтай баяжмал болгон угааж экспортлодог уурхай юм. Улаанбаатараас 330, ЗХУ-ын хилээс 140 км зайтай. Эрдэнэтийн уурхайн суурийг 1974-1978 онд бүтээн байгуулалт хийж нэмэлт дэд бүтцийг 1989 он хүртэл цувруулан барьсан. Анх жилдээ 4 сая баяжмал олборлох хүчин чадалтай байсан бол 2018 он гэхэд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ.

1974 онд уул уурхайн бүх хүдэрт агуулагдах цэвэр зэсийн нөөц 4.7 сая тонн гэж тооцож 40 жил буюу 1978-2018 он хүртэл олборлоно гэж тооцож байсан бол нэмэлт хайгуул судалгаагаар нөөцийг нэмэгдүүлж, агууламж бага нөөцийг нэмэх болсноор 1991 онд 7.1 сая тонн, 2002-2004 онд бүх нөөцийг 9 сая тонн гэж үзэх болжээ. 2019 онд Эрдэнэт үйлдвэрийг 2080 он хүртэл ашиглах дахиад 60 жилийн нөөцтэй гэж үзсэн боловч цэвэр зэсийн нөөцийг зарлаагүй байна.

Эрдэнэтийн анхны гэрээг 2 жил судалж хэлэлцээр хийсний эцэст гэрээ 1973 онд батлагдсан байна. 1971-1972 онд ТЭЗҮ боловсруулж уурхай болон зэс хайлуулах үйлдвэрийг цогцолбороор барихаар зорьж байв. 1972 оны ТЭЗҮ-гээр цогцолбор барих зардлыг 1.1 тэрбум рублиэр тооцжээ. Монгол улс ЗХУ-аас уг цогцолборыг барих зээл хүссэн байна. ЗХУ-аас 596 сая рублийг дараах хатуу нөхцөлтэйгөөр өгөхийг зөвшөөрсөн байна. Үүнд, нэгд, зэс хайлуулах үйлдвэр бүхий цогцолбор барилгүйгээр зөвхөн зэсийн баяжмал угаах баяжуулах үйлдвэр барих. Хоёрт, зэсийн баяжмалыг түүхийгээр нь ЗХУ-ын Сибирийн зэс хайлуулах үйлдвэрт ЗХУ-ын тогтоосон үнээр экспортлох нөхцөл тавьжээ.

Монголын Засгийн Газар уг саналаа зүүн Герман болон Чехословак улсад тавьсан боловч Оросын шахалтаар тэдгээр улс зөвшөөрөөгүй байна. Капиталист орнуудад санал тавих нь улс төрийн хувьд хаалттай боломжгүй байсан юм. Мөн ЗХУ-ын энэ саналыг Монголын ЗГ-аас зөвшөөрсөн бөгөөд энэ шийдвэрийг гаргахад Ю.Цэдэнбалын үүрэг их байжээ.

Зэсийн хайлуулах үйлдвэртэй нь хамт барихыг ЗХУ-аас эрс эсэргүүцэж байсан бөгөөд түүхий эдийг хямд тогтоосон үнээр авч Сибирийн хайлуулах үйлдвэрүүдийг хангах эрх ашиг явж байв. Учир нь 1973 оны 9 дүгээр сарын 11-нд Чилид АНУ-ын оролцоотойгоор арми болон цагдаагийнхны хамтарсан төрийн эргэлт гарч ерөнхийлөгч Сальвадор Альенде амиа егүүтгэснээр түүний тэргүүлсэн Ардын нэгдлийн засгийн газар унажээ. Түүний дараа Чилийн төрийн эрхэнд генерал Аугусто Пиночет гарч ирснээр социалист орнуудтай харилцаагаа таслав. Чили нь зэсийн арвин нөөцтэй бөгөөд тус улсаас социалист орнуудад зэс нийлүүлэх гэрээ хүчингүй болж ЗХУ тэргүүтэй орнууд цэрэг, аж үйлдвэрийн чухал түүхий эдийн дутагдалд оров. Энэ үед Социалист орнуудын хүрээнд зэсийн нөөц бүхий гурван газар байлаа. Эхнийх нь Оросын Удокан, удаах нь Афганистаны Кандагарын орд, гурав дахь нь Монголын эрдэнэт. Удоканы орд нь шохойн чулууны агууламж ихтэй, мөн газарзүйн хувьд өвөлдөө их цас унадаг учраас ашиглахад хүндрэлтэй байв. Кандагарын ордыг ашиглахыг талибанчууд эсэргүүцэж байсан учир ашиглах боломжтой нь Бүгд найрамдах Чехсловак улсын геологичдын нээгээд байсан Эрдэнэтийн зэсийн орд болов. Эрдэнэтийн зэсийн ордыг яаралтай ашиглахын тулд ЗХУ-ын төрийн тэргүүн Лионид Ильич Брежнев Ю.Цэдэнбалтай тусгайлан уулзаж зөвшөөрүүлжээ. Ийнхүү ЗХУ Эрдэнэтийн бүх бүтээн байгуулалтыг хийхээр болж ЗХУ-ын 32 байгууллагаас зураг төслийг нь хийж ажлыг эхлүүлжээ. Ийнхүү олон улсын эгзэгтэй түүхэн нөхцөл байдал бүрдсэнээр Монголд тухайн үедээ хамгийн том зэсийн баяжуулах үйлдвэр баригдсан түүхтэй.

Эрдэнэт үйлдвэр нь уурхайн удирдлагыг ЗХУ-ын талд төвлөрүүлсэн, үр өгөөжийг тэгш бус хуваарилсан үйлдвэр болсон юм. Монголын талаас үүнд сэтгэл дундуур байж сайжруулах санал удаа дараа тавьж байсан боловч үндсэндээ 2003 оныг хүртэл энэ хэвээрээ байсан юм. Эрдэнэтийн уурхай нь жил бүр 30-40 сая төгрөгийн татаас төсвөөс авах замаар үйл ажиллагаа явуулж байв. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр нь 1 тонн баяжмал үйлдвэрлэх зардалд 489 рубль зарцуулаад түүнийгээ ЗХУ-д 375 рублиэр зарж нэг тонн тутмаас 114 рублийн алдагдал хүлээж байв. 1978 оны 12 сарын 14-нд ашиглалтад орсноос хойш 1984 оны 7 сар хүртэл 932 сая төгрөгийн алдагдлыг Монголын тал дангаараа төлсөн бөгөөд тэр нь үйлдвэрийг байгуулахад ЗХУ-аас авсан зээлийн хэмжээтэй тэнцдэг.

1980 онд МУ-ын ЗГ болон Цэдэнбал ЗХУ-ын төлөвлөгөөний төв комиссын дарга Н.К.Байбаковтой уулзаж Монгол улс өөрт ноогдох зэсийн баяжмалын 10%-ийг өөр улсад экспортлох зөвшөөрөл хүсэж зөвшөөрөл авчээ.

1988 оны Монгол дахь эдийн засгийн шинэчлэлийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн асуудал сөхөгдөж эсэргүүцэл эрчимжиж эрдэнэтийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгохыг шаардаж байв. Мөн уул уурхайн мэргэжилтнүүд 1988 оны газрын хэвлийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын татвар, газар, ус ашигласан татвар зэрэг бүх татварыг төлөхийг шаардаж байв. Мөн геологи, ашигт малтмалын холбоод байгуулагдаж Эрдэнэт үйлдвэрийн монголын төлөөлөгчдийн Монголын ашиг сонирхлын төлөө ажиллахыг шаардаж байв.

Монгол улсын ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1991 оны 1 сард ЗХУ-д очиж хэлэлцээр хийсний дагуу 1991 оны 7 сарын 1-нд хоёр тал Эрдэнэт уурхайн хоёр дахь гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээгээр Монголын хувийг 51 болгож баталгаажуулах зэргээр дэвшил авчирсан байна. Уг гэрээгээр анх удаа Эрдэнэт үйлдвэрийн монголын тал хянах эрхтэй болж хэд хэдэн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн байна. Үүнд,

1.     Хамтарсан уурхайн түүхэнд анх удаа Монголд ноогдох 51 хувийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр гадаадын хөрвөх валютаар худалдах эрхийг баталгаажуулсан.

2.     Гэрээний хавсралтаар 1979-1990 оны хооронд худалдан борлуулсан бүтээгдэхүүний 8%-иар ашигт малтмалын төлбөр тооцож авах. 1991 оноос 6%-иар тооцох эрхийг баталгаажуулсан.

3.     Урьд нь огт төлдөггүй байсан усны болон газар ашигласны төлбөр ноогдуулах эрхийг Монгол улс баталгаажуулж, Монгол болон Зөвлөлтийн тал 1979-1990 оны төлбөрт 7.9 сая рублийн нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Эрдэнэтийн уурхай өөрийн ашиглаж буй 5859 га газарт газрын төлбөр төлөхөөр тохирсон.

4.     Хоёр тал 1991 оны компанийн орлогын татварыг 30%-иар бодож Монгол улсад төлөх, цаашид орлогын татварыг тусгайлсан гэрээгээр зохицуулахаар тохирсон.

5.     Монгол болон зөвлөлтийн ажилчидтай ижил тэнцүү хэмжээнд харьцах, үнэлэх, зөвлөлтийн ажилчдад зөвхөн шилжин суух, амьжиргааны нэмэлт зардлыг олгохоор тохирсон байна. Гэвч эдгээр бүх зардлыг Монголын өрөнд суутган тооцохоор болжээ.

Энэхүү 2 дахь гэрээний амжилт нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангаж боломжийн шударга цалин олгох явдал байв. Өмнөх жилүүдэд ихэнх ажлын байрыг асар өндөр үнэтэй гаднын ажилчдаар хангаж байсан юм. Эрдэнэт үйлдвэр анх нээгдэх 1978 онд 3000 ажилчны 5%-ийг Монгол, 95%-ийг  орос ажилчид эзэлж байсан бол 1991 он гэхэд Монгол 60%, зөвлөлт 40%, 2001 он гэхэд 84:16 –гийн харьцаатай болсон. 2018 он гэхэд нийт ажилчны 95% нь монголчууд болжээ.

1992 оноос өмнө Монгол, орос ажилчны цалингийн зөрүү асар их байв. Монгол улс зөвлөлтийн мэргэжилтнүүдэд өдрийн 300 америк доллартой тэнцэх цалин олгож байв. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн Монголд ажиллаж байхдаа авдаг томилолтын зардал, тээврийн зардлыг 50%-иар бууруулах тухай ярьсаар ирсэн боловч зөвлөлтөд ажиллаж байсан цалингийнхаа 60%-ийн нэмэгдлийг үргэлжлүүлэн авсаар байв. Энэ нь ижил хийж байгаа Монгол ажилчдынхаас 10 дахин өндөр байжээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл 1973 онд байгуулсан Эрдэнэт уурхайн анхны гэрээ дэндүү шударга бус байжээ. Хоёр дахь гэрээ 2002 оны 12 сарын 31 хүртэл хүчинтэй байв. 1998 онд ардчилсан намын байгуулсан Засгийн Газар Эрдэнэтийн уурхайн Монголын талын өмчлөх эрхийг хувьчлах гэснийхээ төлөө огцорч байв. Дараагийн Засгийн Газар Оросын талын хувийг хувьчлах асуудлыг дэмжсэнийхээ төлөө огцров.

Эрдэнэтийг хяналтдаа авах улс төрийн тэмцлийн нөлөөгөөр уурхайн ерөнхий захирлуудыг 1998, 2000 онд тус тус чөлөөлсөн юм. 2002 он гэхэд Эрдэнэт бүх баяжмалынхаа 80-90%-ийг Хятадад экспортлох болов. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд нэгдэж Эрдэнэтийн хувийг Монгол болон Орост хувьчлахаар шаргуу оролдож, эрдэнэт уурхайд нийлүүлэх бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс асар өндөр үнээр нийлүүлж ашиг олох болжээ.  Эрдэнэтийн уурхайн Оросын талын өмчлөх хувийг Зарубежцветмент хууль бусаар хувьчилж авсан хэргийг 5 жил шүүхдэж байж ОХУ-ын ЗГ 2002 оны 12 сарын 10-нд эргүүлэн авсан байна.

Орост болсон шүүх хурлаас шалтгаалан Эрдэнэтийн уурхайн талаарх 2 талын гурав дахь гэрээ хойшлон байж 2003 онд байгуулав. Оросын зүгээс Монголын их өрийг 2003 онд өршөөл үзүүлэхдээ Эрдэнэтийн өрийг хамруулан тооцсон юм. Эрдэнэтийн 3 дахь гэрээгээр дараах зүйлүүдийг тусгажээ. Үүнд,

1.     Эрдэнэт үйлдвэрийг 1999 оны компанийн тухай хууль, 1993 оны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар ХХК болгож зохион байгуулав.

2.     Бүх татвар, ашигт малтмалын татварыг үйлдвэрлэлийн зардалд тусгах бөгөөд эдгээр татварын хэмжээг Монгол улсын хууль журмыг баримтлан дагах болжээ. 2003 оноос өмнө ашигт малтмалын татварыг өрөндөө суутгуулан тооцож байсан бол 2003 онд бүх өрийг шийдвэрлэсэн учраас Эрдэнэтийн уурхай Монгол улсын талд ашигтай ажиллах болсон юм.

3.     Оросын мэргэжилтнүүдтэй холбоотой тусгай хангамж, цалин мөнгөний заалтуудыг үгүй болгожээ. Оронд нь Монгол улсын хууль журмын дагуу дүрмийг баталжээ.

4.     Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Оросын талууд компанийн удирдах зөвлөлийн гишүүдийг шууд томилон ажиллуулах болжээ.

Харин эдүгээ олон улс төрчид Эрдэнэт үйлдвэрт зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр бараа нийлүүлж ашиг олох болсон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайлан хаалттай хэвээр байна. Сонгуулийн өмнө эсвэл Эрдэнэт үйлдвэрийн сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн тухай хэвлэлээр шуугьж, дараа нь бүгд алга болдог улс төр, намуудын сонирхлын бүлгүүд өөрсдийн хүнийг Эрдэнэт гэх “саалийн үнээ”-ний захирлаар томилуулахаар тэмцэлддэг. 1991 оноос хойш нам дамжсан олигархи гэгдэх сонирхлын бүлгүүд хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг ч, өөрсдийн шахааны бизнесийг олон нийтээс нуух тал дээр бүгд хамтран ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн холбоо хамаарал бүхий сонирхлын бүлгүүдийн нэгэнд зээлийн баталгааг удирдах зөвлөл болон, хувь эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр олгосон явдал юм. Үр дүнд нь Худалдааны шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр 51 сая долларын өрөнд орж зуучлагчаар дамжуулан хэлэлцсэнээр 40 сая ам долларыг 2019 онд төлж хохирчээ. Иймэрхүү авилгажсан үйл ажиллагааны хөрс нь Эрдэнэт үйлдвэрийн хаалттай байдал, үйл ажиллагааны зардал, худалдан авалт, татвар төлөлт худалдаа үйлчилгээний гэрээ контрактын нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэдэггүй, мэдээлдэггүй байдал юм.

ОХУ Эрдэнэт болон Монголросцветмет үйлдвэрийн өмчилж байсан 49 хувийг худалдах шийдвэр гаргахад МУ-ын ЗГ худалдаж авах хөрөнгө байхгүй шалтгаанаар Монголын талын худалдаж авах давуу эрхээ ХХБ-наас улбаатай Монголын зэс корпораци гэх хувийн компанид шилжүүлжээ. АН-ын Засгийн Газар уг шийдвэрийг 2016 оны 6 сарын 29-нд УИХ-ын сонгуулийн өмнө нууцаар гаргажээ. 49% -ийг худалдаж авах хувь болох 400 сая ам долларыг Оросын Ростек төрийн өмчийн корпорацид сонгуулийн өдөр шилжүүлсэн байна. Сонгуулиар ардчилсан нам ялагдаж дээрх хувийг компани Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан эсэхийг шалгах ажлын хэсэг томилон ажиллуулахад уг компани төлбөрийнхөө 72 хувийг МУ-ын ЗГ-аас зээлсэн гэж ажлын хэсэг дүгнэжээ. Үүнийг дагалдан зуу зуун сэжиг таамаг гарч сошиалаар шуугьж байснаа гэнэт алга болов.

2017 оны 2 сарын 10-ны 23 дугаар тогтоолоор дээрх 49 хувийг төрийн өмчид авах шийдвэр гарч улмаар МСС компанийн гомдлыг хэлэлцээд захиргааны шүүхээр МСС-ийн талд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр УИХ-ын талд гарчээ. УИХ, ЗГ, ерөнхийлөгч хүчээ нэгтгэж шүүхийн хараат бус байдлын тухай хуулийг өөрчлөх, шүүхийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх эрхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгож, зарим нэг шүүгчийг чөлөөлснөөр энэ байдал шийдэгдэв. Эцэст нь ҮАБЗ-өөс Эрдэнэт үйлдвэр дээр онцгой байдал зарлах зөвлөмж өгч түүнийг Засгийн Газар 2019 оны 3 сарын 5-нд хэрэгжүүлж одоог хүртэл (2021.01 сар) хэрэгжиж байна.

Эрдэнэтийн үйлдвэрийг өмчлөх сонирхолтой намын дэмжлэг бүхий уул уурхайн оролцогч талууд сонирхлын бүлгүүдийн хоорондын тэмцэл одоог хүртэл ил далд үргэлжилсээр байна. Эрдэнэт үйлдвэр экспортоо нэмэгдүүлээгүй, зэсийн үнэ их савлагаатай байсан жилүүдэд буюу 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байсан бол 2019 онд 936 тэрбум төгрөгийг тушаажээ. Энэ их мөнгөний зөрүү дээрх сонирхлын бүлгүүдийн авлига, мөнгө угаах үйл ажиллагаагаар гулгуулж, завшиж байсан мөнгөний хэмжээг хэлээд байна уу.


Эх сурвалж: И.Бямбабаатар. Социализмын үеэс өнөөг хүртэлх Монгол улсын уул уурхайн бодлого, ашигт малтмалын мөчлөгийн талаарх маргаантай асуудлууд. Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө. Улаанбаатар. 2021. тал. 41-62



 

Tuesday, September 7, 2021

БНМАУ-ЫН АРДЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ГАЗРЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА (1925-1930)

 

        Монголын ардын эрүүлийг хамгаалах салбарын түүхийн судалгаа 1990-ээд оноос зогсонги болж түүх судлалын шинэчлэлээс хоцрох хандлагатай байна. Иймд уг судалгааг үргэлжлүүлж урагш ахиулах зорилгоор Дотоод явдлын яамны харьяа Ардын эрүүлийг хамгаалах газрын бүтэц, үйл ажиллагааг тусгайлан авч үзлээ.

1921 оны VIII сарын 15-нд хуралдсан Бүх цэргийн зөвлөлийн тавдугаар хурал Цэргийн эмнэлгийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, энэхүү эмчлэх хороонд Зөвлөлт Оросын ба Монгол ардын Засгийн газрын бүх цэргүүд, энгийн хүмүүст нэгэн адил тусламж үзүүлэх, аливаа хүн бүхнийг үнэгүйгээр эмчилж байхаар тогтоожээ. Бүх цэргийн зөвлөлийн тогтоосны дагуу Цэргийн яам элдэв өвчинтэй хүмүүсийг эмчлэх хороо байгуулах тухай саналаа Засгийн газрын хуралд оруулсан байна. Засгийн газар 1921 оны VIII сарын 21-ний өдрийн арван хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэж зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд гагцхүү “Улсын санхүү арвижаагүй, зардлыг хаанаас гаргах нь тодорхойгүй учир эрхлэх яамнаас дахин боловсруулан тодорхойлж хэлэлцүүлэх”[1] шийдвэр гаргажээ. Үүнээс үзэхэд, Бүх цэргийн зөвлөлийн Цэргийн эмнэлгийн хороо байгуулах тогтоол гарсан өдрөөр тус хороог байгуулагдсан[2] хэмээн үзэж ирснийг нягтлууштай байна. Гэхдээ Бүх цэргийн зөвлөл Цэргийн эмнэлгийн хороог цэрэг ба энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх чиг үүрэгтэй ажиллуулахаар тогтоосон тул ардын эрүүлийг хамгаалах салбарын үүсэлд уг тогтоол чухал холбогдолтой юм. 

Эрүүлийг хамгаалах яамны байнга хадгалагдах баримтын дансны хөмрөг үүсгэгчийн түүхэнд дурдсанаар 1923 онд Цэрэг ардыг эмчлэх хорооны түшмэлээр Д.Лосол томилогдсон байна. Тус хороо нь анхандаа Козины байрлаж байсан модон байшинд байрлаж, том жижиг гурван эсгий гэр, өвчтөн зөөх хоёр морин тэрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ.[3] Уг хорооны үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1923 оны VII сард хуралдсан МАН-ын II их хуралд “Эн тэргүүнд цэрэг, ардыг эмчлэх хэрэг нэн чухал учир тусгайлан эмчийн хороо байгуулан монгол, орос эмч нарыг сонгон хэрэглэж, Нийслэлд дайчлан ирүүлсэн цэрэг, ардуудын элдэв зүйлийн өвчин тахлыг эмчлүүлэн, их зэрэг сувилах өвчнийг тариулан нэгэнтэйгүүр хязгаарын олон цэргийн хороодын газраа тусгай эмч нарыг анги хуваан томилон илгээж, харьяат олон цэрэг ардуудыг нэгэн адил эмчлэн тариулж буй”-г илтгэсэн байна.

Ийнхүү Цэргийн эмнэлэг нь анх зөвхөн цэргүүдийн дунд байгаа элдэв өвчнийг эмчлэх ажил эрхэлж байсан[4] боловч ард олны зүгээс цэргийн эмнэлгийн хороонд хандаж үзүүлэх явдал багагүй гарч байсныг харгалзан энгийн иргэдэд нэгэн адил үйлчлэх болсон байна.

1.Ардын эрүүлийг хамгаалах газар байгуулагдсан нь. БНМАУ-ын анхдугаар их хуралд тавьсан Цэргийн яамны илтгэлд дурдсанаар 1924 онд Цэргийн эмнэлгээр нийт 25605 хүн эмчлүүлжээ.[5] Цэргийн эмнэлэгт энгийн иргэд үзүүлж, эмчлүүлэх явдал их байгааг харгалзаж, тус их хурал ардын эрүүлийг хамгаалах явдлыг цэргийн захиргаанаас Дотоод явдлын яаманд шилжүүлэн өгч, Ардын эрүүлийг хамгаалах газрыг байгуулахаар тогтоожээ. Эл тогтоол ёсоор Улсын анхдугаар бага хурлаас Цэргийн явдлын яам, МАХН, Залуучуудын Төв Хороо, Судар бичгийн хүрээлэнгээс тус бүр нэжгээд төлөөлөгч гарган комисс байгуулж Эрүүлийг хамгаалах газрын төв болон салбар газруудын орон тоо, төсөв зэргийг тодорхойлохоор болсон байна.[6]

Тус комисс 1925 оны VII сарын 1-ний өдөр Эрүүлийг хамгаалах газрыг нээн байгуулж даргаар түшмэл Балданцэрэн, их эмчид Солобеба, орчуулагчид харьяат яамны зөвлөх түшмэл Эрдэнэ, туслах орчуулагчаар Сандагдоржийг томилжээ. Мөн тус газрын харьяанд Улаанбаатар хотын больниц, амбулаторын газар, орон нутаг дахь Түвэд эмнэлгийн 5 салбарыг байгуулсан байна. Мөн тэдгээрийн орон тоо, төсөв зэргийг тооцон гаргаж Засгийн газраар батлуулжээ. Дотоод яамны харьяанд Ардын эрүүлийг хамгаалах бүх явдлыг гүйцэтгэх ерөнхий газар байгуулсан нь тухайн үеийн ард олны эрүүл мэндийн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан төр засгийн зөв зүйтэй шийдвэр байв.

Шинээр байгуулагдсан Эрүүлийг хамгаалах газрын бүтэц, үйл ажиллагааг жигдрүүлж, ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч, 1926 оны V сарын 1-нд хуралдсан Засгийн газрын 20-р хурлаас Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрмийг 4 бүлэг, 22 зүйлтэйгээр батлав.

Дүрмийн тэргүүн бүлэг “Нийтийн товчоо”-нд Ардын эрүүлийг хамгаалах бүх явдлыг гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож өгчээ. Дүрмээр Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрыг Дотоод явдлын яаманд харьяалуулсан ба олон хот, хөдөө аймгуудад нээн ажиллуулах ардыг эмчлэх газруудыг тус газрын салбар байхаар тогтоосон байна. Мөн Ардын эрүүлийг хамгаалах газар, түүний салбаруудын албан хаагчдын орон тоо, төсвийг Дотоод явдлын яам эрхлэн тогтоож, Засгийн газраар батлуулан гүйцэтгэж байхыг заажээ. 

Эрүүлийг хамгаалах ерөнхий газрын даргыг Дотоод явдлын яамнаас сонгох, огцруулах явдлыг Засгийн газар явуулан батлуулж байх ба их эмч нар, даргын туслагч, салбарын даргыг ерөнхий газрын дарга томилж, Дотоод явдлын яамнаа мэдүүлэн батлуулах, бусад албан хаагчдыг харьяат дарга нар сонгож ажиллуулахыг заажээ.

Эрүүлийг хамгаалах ерөнхий газрын дэргэд Дотоод яам, Ардыг гэгээрүүлэх яам, Судар бичгийн хүрээлэн, МАХН-ын Төв хороо, хотын захиргааны газар, цэргийн эмнэлгийн газраас тус бүр нэг төлөөлөгч, Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын дарга, сургагч их эмч багтсан зөвлөх эрхтэй комисс байгуулах, тус комисс зохих асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах, эрх хэмжээнээс хэтрэхийг Дотоод явдлын яамнаа мэдүүлэн батлуулж гүйцэтгэхээр заажээ. Энэ ёсоор 1926 оны VI сард уг комисс байгуулагдсан байна. Комиссын даргаар цэргийн эмнэлгийн дарга Д.Лосолыг, комиссын нарийн бичгийн даргаар Ардын эрүүлийг хамгаалах газрын дарга Ширчинжавыг тус тус сонгосон байна.[7]

Дүрэмд эрүүлийг хамгаалах хэрэгт зүтгэх эвлэл байгуулах явдлыг зөвшөөрч, түүнд тус газар ба орон нутгийн захиргаанаас тусламж үзүүлбэл зохино хэмээжээ.

Мөн дүрмийн тэргүүн бүлэгт Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагааны чиглэлийг тогтоож өгөв.  

Тус газарт “Ардын эрүүлийг хамгаалахад олон улсын хэрэглэж бүхий Европ эмнэлэг, жич Монголд эртний заншлыг олсон Түвэд эмнэлгийн ёсыг аль болох хослон хэрэглэх ба эмнэлгийн ажлыг удирдан хөгжүүлэхэд боловсронгуй сургагч эмч нарыг урин ажиллуулах”-ыг даалгасан байна. Үүнээс харахад, Ардын эрүүлийг хамгаалах газарт Европ эмнэлгийг хөгжүүлэхийг чиглэл болгожээ. Гэхдээ түүхэн уламжлал, нөхцөл бололцоо зэргийг харгалзан Түвэд эмчилгээний ёсыг хослуулахаар тогтоосон байна.

Бас тус газарт рашаан усыг шинжлэн тодорхойлж эмчилгээнд хэрэглүүлэх, рашаан усны эмчилгээний ажлыг нэгтгэн удирдаж сайжруулах ажлыг гүйцэтгэхийг даалгажээ.

Түүнчлэн “Европ, Түвэд эмийн худалдааны газраар худалдаалах эмийн хангамжийг хариуцах, гадаад улсын эмийн пүүсийн эм худалдаалах эрхийг хэмжээлэх, үүнд тус газар зөвшөөрөл олгох ба холбогдох дүрэм хэмжээг зохион батлуулж мөрдүүлэх”[8] ажлыг хариуцуулжээ.

Ардын эрүүлийг хамгаалах газарт Хүн ардын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс ба халдварт өвчин, яр тэмбүү зэргээс хамгаалах, сэргийлэхэд арга заавар өгөх, аливаа хот суурингийн хог буртгийг арилгуулан цэвэрлүүлэх, хүнсний зүйлийг ариун цэвэр байлгах, хортойг устгах зэрэгт ухуулах заавар зохиож зарлах, хэвлүүлэн нийтлүүлж байхыг үүрэг болгосон байна.

Тэрчлэн “аливаа өвчнийг анагаах, бие махбодийг сайжруулан улсын үндсийг бататгах төрийн бодлогыг таниулах, энэ тухайд холбогдох ном бичгийг тайлбарлан хэвлүүлж ард олонд танилцуулах, үүнийг сургагч шавь нарт зааварлан сургахад бэлтгүүлэх” ба ингэхдээ “хүний бие доройтохын учир шалтгаан, өвчнийг засах арга ухааныг Европ, Түвэд анагаах ухааны үүднээс тайлбарлаж, монгол хэл үсгээр нийтэлж байх”[9] чиглэл өгчээ.

Эрүүлийг хамгаалах газар үйл ажиллагаагаа эмхлэн цэгцлэхийн тулд хэлтэс, салаа байгуулах, орон тоо тогтоох ба дотоод үйл ажиллагаандаа мөрдөх журмыг боловсруулан мөрдөхийг хүлээлгэжээ.

Дүрмээр эмчийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эмч бэлтгэх ажил тус газрын үйл ажиллагааны нэг чиглэл болжээ. Эл ажыг Европ болон Түвэд эмнэлгийн сургууль хийлгэж, хойчийг залгамжлах шавь нарт багшлуулах, мөн зохих газруудтай хамтарч гадаад улсад эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх зэргээр гүйцэтгэхийг заажээ. Бас эмнэлэг, эмчийн хүрэлцээг хангах үүднээс “аймаг, хошуудад Түвэд ёсны өвчтөнг сувилах газруудыг аль болохоор байгуулах ба Түвэд ёсны эмч нарын эмчилгээний үр дүнг гол газрын их эмч нараар тогтоолгон зохих эмч нарт үнэмлэх бичиг олгож, жинхэнэ албаны их бага эмчийн орон тоонд татан ажиллуулахад бэлтгэх”[10] ажлыг хариуцуулжээ.  

Дүрмийн хоёрдугаар бүлэгт Ардын эрүүлийг хамгаалах газрын эрх, үүргийг ерөнхий газар, ерөнхий газрын дарга, ерөнхий газрын сургагч, Европын их эмч нар, монгол их эмч нар, мөн эрүүлийг хамгаалах салбар газар гэж ялган тогтоожээ. Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газар нь дүрмийн ёсоор явуулбал зохих элдэв хэргийг хөтлөх үүрэг гүйцэтгэх ба Засгийн газраас баталсан төсвийг хэтрүүлэлгүй өөрсдөө мэдэж шийтгэх эрх олгожээ.

Тус ерөнхий газрын дарга “дүрмээр явуулбал зохих хэргүүдийг удирдан явуулах, салбарын ажил хэргийг сайжруулах тухай саналаа дээд захиргааны газраа илтгэж батлуулах ба шинээр явуулах хэргийг хэлэлцэх зөвлөх комиссыг зарлан хуралдуулах, тус газрын ба салбар газруудын төсвийг үйлдүүлж Дотоод явдлын яаманд мэдүүлж батлуулах бөгөөд урьж ирүүлэх гадаад, дотоодын их эмч нар, даргын туслах, салбар газрын даргыг нэр зааж сонгон Дотоод явдлын яамнаа мэдүүлэх”[11] ажлыг гүйцэтгэхээр тогтоожээ.

Мөн албаны гэр, гэр больниц зэргийг батлуулсан төсвийн ёсоор байгуулах явдлыг захиран шийтгэх ба Ерөнхий газрын албан хаагчид ажил хэргийг саатуулсан, осол ташаа явсан, хоорондоо заалдсан хэрэг гарвал байцаан шийтгэх, үл чадахыг нь зохих газарт шилжүүлэх, бас байцаах түшмэл гаргаж хөдөө салбар газруудын ажил хэргийг байцаалган хянаж, осолдсон, саатуулсан, гомдон заалдсан хэргийг шийтгэн таслах эрх үүргийг оногдуулжээ. Мөн эмийн худалдааны ажлыг эрхлэн удирдахаар заасан байна.

Дүрмээс үзвэл, Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын дарга нь тус салбарын хэргийг удирдах ба ерөнхий газрын албан хаагчдын ажил хэрэг, салбар газрын үйл ажиллагааг байцаах, хянах, шийтгэх, ерөнхий газар болон салбар газруудын төсвийг үйлдүүлэх, батлуулах, их эмч, салбар газрын даргыг сонгон ажиллуулах, эмийн худалдааг удирдаж хянах, ажил хэргээ Дотоод явдлын яамны өмнө хариуцах эрх үүрэг хүлээжээ.   

Дүрэмд их эмч нарын дотроос сургагч их эмч нэгийг сонгож, Ерөнхий газарт эмнэлгийн асуудлыг хариуцсан даргаар ажиллуулахаар заажээ. Сургагч их эмч буюу Ерөнхий газрын эмнэлгийн асуудлыг хариуцсан дарга нь тус газрын аливаа хэргийг явуулахад эрхэлж, зөвлөх эрхтэй байхаар тогтоожээ. Мөн сургагч их эмч ардын эрүүл мэндтэй холбогдох дүрэм, тогтоол, зааврыг зохион гаргах [санаачлах], ардыг эмчлэх энгийн газар, олон хүн бүхий үйлдвэрийг бүртгэх, тэдгээрт ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бололцоог судлах, хүн ардын байдал [нийгмийн эрүүл ахуй] ба биеийг бузар буртаггүй боловсронгуй байлгах [арьс өнгөний болон бэлгийн замын өвчин] явдлын ерөнхийлөх [бодлого, удирдамж] ба байгуулах [арга хэмжээ]-ын тулд заавар, тогтоол гаргахыг эрхлэх, монголчуудад Европын эмчлэх ёсны эмнэлгийг сургах заах, сувилагчийн сургуулийг удирдах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, тэнхрүүлэх тухайг эрхлэх, тус улсын өвчлөл, нас баралтын бүртгэл, рашаан усны ажлыг нэгтгэн сайжруулах зэргийг удирдан хариуцах үүрэг хүлээлгэжээ.

Ардын эрүүлийг хамгаалах газрын сургагч их эмч нь эрүүл мэндийн салбарт холбогдох дүрэм, тогтоол, заавар санаачлан боловсруулах, тодорхой ажлуудаар чиглэл, удирдамж өгөх, салбарын дүн бүртгэл, судалгаа, боловсон хүчин бэлтгэх, эх нялхсын эрүүл мэнд, рашаан усны  зэрэг ажлыг удирдан ажиллах эрх, үүрэг бүхий байжээ.

Ерөнхий газрын Европын их эмч нарт “ажил хэргийн талаар санал гаргах эрх олгож, олныг хуралдуулан эрүүл мэндэд хор бүхий бузар байдлаас ангижрах тухай  лекц унших, тайлбарлан өгүүлэх, музей, цахилгаан сүүдэр үзүүлэх ажил гүйцэтгэж байх”-аар заажээ.[12] Мөн өвчтөн оношлох, эмчлэх, төрөх зэрэгт эм заслын явдлыг эрхлэн гүйцэтгэх, ингэхдээ өвчтөнөөс аль ёсны эмээр эмчлүүлэхийг асууж, саналыг дагуулан больницод шилжүүлэн хэвтүүлэх эсвэл амбулаторт эмчлэх алин болохыг их эмч нар хэлэлцэж тогтоон өвчтөнд бичиг олгоно. Өвчтөн гэрээр эмчлүүлье гэвэл эмч томилон гаргаж эмчлэхээр тогтоожээ.

Хэрэв мэс засал хийх бол өвчний нэр, мэс заслын талаар өвчтөнд хэлж, зөвшөөрвөл гарын үсэг зурсан хойно, сая мэс заслыг гүйцэтгэх, өвчтөн ухаан гүйцэд биш бол эцэг, эх ураг төрлийн зөвшөөрлийг авна, хэрэв ураг төрөлгүй бол зарга шийтгэх газар мэдүүлж байцаан шийтгүүлбэл зохихыг заажээ.

Гадаад улсад явах хүмүүс, ялтны өвчнийг магадлан үзэх зарга, сэжигтэй үхдэл, шарх үзэж шинжих хэрэг тохиолдвол эмч нарын комисс томилж байцаан үзүүлэх, эмчийн гарын үсэг зурсан бичгийг баримт болгон тогтоон шийтгүүлэхээр тогтоожээ.

Эрүүлийг хамгаалах газар Европын эмнэлгээр эмчлүүлсэн өвчтөний нутаг захиргаа, нэр, нас, өвчин, эдгэрсэн эсэх, зарцуулсан эмийн үнэ зэргийг тусгасан данс үйлдэж, хянан байцаахад бэлтгэж байхыг үүрэг болгожээ.[13]

            Монгол их эмч нар нь “аливаа өвчинг оношлох, эмчлэх тухай зааврыг Түвэд судар бичгээс орчуулах, нийтлэх, Эрүүлийг хамгаалах газрын дэргэдэх комисст зөвлөх эрхтэй оролцох, Европ ёсны эмнэлгийн эмнэлгийн байдлыг үзэж сонсгох, эмийн бодисыг шинжлэх, элдэв өвчнийг хэрхэн эмчлэх талаар харилцан тайлбарлаж танилцах үүрэгтэй.” Мөн “хөдөө салбаруудын эмч нарын ажил хэргийг шалгах, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах арга бодлого [төлөвлөгөө] зохиож зааварлах, Түвэд эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг үндсэн захиргаа, нэр, нас, өвчний онош, эдгэрсэн эсэх, хичнээн төгрөгний үнэ бүхий эм хэрэглэсэн зэргийг тодорхойлон бүртгэж, жил бүрийн орлого зарлагыг төсөвлөх, тухайн жилд зарцуулахаар хүлээж авсан эмийн зүйлийг хэрхэн зарцуулсныг тайлагнах, жил бүрийн хэрэглэх эмээс үлдсэнийг дараа жилийн төсөвт нэмэн оруулах”[14] зэрэг эрх, үүрэг хүлээснээс гадна хязгаарын доторх эмийн ургамлыг шинжлэн үзэж, тохиромжтой үед түүж авахыг сургагч, ардад заан сургаж гүйцэтгүүлэх ажлыг Судар бичгийн хүрээлэнгийн Түвэд эмнэлгийн кабинеттай хамтарч гүйцэтгэх, аливаа өвчтөнг үзэж хэрхэн эмчлэхийг монгол хэл, бичгээр бичиж өгөх, монгол хэл мэдэхгүй бол өөрийн мэдэх бичгээр бичиж өгөх үүрэг хүлээжээ.

            Эрүүлийг хамгаалах салбар газрууд үйл ажиллагаандаа уг дүрэм, хөдөө салбар газруудын дагах журмыг баримтлан ажиллах, Эрүүлийг хамгаалах газраас өгсөн чиглэл бүхий ажлуудыг гүйцэтгэж байхыг үүрэг болгожээ. Үүнээс гадна аливаа салбар газар шинээр санаачлан явуулах ажлаа Эрүүлийг хамгаалах газарт танилцуулан тогтоолгож байхаар заажээ. Иймд салбар газрын дарга нар Эрүүлийг хамгаалах ерөнхий газрын даргын ажлын чиг үүргийн дагуу ажиллах, гэхдээ шинэ ажил хэргийг ерөнхий газрын зааваргүй хөдөлгөж үл болно гэжээ.

Салбар газрын их эмч нар нь өвчтөнг эмчлэхдээ ерөнхий газрын эмч нарын дүрмийг дагаж явахаас гадна эс мэдсэн зүйлийг их эмч нараас заавар эрж явуулж байхаар тусгасан байна. Үүнээс дээш дүрэмд заасан хэргийг зөрчих буюу тусгай дүрэм тогтоолоор хэвлэн нийтэлсэн бузар буртгийг [хог буртгийг] цэвэрлэж ариун цэвэр байлгах явдлыг үл ойшоон дагахгүй бол уг хэргийг эрхлэх үүрэг бүхий газрууд өөр өөрийн зохих газар мэдүүлэн явуулж байцаан шийтгүүлэхээр заажээ.

Их эмч нарын мэдлэг, ур чадварыг харгалзан тэдгээрийн эрх үүргийг Европ, Монгол, салбар газрын гэж ялгавартай тогтооход хүрсэн бололтой.   

            Дүрмийн гуравдугаар бүлэгт өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд баримтлах журам тусгагджээ. Ингэхдээ аливаа өвчтөний судал зэргийг шинжлэн үзэх лаборатори байгуулах, хүнд болон халдвартай өвчтөнг ялган хэвтүүлэх больницыг хүрэлцэхээр төсөвлөн бэлтгүүлэх бөгөөд галзуу өвчтөн ба хоосон ядуу, жирэмсэн эхнэр, шинэ төрсөн эх, хүүхдийг хамгаалан тэнхрүүлэх тусгай газар орон байгуулбал зохихыг заажээ.

Тус бүлэгт Монгол улсын харьяат нарт эмнэлгийн тусламж, сувилгааг үнэ төлбөргүй үзүүлэхээр заажээ. Харин гадаадын иргэдэд харьяат газрын бичиг, биеийг хамгаалах ба татвар хураалгасан үнэмлэх бичгийг үндэслэн эмнэлгийн тусламж, шинжилгээг үнэ төлбөртэй олгохоор тогтоожээ. Үүнд, “хэвтэн эмчлүүлэх орны үнэ өдрийн 40 төгрөг, шархны боолтны үнийг хэмжээнээс хамаарч 30-60 мөнгө, сэлбэрсона хэмээх эмийн тарилга 1 төгрөг, хэрэглэлийн үнэ 2 төгрөг 50 мөнгөнөөс 3 төгрөг 50 мөнгө хүртэл, үргүн хэмээх тарилга 40 мөнгө, бага зэргээр огтлон эмчлэхэд 3 төгрөг, шүд авахад 50 мөнгө, шээс гаргах гол сүвийг бургуйдах ба их болгоход 1 төгрөг, цоргиход 50 мөнгө, угаахад 60 мөнгө, [эмнэлгийн газар] аваачиж огтлоход 5 төгрөг, умай доторх тариа 60 мөнгө, морозковский туш 60 мөнгө болно. Мөн аливаа өвчнийг боловсронгуйгаар шинжлэх тухайд, ходоодны шүүсийг шинжлэхэд 2 төгрөг, амьсгалах хоолой ба уушгийг шинжлэхэд 1 төгрөг 50 мөнгө, төмс [төмсөг] ба хушга, хорхой шинжлэхэд 1 төгрөг 50 мөнгө, шээс шинжлэхэд 2 төгрөг. Цус шинжлэх тухайд, халдвартай халуун өвчнийг шинжлэхэд 1 төгрөг 50 мөнгө, цус багатныг шинжлэхэд 1 төгрөг, хүйтэн өвчнийг шинжлэхэд 1 төгрөг 50 мөнгө, нэг өдрийн орны үнэ 2 төгрөг”[15] тушаахаар заажээ.

Эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй бэлэн байлгах үүднээс өдөр, шөнийн ээлжээр ажиллахыг заажээ. Мөн больницод хэвтэж буй өвчтөн үхэхэд хүрвэл түүнээс наана бусад өвчтөнөөс тусгаарлаж, цогцсыг хөдөөлүүлэхээс наана хадгалах тусгай газар бэлтгэвэл зохихыг заасан байна.

Дөрөвдүгээр бүлэг “Аливаа эрүүл мэндийн байдалд үл нийлэлцэх зүйлийг хянан харгалзах дүрэм”-д эрүүл ахуйн байдалд үл нийцэх болон өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл ахуйг сахих арга хэмжээг долоон зүйлээр тогтоож өгчээ. Үүнд, [Иргэдийн] хашааны доторх хог буртгийг нүх гаргаж булж байх, хүн малын уух усыг цэвэр байлгах, хотын доторх зах зээлийн газар, гудамжуудыг цэвэр байлгах, тэнд мах, галбасаа, сүү тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй иргэдийн ариун цэврийг Хотын захиргаанаас хянан шалгах, Хотын захиргааны газар, эрүүлийг сахих хэлтэстэй хамтран бохир байдлыг устгахын тулд Эрүүлийг хамгаалах газраас заавар гаргаж дагаж мөрдөх, тус газраас хотын доторх бохир байдлыг хянах хэрэг гарвал Эрүүлийг хамгаалах газрын дэргэдэх комиссны гишүүдийн дээр Цагдан сэргийлэх газраас нэг түшмэл, Хотын захиргааны Эрүүлийг сахих хэлтсийн эрхлэгч, мал эмнэлгийн газрын төлөөлөгчийг оролцуулан хуралдаж байхаар тогтжээ.

БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрмийг боловсруулж мөрдсөний ач холбогдол нь тус улсын эрүүлийг хамгаалах төв ба салбар байгууллагууд, тэдгээрийн бүтэц, удирдлага, чиглэл, ажиллагсдын эрх үүрэг, эмнэлгийн үйлчилгээнд баримтлах нийтлэг журам, хот суурин газруудын эрүүл ахуйг хангах явдал зэргийг тогтоож өгсөнд оршино. Мөн уг дүрэмд тус улсад Европын анагаах ухаанд суурилсан оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх, боловсон хүчинг бэлтгэх зэргээр тус салбарыг хөгжүүлэх, уламжлалт дорнын анагаах ухааныг хавсран хэрэглэх, ард иргэдэд эмнэлгийн тусламж үнэгүй үзүүлэх зэрэг тус салбарт баримтлах бодлогын шинжтэй  заалтууд тусгалаа олжээ. Уг дүрэм боловсроход Эдийн засгийн үндсэн бодлого, УИХ, Бага хурал, МАХН-ын их хурлаас хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар дэвшүүлсэн зорилт, бодлого зохих үүрэг гүйцэтгэсэн байна.       

2. Ардын эрүүлийг хамгаалах газрын үйл ажиллагаа. 1925 онд Ардын эрүүлийг хамгаалах газрыг байгуулахад улсын төсвөөс 105000 төгрөг төсөвлөсөн байна.[16] Мөн Эрүүлийг хамгаалах газрын харьяанд 1925 оны X сард Улаанбаатар хотод 15 ортой эмнэлэг, Хан Хэнтий, Цэцэрлэг Мандал, Жавхлант, Алтанбулаг, Жаргалант зэрэг таван газар Түвэд эмнэлгийн салбар байгуулжээ. Улаанбаатар хотод эмнэлэг байгуулсан тухай, түүгээр хэрхэн эмчлүүлэхийг тухай бичгийг Дотоод явдлын яамнаас гаргаж олонд зарлажээ. Уг бичигт “Ардын эрүүлийг хамгаалах явдлыг Дотоод явдлын яамнаа эрхлүүлж, Монгол ард улсын Ардын эрүүлийг хамгаалах тусгай газрыг тогтоон байгуулж өвчтөнг эмчлэх, сувилах Европын ба Түвэд ёсны амбулатори больницыг энэ он Х сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 9-р хорооны хашаан дор тус тус нээсний тулд эл учир тусгайлан ухуулах бичиг гаргав. Дотоод гадаадын элдэв өвчин тохиолдсон хүмүүс эмчлүүлэхийг хүсбээс энэхүү газар ням гарагаас бусад өдөр өглөөний есөн цагаас үдийн хойд гурван цаг хүртэл ирж үзүүлэн эмчлүүлбээс зохих ба хааяа онц хүнд өвдсөн буй агаад хүрэлцэн ирэх арга үгүй болбоос учир гарган хүрээ хашааны дугаарыг тодорхойлон мэдүүлж ирсэн цаг дор тусгай эмчийг томилон одуулж болохоос гадна эл газрын эмчилгээний үнэ төлбөрийг тус улсын харьяат нараас үл авах ба гагцхүү гадаад улсын харьяат ардуудаас уул эмийн үнийг хураахаар тогтоосон явдлыг хамтаар тодорхойлон ухуулах бичиг гаргаж зарлан ухуулбай”[17] гэжээ. Тэрчлэн тус эмнэлэг нь ард олны дунд байгаа хүнд өвчтэй хүмүүсийг гэрээр очиж эмчлэх 24 цагийн ээлжийн эмч нарыг ажиллуулж, үүнд хэрэглэх унаа машиныг захин бэлтгэжээ. Улаанбаатар хот дахь эмнэлгийн газар байшин сав хомс, ор дэвсгэрийн тоо цөөн байсан учраас анхандаа хүнд хөнгөн, халдвартай халдваргүй өвчтөнг нэг газар хамт хэвтүүлж эмчилж байсан нь иргэд бие биесээс дамжуулан халдвар авах хүндрэл гарч байв.

Тус эмнэлэг 1926 онд эмч, туслах эмч, бариач, эм нүдэгч, эм боогч, галч бөгөөд зарлага зэрэг 6 хүний орон тоотой байсан бол Жавхлант хотын салбар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.[18]

1927 онд Улаанбаатар хотын больницын барилгад 14000 төгрөг, хөдөө аймаг хошуудын эмнэлгийн барилгад 30000 төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.[19] Гэвч уг төсөвлөсөн мөнгө эмнэлгийн шинэ байр барихад хүрэлцэхгүй учир Хан Хэнтий, Цэцэрлэг Мандал, Жавхлант хотуудын эмнэлгийн ажилд хуучин байшин худалдан авч, Алтанбулаг хотын эмнэлэгт цэргийн хорооны хуучин байшинг зохих үнээр шилжүүлэн авчээ.[20] Тус онд Жаргалант, Цэцэрлэг мандал уулын аймагт Европ ёсны эмнэлэг шинээр нээсэн боловч төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс татан буулгажээ.[21]

1928 онд Улаанбаатар хотын эмнэлэг нь 9 эмчтэй ажиллах болсон бөгөөд эмч нар өглөө 8 цагаас больницын газар очиж эмчилгээ хийгээд 10 цагаас амбулаторид ирж ажилладаг байжээ. Мөн онд Улаанбаатар хотын больницод 681 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 16861 хүн амбулаториор үзүүлсэн байна. Харин 1929 оны эхний зургаан сарын байдлаар 10308 хүн амбулаториор үзүүлжээ.[22]

1929 оны дундуур Алтанбулагт нэг, Баянтүмэн, Хан Уул зэрэг газар түрээсийн байшинд тус бүр нэг амбулатори, больницын газар нээн байгуулсан байна. Мөн оны IV сард Хараагийн тариалангийн газарт, VI сард Цэцэрлэг Мандал уулын аймагт бага эмчийн тасаг, VII сард Ховдод их эмчийн тасгийг тус тус нээн ажиллуулжээ.[23] 1929 оны байдлаар хөдөөгийн Түвэд эмнэлгүүд нь тус бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

Эрүүлийг хамгаалах газрын харьяанд Улаанбаатар хотод 1929 онд эх ба нялхсыг хамгаалах тасаг, сүү хоолны газар, консултацын газар, хүн эмнэлгийн сургууль, тусгай эмч нар ажиллаж байв. Энэ үед Ардын эрүүлийг хамгаалах газарт захиргаа, аж ахуйн орон тоо 15 болжээ. Мөн тус газрын харьяанд тусгай эмч 4, консултацийн газрын эмч 4, хүн эмнэлгийн сургууль нь эрхлэгч, няравын орон тоотой үйл ажиллагаа явуулж байв.

Улаанбаатар хот дахь Европ эмнэлэг нь шүдний, огтлох эсгэх [мэс заслын], бөөр нуруу, дотор өвчний, мэдрэлийн, эх нялхсын, халдварт өвчний, яр өвчний гэсэн 8 кабинет, нэг лабораторитой 83 хүний орон тоо бүхий эмч, ажилтан ажиллаж байв.  Ийнхүү Дотоод явдлын яам, Эрүүлийг хамгаалах газраас их, бага эмч нарыг гадаад улсаас урьж ирүүлэх, сувилагчдыг дотооддоо сургах бодлого барьж байсны үр дүнд тус салбарт ажиллагсдын тоо жил бүр нэмэгдэж, тэр хэмжээгээр эмнэлгийн тусламж өргөжиж байв.

1929 онд Хан Хэнтий, Цэцэрлэг Мандал, Жавхлант, Алтанбулаг, Жаргалант зэрэг таван газарт амбулаторийн байшин тус бүр нэгийг барьж, Улаанбаатар хот дахь Европ эмнэлгийн орны тоог 130, Түвэд эмнэлгийн орны тоог 100 болгожээ. Мөн онд халдварт өвчтөнг тусгайлан хэвтүүлэх 20 ортой эмнэлэг, хотын захиргаатай хамтран цогцос хадгалах зориулалтын байшин, лабораторын газар, Европ эмнэлгийн хоол үйлдвэрлэх болон сүүний газрын барилгыг, бас тарваган тахлын байшингийн хажууд галзуу өвчнийг эмчлэх байшин тус тус барихаар төлөвлөсөн байна.[24] 1930 онд онд Баянтүмэн, Өндөрхан, Ховд, Улиастай, Шавийн газраа Европ эмнэлгийн газар нэмж байгуулахаар төлөвлөж орон тоо, цалин хэрэглэлийг төсөвлөжээ.[25]

Нам төрийн бодлогод ард олны эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа Монголд гарч буй халдварт өвчинг таслан зогсооход анхаарлаа хандуулж байсан нь Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл болов. 1930 оноос эрүүлийг хамгаалахын төсөв нэмэгдэж, Европ эмнэлгийн боловсон хүчний нөөц эрс сайжирчээ. Тус онд эрүүлийг хамгаалахын төсөв 1667000 төгрөг болж 1925 оныхоос 15 дахин өссөн байна.[26] Харин Түвэд эмнэлгийн төсвийг нэмээгүй бөгөөд тэдгээр эмнэлгийн төсөв орон тоог Европ эмнэлэгт шилжүүлж, үйл ажиллагааг зогсоох бэлтгэлийг хангаж эхэлсэнтэй холбоотой.  Ард олны зүгээс эрүүл мэндийн тусламж авах хэрэгцээ, Ардын эрүүлийг хамгаалах газрын үйл ажиллагааны үр дүн, Зөвлөлтөөс Монголд явуулсан судалгаа, эмчилгээний шинжилгээний ангиудын үйл ажиллагаа, санал зөвлөмж зэрэг олон хүчин зүйл эрүүлийг хамгаалахын салбарын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлжээ.

Рашаан усыг шинжлэх ажлыг гүйцэтгэсэн нь. Монгол оронд халуун, хүйтэн рашааныг эртнээс эмчилгээ, сувиллын журмаар ашиглаж байжээ. Ардын эрүүлийг хамгаалах газар байгуулагдсаны дараа авсан арга хэмжээний нэг нь Монгол оронд буй олон рашааны ашиг тусыг тодорхойлох, эмчилгээнд ашиглах боломжийг судлах ажил байлаа. Улсын II Их хурлаас рашаан усыг судлах, ашиглах талаар тусгайлан зорилт тавьж хэрэгжүүлэв. 1925 оноос тусгай эмч нараар рашаан усыг нээж олох, судлах ажлыг гүйцэтгүүлсний үр дүнд Ерөө, Жанчивлангийн рашааныг эмчилгээний журмаар хэрэглэх, савлан худалдах ажлыг эхлүүлсэн бөгөөд 1930 онд рашаан савлах машин болон хүрэлцэхүйц хэмжээний сав худалдан авахаар болжээ.[27] Мөн рашааны дэргэд байшин сав барих, ялангуяа Ерөөгийн рашаанд хүрэх зам муу хавар намрын улиралд явах боломжгүй байсан учир замыг засах ажлыг эхлүүлжээ. Хожим 1933 онд ирсэн ЗСБНХУ-ын шинжилгээний анги Ерөөгийн рашааныг судалж эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлджээ.

Эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа. Ардын эрүүлийг хамгаалах газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь боловсон хүчний бодлого байлаа. Тус газар байгуулагдсаны дараа боловсон хүчин дутмаг, ялангуяа Европын ёсны их бага эмч, сувилагчаар ихэд дутагдаж байв. Энэ тухай РСФСР-ийн Ардын эрүүлийг хамгаалах комиссаратын гуравдугаар шинжилгээний ангийн ажлын тухай МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын хурлаас хянан хэлэлцсэн тогтоолд “Ардын эрүүлийг хамгаалах яамнаас төлөвлөгөө ба орон тооны талаар өөрийн эмчилгээний салбарыг байгуулж чадахгүй байсан амуй”[28] хэмээн дүгнэсэн бодит байдалд нийцэж байна.

1924 оны УИХ-аас Эрүүлийг хамгаалах газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус газрыг байгуулахын тулд ЗСБНХОУ-аас 3 эмч урьж ирүүлсэн байна. Гэвч Европ эмнэлэг байгуулахад эмч нар хүрэлцэхгүй байсан учир Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт Түвэд эмнэлэг байгуулан оточ маарамба нарыг ажиллуулжээ. Халхын таван аймгаас Түвэд ёсны эмнэлэгт боловсорсон залуу эмч нарыг урин авчирч түр сургууль нээн Европ эмнэлэгт боловсруулах ажил эхлүүлсэн байна. Үүний зэрэгцээ гадаадаас Европ их эмч нарыг урьж ирүүлэх бага эмч болон сувилагч нарыг дотооддоо сургаж бэлтгэх бодлого баримталж байжээ.

1926 оны VI сард залуу хүмүүсийг Европ ёсны эмнэлгийн мэргэжлээр гадаад улсад сургахаар тогтож, Ардыг гэгээрүүлэх яамнаас Герман улсад сургахаар явуулах хүмүүсийн хамт таван хүнийг их эмчийн сургуульд, мөн Орос улсад бага эмчийн сургуульд таван хүнийг явуулахаар зардал мөнгийг төлөвлөсөн байна. Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газраас бага эмч болон сувилагч нарыг дотооддоо сурган бэлтгэх зорилтын хүрээнд 35 наснаас доошхи хүмүүсээс Монгол эмч 30, сестра хэмээх сувилагч 15 хүнийг зургаан сарын хугацаатайгаар хуралдуулж Европ эмнэлгийн тухай танилцуулах, Түвэд эмнэлгийг давтан сайжруулахаар Улаанбаатар хотоос арван тавыг нэр заан, сайн дураар орох хүсэлтэй хүмүүсээс тавыг сонгож, харин хөдөө орон нутгаас арван хүнийг нэр заан сонгож ирүүлэхээр тогтов. Мөн асрагч, сувилагч нарын сургуульд 31 наснаас доош, бичиг үсэг төсөөлөх бүсгүйчүүдээс 15-ыг сонгож сургахаар болжээ.[29] Сувилагч нарын сургуульд сургах бүсгүйчүүдийг сонгон ирүүлэхийг Намын Төв Хорооны Бүсгүйчүүдийн хэлтэст илгээж, сургуульд суралцаж буй хүмүүст хэрэглэх бичиг хэргийн зардалд нэг хүнд 30 янчаан, хоол ундны зардалд сар бүр нэг хүнд 50 янчаан, мөн зургаан сарын хугацаанд суух орон байшинг галлах хүнд сар бүр 30 янчаан олгохоор төсөв мөнгийг баталсан байна.[30]

1929 онд Ардын эрүүлийг хамгаалах газрын харьяанд эрхлэгч, нярав гэсэн хоёр хүний орон тоотой 2 жилийн хугацаатай сувилагчийн сургууль байгуулсан бөгөөд эхний жилд 20 эмэгтэй ирж суралцсан байна. Суралцсан хүмүүсийн байр, хоолыг үнэ төлбөргүй олгохоос гадна сар бүр 5 төгрөгний тэтгэмж олгож байжээ. 1930 оноос тус сургуульд ажиллагсдын орон тоог 16 болгон нэмэгдүүлжээ. Ялангуяа тус сургуульд цагаар хичээл заах таван багшийн орон тоо гаргаж тэдгээр багш нарт тус бүр сарын 1000 төгрөгийн цалин өгөхөөр төсөвлөснөөс[31] харахад дотооддоо боловсон хүчин бэлтгэх ажилд ихээхэн ач холбогдол өгч байжээ.

 Монголд 1926 оноос эхэлж хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн Эмнэлэг-ариун цэврийн шинжилгээний ангийн эмч нарын үйл ажиллагаа Эрүүлийг хамгаалах газрын үйл ажиллагаанд багагүй дэм болсон байна. 1927 онд Монголд ирсэн хоёр дахь удаагийн Эмнэлэг-ариун цэврийн шинжилгээний ангийн дарга Французов Монголын Засгийн газраас хүсэлт тавьсны дагуу Эрүүлийг хамгаалах газарт ажиллахаар үлдэх болсон байна. Мөн Засгийн газраас арьс өнгөний болон нүдний эмч ирүүлэхийг хүсч байв.

1930 онд Ардын эрүүлийг хамгаалах газрын тусгай эмчээр ажиллах 6 их эмч, консултацын газар ажиллах сувилагч, сургагч 3 эмч, Баянтүмэний шинээр байгуулах салбарт ажиллах их эмч 5, Өндөр Ханы шинээр байгуулагдах салбарт ажиллах бага эмч, сувилагч тус бүр 1, Алтанбулагийн шинээр байгуулах эмнэлгийн салбарт ажиллах бага эмч, сувилагч тус бүр 1, Улиастай, шавийн газар шинээр байгуулах салбарт ажиллах их, бага эмч, сувилагч тус бүр 3, мөн хөдөө орон нутагт байгуулах зургаан тасаг, амбулаторийн газар ажиллах бага эмч 5, Хөдөө газраар явж эмчлэх явуулын баг болон түргэн цагт эмчилгээ хийх багт ажиллах 6 их эмч, 3 бага эмч, 5 сувилагч нийт 46 эмч, сувилагчийг урин ирүүлэхээр болж тэдгээрийн замын зардалд 44750 төгрөг төсөвлөсөн байна. [32]

Эх нялхсыг хамгаалах тасаг байгуулж ажиллуулсан нь. ХХ зууны эхэн үед Монголд халдварт өвчин, дотрын өвчлөл болон бусад халдвар их байсан зэргээс нялхсын эндэгдэл өндөр байжээ. 1924 онд жирэмсэн эмэгтэйчүүдийн 13 хувь нь төрөхийн хүндрэлээс шалтгаалан нас барж байсан гэсэн тоо байдаг.[33] 1927 оны үед Цэцэрлэг мандал уулын аймагт хийсэн судалгаагаар тус аймагт 535 хүүхэд төрсний 243 нь нас баржээ. Үүнээс 131 нь нэг хүртэлх насны, 65 нь нэгээс тав хүртэлх настай байсан байна.[34] Өөрөөр хэлбэл нас барсан хүмүүсийн 80.6 хувь нь 1-5 хүртэлх насны хүүхэд байжээ. Иймээс Төр засгаас иргэдийн эх нялхсыг хамгаалах асуудалд анхаарал хандуулах болсон байна.

1927 оны IV сарын 1-нд эх нялхсыг хамгаалах тасгийг 6 ортойгоор эрүүлийг хамгаалах газрын харьяанд байгуулав. Гэвч зардлыг улсын төсөвт тусгайлан тусгаагүй учир эхний ээлжинд тэнд ажиллах гурван сувилагч болон бусад зардалд 3000 төгрөг гаргуулан авахаар Сангийн яамнаа даалгаснаар[35] тус тасгийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Дараа жилд нь байрлах байшин сав байхгүй зэргээс шалтгаалан үйл ажиллагаа нь төдий л өргөжиж чадсангүй.

МАХН-ын 1927 оны IX сард болсон VI Их Хурлаас Ард түмний үржилд хор хохирол болж буй бүхнийг хянах, ялангуяа нялхсын эндэгдэл бүх нас барагчдын 51 хувийг эзэлж буй учир эх нялхсыг хамгаалах ажлыг сайжруулах, халдварт өвчнийг хүчлэн устгах ажлыг даруйхан явуулах [36] зорилт дэвшүүлжээ. Мөн 1928 онд Монголд ирж ажилласан ЗСБНХОУ-ын хоёр дахь удаагийн Эмнэлэг-ариун цэврийн шинжилгээний анги нь эх нялхсыг хамгаалах байгууллагын ажил болон хүүхдийн үхэлтэй тэмцэх тухай[37] илтгэл тавьж, олон нийтэд яриа танилцуулга хийсэн нь эх нялхсыг хамгаалах талаар ард олны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, төрөөс тавих анхаарлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлсэн байна.

Эх нялхсыг хамгаалах тасаг нь 1929 онд зөвлөгөө өгөх консультацын газар болон бие өвдсөн хүүхдүүдийг асрах, хооллох зориулалт бүхий сүүний газар байгуулж хүүхдээ өсгөж үл чадах ядуусын хүүхдийг тэжээх, өвчтэй хүүхдийг асрах, сувилах, хүмүүжүүлэх, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зөвлөгөө өгөх, консултацын газар үзэсгэлэн гаргах зэрэг ажил хийж байжээ. Мөн 1930 оноос эх хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, эх нялхсыг хамгаалах тухай сургагч нарыг Европ эмнэлгүүд болон улаан гэрүүдэд суулгах, Монгол залуучуудаас эх нялхсыг хамгаалах ажилд сурган бэлтгэх сургууль байгуулж туршиж үзэх ажлыг эхлүүлжээ.[38] МАХН-ны VIII Их Хурлын тогтоолд эх нялхсыг хамгаалах талаар “тус хотын доторх нялхсыг асрах хүмүүжүүлэх, сүү боловсруулах төрөх эхэсийг шинжлэх газруудыг тус тус үзэсгэлэн болгох, их чанартайгаар байгуулж мөн энэ хэргийг гүйцэтгэж чадах боловсронгуй хүмүүсийг урин ирүүлж уг явдлыг сайжруулан чанартайгаар гүцэтгэн явуулбаас зохимуй” хэмээн заасан нь эх нялхсыг хамгаалах ажлыг төрөөс анхаарч дэлгэрүүлэх зорилт тавьж байсны илрэл юм.  

Ардын эрүүлийг хамгаалах газрын харьяанд байгуулагдсан эх нялхсыг хамгаалах тасаг нь эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал асуудлыг хариуцан ажиллаж, эмчилгээ, сувилгаанаас гадна урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход анхааран ажиллаж байжээ. Анх 3 сувилагчийн орон тоотой ажиллаж эхэлсэн тасаг нь хоёр жилийн хугацаанд 13 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй болон өргөжиж өөрийн харьяандаа сүүний болон зөвлөгөө өгөх газрыг ажиллуулах болсон байна.

Тусгай эмч нарыг томилж ажиллуулсан нь. Ардын эрүүлийг хамгаалах газраас нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тус газрын харьяа тусгай эмч нар юм. Эдгээр нь явуулын эмч нар бөгөөд Ардын эрүүлийг хамгаалах газар шууд харьяалагдаж эмнэлэг байгуулж чадаагүй аймаг, хошуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүрэгтэй байв. Ардын эрүүлийг хамгаалах газраас 1929 онд Жаргалант хязгаар, Улаангом, Халх гол, Дарьганга болон Замынүд зэрэг газруудад тус бүр нэжгээд Европ, Түвэд эмнэлгийн хавсарсан нүүдлийн анги[39] илгээж ажиллуулсан байна. Тус онд Ардын эрүүлийг хамгаалах газрын харьяанд дөрвөн тусгай эмч ажиллаж байсан бол дараагийн жилээс эдгээр эмч нарын орон тоог 11 болгон нэмж сургуулийн ариун цэврийг сахих, рашаан ус шинжлэх, ялтан нарыг үзэх, халдварт өвчин эрхлэх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэхээр үйл ажиллагааны хүрээг өргөтгөжээ.[40]

Эм найруулах, худалдах газрын үйл ажиллагаа. Монголд эм худалдаалах явдал XIX зууны дунд үеэс эхлэлтэй бөгөөд Их Хүрээ болон хөдөөгийн газруудад зарим пүүсүүд, хувь хүмүүс эмийн худалдаа хийдэг байв. Ялангуяа 1911 оны хувьсгалын дараа Нийслэл Хүрээнд хэд хэдэн газар эмийн сан ажиллаж байсан тухай мэдээ байдаг. 1921 оны Монгол дахь хөл үймээний үеэр ихэнх эмийн сан хаагдаж ажиллахаа больжээ. Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд ирсэний дараа цэргийн эмчээр ажиллаж байсан А.И.Ружицкий Хүрээн дэх эмийн сан болон Унгерний цэргийн эмийн санг нэгтгэн Хиагтаас монгол цэргийн авч ирсэн эмийн зүйлийг нэмэн цэргийн эмийн хэрэгцээг хангах ажил хийсэн бөгөөд Засгийн Газарт хандан Нийслэл Хүрээнд буй Соловьева, Кабанова, Сушьева зэрэг иргэдийн ажиллуулж байгаа жижиг эмийн санг нэгтгэн нэг эмийн сан болгох санал тавьж байжээ.[41] А.И.Ружицкийн саналыг Засгийн газар хүлээж авсан эсэх тухай баримт олдохгүй байна. Ямартаа ч Цэргийн яамны харьяанд 1923 оны XII сарын 5-ны өдөр Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр эмийн сан байгуулжээ.[42]

Уг эмийн сан нь цэргийн эмнэлгийн хэрэгцээг хангах зорилготой байсан боловч энгийн иргэдэд нэгэн адил үйлчилж байв. 1924 оны II сараас тус эмийн худалдааны газрыг Дотоод яаманд шилжүүлэх хүртэл 2 жил гаруй хугацаанд тус газрын эмийн худалдааны 30 гаруй хувийг энгийн иргэдийн худалдан авсан эмийн зүйл эзэлж байжээ.

Цэрийг яамны харьяа эмийн худалдааны газрыг 1926 оны IV сард Дотоод яамны харьяанд шилжүүлжээ. Цэргийн яамны харьяанд байсан эмийн сан нь зөвхөн Европын эм худалдах газар байсан бөгөөд шилжүүлэн авсны дараа Түвэд эм найруулах, худалдах газрыг нэмэн байгуулсан байна.

1926 оны 6 сарын 26-нд хуралдсан Эрүүлийг хамгаалах комиссын хурлаар эмийн худалдааны газрын үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. Тухайн үед Улсын II хурлын тогтоол ёсоор Европ эмийн худалдааны газрыг шилжүүлэн авсан боловч чухал хэрэглэх эм огт байхгүй байсан учир Түвэд эмийн худалдааны газрыг нэмэн байгуулж түүнд хэрэглэх эмийг Дундад иргэн улсын Харбин зэрэг хотуудаас Түвэд эмнэлгийн эрхлэгчийг явуулж авчруулахаар тогтож, Европ эм, багаж авах явдлыг Герман улстай харилцаж авах ажлыг комиссын дарга Д.Лосолд даалгажээ. Энэ ажлын хүрээнд 1927 онд Герман улсаас ил бус өвчнийг шинжлэн үзэх дуран авиа [рентген аппарат] болон эмийн зүйл нийт 80 гаруй мянган янчааны[43] үнэ бүхий зүйл авахаар болж гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх болсон[44] байна.

1926 оны сүүлээр 24 зүйл бүхий Эм найруулах худалдах газрын дүрмийг боловсруулан баталжээ. Энэ дүрэм нь Эм найруулах, худалдах газрын үйл ажиллагааг зохицуулахаас гадна Монгол улс дахь эмийн худалдааг зохицуулах эрх зүйн баримт бичиг болсон байна. Тус дүрмээр эм тариа болон эмнэлгийн элдэв хэрэглэлийг худалдах эрхийг эмийн худалдааны газарт олгож хувь хүмүүс тус газрын худалдаалахыг зөвшөөрснөөс гадуурх эм болон эмнэлгийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр худалдах, хадгалахыг хориглосон байна.[45] Харин Цэргийн яамны харьяа нүүдлийн аптекийн газруудад хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон мал эмнэлгийн газар, Сонгинобулагт байгуулсан лабораторийн газар, газар тариалангийн явдлыг эрхлэх зэрэг газруудад өөрт хэрэглэх эмийн зүйлийг бэлтгэх, авчрах эрхийг үлдээжээ.

 Эмчийн бичсэн хуудасгүйгээр энгийн хүмүүст эм олгохыг хориглосон бөгөөд аливаа эм худалдах, гадаад улсаас энгийн хүн болон албан газруудад ирсэн эм болон эмнэлгийн хэрэглэлийг Эм найруулах, худалдах газраас зөвшөөрөл авч хэрэглэхээр тогтоожээ. Улаанбаатар хотын амбулаторийн газар өвчтэй хүмүүст өгөх эмийг эм найруулах худалдах газраас очиж авч байсныг 1929 онд өөрчилж тус амбулаторын газраас зохих эмийг шууд олгох болсон байна.

Эм найруулах, худалдах газрын дүрэм ёсоор Улсын эм найруулах ба худалдах газраас улсын хязгаар дотор салбар хороодыг байгуулах, эм найруулах хэрэгт боловсорсон хүнийг томилон суулгах, тус газрын байр сууцыг засгийн газраас үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, ажиллах хүмүүсийн орон тоог тус газрын даргаас дотоод яамнаа өргөн батлуулахаар заажээ. Дүрмээр тус газрын үйл ажиллагааг Эрүүлийг хамгаалах газар мэдэж, аж ахуйн хэрэг нь Улсын хянан байцаах газарт харьяалагдаж, албан хаагчдын цалин хэрэглэлийг Дотоод яамнаас тогтоож байхаар тусгажээ.

1927 он гэхэд Улаанбаатар хотод цор ганц Европ эмийн аптек ажиллаж байв. 1928 оны эхний сарын байдлаар эм найруулах, худалдах газар 215670 төгрөгний гүйлгээ хийжээ. 1929 оны байдлаар тус газар нь 10 хүний орон тоотой ажиллаж байсан[46] бөгөөд эмийн худалдааг дутагдал, гачигдалгүй байлгах үүднээс таван аймаг ба Жаргалант, Жавхлант, Алтанбулаг хотууд ба Улаангом, Баянтүмэн, Хан Уулын зэрэг газруудад эмийн худалдааны салбаруудыг нээн эмнэлгийн салбаруудыг түшиглүүлж байгуулахаар болжээ.[47] Мөн Улаанбаатар хотод эмийн төв агуулах байгуулж хөдөөгийн эмийн сангуудыг эмээр хангаж байв.

Ариун цэврийг сахих хэлтсийн үйл ажиллагаа. 1923 онд Засгийн газраас баталсан Эдийн засгийн үндсэн бодлогод Нийслэл Хүрээний дотор хэдэн түмэн хүн суугаад бузар буртаг, хог шавар нь балчиг тамаас хэтэрсэн тул ялаа батгана ба тахал хижгийн нян хорхой үүрлэж, манан будан мэт түгсний харгаагаар жилийн дөрвөн цагт ханиад гамшиг, тахал томуу үл тасран, хуяг цэрэг, хүүхэд шуухад, эр эм, лам харгүй хэдэн мянгаар үхэх, үрэгдэх барагдахыг нь мөнгө болгон бодвол нэгэн жилд хэд хэдэн түмэн ба буман лан хүрнэ. Бусад Хүрээ хот газраа үлгэр дуу адил буй. Учир иймийн тул [ямар боловч] цэвэрлэн арилгаж, хог шороог нь тусгаар хол газраа агуулан, үргэлж ариун цэвэр эсэн мэнд сууцгаавал мөн ч улсын санд тус болно[48] хэмээн хүн амын эрүүл ахуйг сахин хамгаалах талаар заажээ. Тус баримт бичгийн эл заалт хожим Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын дүрэмд тусгалаа олж хэрэгжжээ.

1925 оны 11 сард хуралдсан Улсын II их хуралд Дотоод яамнаас илтгэсэн илтгэлд “Уушгины ханиад нь монгол хязгаарын газар далайн уснаас үлэмжхэн бөгөөд агаарын ариун цэврээс шалтгаалан хот газраа дэлгэрдэг, мөн халдвартай хижгүүдээс мялзан, цагаанбурхан, хоолой хахалт зэргийн өвчнүүд нь ариун бус байдал ба уух усны цэвэр бусаас тохиолддог. Эл өвчнүүдийг ёсоор эмчилж чадсангүй учраас үлэмжхэн тооны хүмүүс үхдэг болж үүнийг яр, бөөрийн хүйтэн зэргийн өвчинтэй нэгэн адил хамгаалбаас зохино. Аливаа өвчнүүдийг устгахын тул эмчлэхээс гадна өвчний уул үндсийг устгаваас зохих учир ариун цэвэр байдлын ач тусыг тодорхойлсон ба тэрхүү байдлыг хэрхэн засах тухай дэвтэр сонин хэвлэн гаргаж, түмэн ардад ухуулбаас зохино[49] хэмээн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын талаар заасан байна. Үүнээс гадна МАХН-ын анхдугаар их хурлаас эхлэн хүн амын эрүүл мэндийн талаар хэлэлцсэн олон хурлуудад урьдчилан сэргийлэх ажлын тухай авч хэлэлцэж байсан байдаг.

1928 онд ирсэн ЗСБНХОУ-ын эмнэлэг-ариун цэврийн шинжилгээний анги нь Монголд ажиллахдаа эрүүл ахуй, ариун цэврийн талаар багагүй ажил хийж, зарим эхлүүлсэн ажлуудаа Ардын эрүүлийг хамгаалах газарт хүлээлгэн өгснөөс гадна Засгийн газарт зайлшгүй анхаарах шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн асуудлаар зөвлөмж хүргүүлсэн байна. Тус шинжилгээний анги нь Монголд ариун цэврийн гэгээрлийн ажил сул байгаа нь ард олны эрүүл мэндэд маш муу нөлөөлж байгаа тухай. Өвчнөөс биеэ хэрхэн хамгаалахыг нутгийн хүн ам тун бага мэдэж байгаа нь зарим өвчин их дэлгэрэх болон хүүхдийн үхэлд нөлөөлж байгааг онцлон дурджээ. Иймээс хөдөө орон нутагт ажиллаж байсан отрядын эмч нар ариун цэвэр-гэгээрлийн талаар ажил зохиож, шидэт дэнлүүтэй лекц уншиж, өвчтөнгүүдэд яриа танилцуулга хийж, хүмүүсийн хувийн онцлогт тохируулан эмчилж эдгээх асуудалд анхаарч ажиллажээ.[50]

            Тус шинжилгээний анги нь ариун цэврийн талаар зарим арга хэмжээ авахын тулд зөвхөн тайлбарлан таниулаад зогсохгүй, Засгийн газраас ус авах, хог хаях газрын эрүүл ахуйн байдлыг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг зөвлөжээ.[51]

Засгийн газраас энэхүү шинжилгээний ангийн зөвлөмжийг авч хэрэгжүүлсэн байх үндэслэлтэй байна. Ардын эрүүлийг хамгаалах газар 1929 онд өөрийн харьяанд ариун цэвэр сахих ба эмчлэн сувилах хоёр хэлтсийг байгуулан, тэдгээрийн эрхлэх ажлыг хувиарлан гүйцэтгүүлэх болжээ. Ариун цэврийг сахих хэлтсээс Улаанбаатар хотын ундны усны газруудыг хянах, ус авч болох газруудыг тогтоох, хог буртгийг цэвэрлэх, хог асгаж болох газрыг тогтоох, үйлдвэрийн газруудыг цэвэр байлгах, худалдаж байгаа хоол ундны зүйлийг хянах, үхсэн хүмүүсийг нутаглуулах дүрэм гаргах, шинэ барилга байшингийн зураг төслийг ариун цэврийг эрхлэх зүйлд нийцүүлэх, цэцэг өвчний тарилга хийх зэргээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг гүйцэтгээжээ.

Мөн сургуулийн сурагчдын ариун цэвэр зэрэгт анхаарлаа хандуулж байсны зэрэгцээ Улаанбаатар хотод ариун цэврийн талаар хянан харгалзах газар байгуулах, ариун цэврийн ажлыг эрхлэх их эмч урин ирүүлэх, лаборатори байгуулах зэрэг ажлыг 1929 оноос эхлэн төлөвлөн хийж эхэлсэн байна.[52] Эдгээр ажлыг эрхлэх эмчийг урьж ирүүлэх зардал болон цалин хөлс, эрүүл ахуйн лаборатори байгуулах зардал зэргийг Хотын захиргаа, Хэрэг эрхлэх газраас хариуцан гаргахаар болжээ. 1930 онд энэ ажилд ЗСБНХУ-аас 6 эмч урьж ирүүлэхээр төлөвлөж тус бүрд замын зардал 1500 төгрөг төсөвлөсөн байна. Мөн энэ оноос хөдөө орон нутгуудад ариун цэврийг эрхлэх эмч томилон илгээж, ариун цэврийг эрхлэх дүрмийг Ардын эрүүлийг хамгаалах газраас 1929-1930 онд багтаан батлан гаргахаар болжээ.

Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрыг өргөтгөсөн нь. 1930 оны Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын цаашид явуулах ажлын төлөвлөгөөнд тус газрын эрх хэмжээний тухай тусгахдаа “Эрүүлийг хамгаалах газрын ба мөн бусад харьяат газруудын ажил явдал нь өргөнөөр нэмэгдэж бүхий учир одоо Дотоод явдлын яамны харьяа Эрүүлийг хамгаалах газрыг Монгол улсын Засгийн газартай эрүүлийг хамгаалах асуудлаар шууд оролцох эрх бүхий тусгай газар болгон өөрчлөх зүйлийг эрхэлбээс зохимуй. Одоо байгаа байдлаар эрүүлийг хамгаалахтай холбогдох асуудлыг Дотоод явдлын яамаар уламжлуулан Засгийн Газарт өргөн мэдүүлэх тул илүү суудал болмуй. Эрүүлийг хамгаалах газрыг тусгай эрх бүхий газар болгох явдлыг зүйтэй хэмээн үзвээс зохимуй. Эрүүлийг хамгаалах газарт энэхүү тусгай эрхийг олговоос ардын эрүүлийг хамгаалах хэрэг дор холбогдох олон зүйлүүдийг дагалдуулбаас зохино” [53] гэжээ. Үүнээс харвал тус газрын салбар, орон тоо өссөнөөр элдэв хэргийн талаар Засгийн газартай харилцахдаа Дотоод яамаар дамжуулан харилцаж байсан нь илүү явдал чирэгдэл болж байсан бөгөөд Засгийн газартай шууд харилцах тусгай эрхтэй газар болгохыг хүссэн байна. Тус хүсэлтийн дагуу 1930 оны IV сарын 27-ноос тус газрыг Засгийн Газартай шууд харилцах тусгай эрхтэй болгожээ.

Гэвч 1930 онд хуралдсан МАХН-ын VIII хурал ардын эрүүлийг хамгаалах явдлын талаар 29 зүйлтэй тогтоол гаргахдаа Эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөн яам байгуулахыг тогтоожээ.[54] Эл шийдвэрийн дагуу Ардын эрүүлийг хамгаалах газрыг 1930 оны VI сард Эрүүлийг хамгаалах яам болгон өргөтгөн байгуулжээ.

 

Дүгнэлт. 1925-1930 онд БНМАУ-д эрүүлийг хамгаалах асуудлыг хариуцсан төрийн байгууллага, түүний салбарууд буй болж оношилгоо-шинжилгээ, эмчилгээ, сувилгаа, эх нялхас, халдвар судлал, эмийн худалдаа, рашаан судлал, эрүүл ахуй, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. Үүний дүнд тус улсад ардын эрүүлийг хамгаалах салбар үүсч, зохих хэмжээнд бэхжсэн байна.


* Энэхүү өгүүлэл МУБИС-ийн Түүхийн тэнхмийн Acta historica сэтгүүлийн 2018 оны дугаарт хэвлэгдсэн

Эшлэл, зүүлт

[1] Ардын засгаас 1921-1924 онуудад авсан хувьсгалт арга хэмжээнүүд. УБ., 1954. т.188

[2] БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 55 жил. Редактор Д.Цагаанхүү. УБ., 1977; Монголын ард түмэнд тусалсан Зөвлөлтийн эмч нар. Редактор Г.Туваан. УБ., 1977; Л.Энхбаатар. Доктор Шастин. УБ., 2014, Монголын ууган эмнэлгийн түүх оршвой. УБ., 2016

[3] Л.Энхбаатар. Доктор Шастин. УБ., 2014. т.69

[4] БНМАУ-ын анхдугаар их хурал. Дэлгэрэнгүй тайлан. Эмхэтгэсэн Д.Даш. Редактор М.Санждорж. УБ., 1984. т.88

[5] БНМАУ-ын анхдугаар их хурал. Дэлгэрэнгүй тайлан. Эмхэтгэсэн Д.Даш. Редактор М.Санждорж. УБ., 1984. т.89

[6] БНМАУ-ын Анхдугаар бага хурлын хуралдаан (1924-1925). Баримт судалгаа. Эмхэтгэсэн Ч.Болдбаатар. УБ., 2009. т. 20

[7] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-679. т.2

[8] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.7

[9] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.7

[10] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.7

[11] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.8

[12] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.8

[13] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.8

[14] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.9

[15] БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах газрын ерөнхий хэрэг явуулах дүрэм. БНМАУ-ын Засгийн Газрын албаны сэтгүүл. №10. т.7

[16] Ж.Мишигдорж. БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын төсөв. Эрүүлийг хамгаалах 40 жил. Редактор Д.Цагаанхүү, Ц.Нармандах. УБ., 1965. т.89

[17] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-678. т.3   

[18] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-678. т.44

[19] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-680. т.38

[20] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-680. т.39

[21] БНМАУ-ын дөрөвдүгээр их хурал. Баримт, судалгаа. Эрдэм шинжилгээний удиртгал тайлбар үйлдэж, монгол бичгээс хөрвүүлсэн Ч.Болдбаатар, А.Алтанбагана. УБ., 2010. т.66

[22] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.19

[23] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.21

[24] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-689. т.19

[25] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив,  Ф-4. Д-1. ХН-692. т.12

[26] БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын 55 жил (1921-1976). Ерөнхий редактор Д.Цагаанхүү. УБ., 1977. т.18

[27] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.16

[28] БНМАУлс хөрөнгөтний биш хөгжлийн төлөө тэмцэлд. Баримт бичгүүд (1925-1940 он). Эмхэтгэсэн Ц.Насанбалжир. УБ., 1956. т.291

[29] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-679. т.7

[30] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-678. т.44

[31] Тухайн үед Ардын эрүүлийг хамгаалах ерөнхий газрын дарга 160, сургагч их эмч 250 төгрөгний цалинтай байв.

[32] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, ҮТА, Ф-4, Д-1, ХН-692. т.20

[33] Д.Цагаанхүү. БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалахын үүсэл, хөгжил. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын 55 жил (1921-1976). Ерөнхий редактор Д.Цагаанхүү. УБ., 1977. т.10

[34] Монгол ардын хувьсгалт намын VI Их Хурал. Дэлгэрэнгүй тайлан. УБ., 1980. т.43

[35] С.Энхжин. Монгол төрийн эрдэмт сайд Агданбуугийн Амар. УБ., 2017. т.110

[36] МАХН-ын VI их хурал дэлгэрэнгүй тайлан. УБ., 1980. т.40-43

[37] Монгол зөвлөлтийн харилцаа. Баримт бичгийн эмхэтгэл. 1921-1940. 1-р боть. УБ., 1975. т.189

[38] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.4

[39] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-689. т.13

[40] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-692. т.3

[41] Л.Энхбаатар. Доктор Шастин. УБ., 2014.т.63

[42] Д.Ням-Осор. Эм хангамж, эм үйлдвэрийн хөгжил. Эрүүлийг хамгаалах 40 жил. Редактор Д.Цагаанхүү, Ц.Нармандах. УБ., 1965. т.47

[43] Д.Ням-Осор. Эм хангамж, эм үйлдвэрийн хөгжил. Эрүүлийг хамгаалах 40 жил. Редактор Д.Цагаанхүү, Ц.Нармандах. УБ., 1965. т.48

[44] С.Энхжин. Монгол төрийн домогт сайд Агданбуугийн амар. УБ., 2017. т.110

[45] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.24

[46] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-692. т.22

[47] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-689. т.8

[48] МАХН-ын хоёрдугаар их хурал. Баримт бичгүүд. УБ., УХГ. 1974. т.139

[49] Бүгд найрамдах монгол ард улсын хоёрдугаар их хурал. Баримт судалгаа. Эрдэм шинжилгээний оршил тайлбар бичиж, монгол бичгээр хөрвүүлсэн Ч.Болдбаатар. УБ., 2008. т.171

[50] Монгол зөвлөлтийн харилцаа. Баримт бичгийн эмхэтгэл. 1921-1940. 1-р боть. УБ., 1975. т.189

[51] Монгол зөвлөлтийн харилцаа. Баримт бичгийн эмхэтгэл. 1921-1940. 1-р боть. УБ., 1975. т.190

[52] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4. Д-1. ХН-691. т.7

[53] Ардын засгийн Дотоод яамны данс (1921-1931), Үндэсний төв архив, Ф-4, Д-1, ХН-691. т.12

[54] МАХН-ын их, бага хурлын материал \\ Л.Энхбаатар. Монголын ууган эмнэлгийн түүх оршвой. УБ., 2015. т.38