Menu

Saturday, June 3, 2023

Хэнтий аймгаар хийсэн ЭМНА оюутны орон нутгийн дадлагын тэмдэглэл. 2019.06.17-23

 2019.06.17. Хэнтий, Цэнхэрмандал сум, Цэнхэрийн голын эрэг. Өглөө 05:00 цагт босч сургууль оров. Хүүхдүүд цуварч ирээд автуусандаа ачаагаа ачаад 07:30 цагаас сургуулиас хөдөллөө. Хүүхдүүд өмнөх өдөр нь ангидаа ачаа бараагаа бэлтгэж тавиад явсан юм. Өглөө ирэхдээ ойр зуурын зүйл, чемоданаа бариад ирцгээв. Эрт хөдөлсөн учир нь энэ үеэр налайхын замыг хааж зам тавих ажил явж байсан учир Төв аймгаар тойрч явахаар байсан юм. Энэ өдөр төлөвлөгөө ёсоор Баян-Адарга орж хонох ёстой байсан боловч Багануур хүрэлгүй 2 удаа дугуй хагарч саатсан учраас дугуйгаа зассаар 16:00 цагаас Багануураас хөдөлж, 18:00 цагт Цэнхэрийн голын захад ирж буулаа. Цэцэгт талаа ундаалсан цэнхэрийн гол тасарч хуурай сайр үлджээ. Эндээ хоноглохоор болов. Маргааш нь 200 км шороон замаар явах шаардлагатай болсон учир хүүхдүүдээ эрт буудаллуулж амраагаад өглөө эрт хөдлөхөөр төлөвлөв. Гэхдээ оройдоо багтааж хүүхдүүдэд хэлэх зүйл бол

- Оройдоо багтаж махаа шуузлах. Дамиа багшийн уламжлал бол нэг бүтэн хонины мах аваад багууддаа хувааж өгнө. Багууд түүнийгээ 2 хоног муутгахгүй идэх ёстой болдог. 2016 онд Архангай, Булганаар явахад Эмээлтээс 1 хонь авч төхөөрөөд багуудад өгтөл Архангайн Өлзийтөд хүүхдүүд махаа шуузлаагүйгээс муутгаад дэрсэн доор хаясан байсныг багш олж хараад загнаж билээ. Шуузлах гэдэг нь махыг жижиглэж хэрчээд усгүйгээр тосонд нь хуурч, цайран юм уу төмөр тагтай саванд хийн сахнаас дээш тос нь илүү гарсан байхаар тооцож дардаг арга юм. Говийн хүмүүс мэднэ дээ. Энэ аргаар махыг шуузалж дарснаар зуны халуунд 3-4 хоногт муутгахгүй идэх боломжтой. 

- Хог цэвэрлэх, ачаа ачиж буулгах хуваарь гаргах. ЭМНА оюутнууд ихэнх нь эмэгтэй учраас ганц нэг хөвгүүд бол өдөр бүр ачаа ачина. Энэ жилийн оюутнууд 2 хүүтэй боловч хаанаа ч хүрэхгүй учир хуваарь гаргаж автобусандаа ачаагаа эмх цэгцтэй ачих, буулгах хуваарь гаргаад явав. 

- Дадал ороод бэлтгэх зүйлсийн талаар тайлбарлаж өгөх. Бидний очих захын цэг бол Хэнтий аймгийн Дадал сум байв. Тэнд очиж сумын эмнэлэг, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвтэй танилцана. Дадал бол аялал жуулчлалын бүс гэдгээрээ хөл хөдөлгөөн ихтэй онцлог газар байв. 

Хүүхдүүд багаараа буудаллаж майхнаа бариад хоол ундаа бэлтгэв. Зарим багууд хувцсаар жигдэрсэн байв. 



2019.06.18. Өглөө нь эрт босож ачаагаа ачаад хөдөллөө. Жаргалтхаан, Өмнөдэлгэр сумдаар дайраад цааш явав. Эрдэнэбат (жолооч) ах Өмнөдэлгэрээс хөдлөөд араа сольдог төмрөө хугалчихав. Замд жаахан саатаж байсан учир Түвшинбаатар өөрсдийгөө помогите нам гээд нэрлэчихсэн байв. Өмнөдэлгэрээс цаашлан хурхын сангийн аж ахуй байсан тосгоноор дайрч Баян-Адарга сум явлаа Хурхаас зүүн тийшээ салбал Биндэр, баруун тийшээ салахаар Баян-Адарга явдаг замтай юм. Баян-Адарга сум бол Онон голын хөвөөнд нарсан ойн дунд байдаг сайхан байгальтай нутаг юм. Баян-Адаргаас хойш утасны антены баруун талаар даваад явбал Норовлин шууд дээшээ өгсөөд явбал Ононгийн гүүрээр гарч Дадал явна. Ононгийн гүүрэн дээр бирваз /Голоор машин гаргадаг завь шиг юм/ байдаг боловч ус гүехэн үед том машин гаргадаггүй юм байна. Тиймээс бид Норовлин явах замаар тойрч Баян-Адаргаас хойш даваад Шуусын голд хонолоо. Гүүгл мэп хараад явахад төөрнө гэж үгүй билээ. 

Маргааш нь 12:00 цагт Дадал оров. Дадалын эмнэлэгт яваад очтол их эмч нь байхгүй 2 шинэ эмч нэлээд зан муутай хүлээж авав. Сумын эмнэлэгтэй танилцчихаад цааш түүхэн дурсгалт газар үзэв. Дэлүүн болдог гэдэг нэг толгой байна. Байгаль нь сайхан сум юм. Дадал сумын зүүн талд Чингис хааны хөшөөний урд байрлах 3 нуурын баруун талынх нь ширгэчихэж. Дунд нуур нь нэлээд багасчээ. Бид дэлгүүрээр ороод цааш төвөөс гарч Балжийн голын хөвөөнд хонолоо. Оюутнууд Доржбатын майханд цуглаж ярилцах, вино жаахан уусан бололтой маргааш нь ихэд нууж байв. 



2019.06.20. Өглөө нийгэм хамгаалал, халамжийн байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцав.

Анхаарах зүйл: Дадлагын өмнө нь очих газартайгаа холбоо тогтоож байж очих хэрэгтэй. Холбогдох газруудаар орж хүмүүстэй уулзаж хангалттай мэдээлэл олж авахын тулд суманд бол засаг даргын тамгын газартай холбогдож албан бичиг хийлгэж очвол саадгүй хүлээж авахаар байна. Үгүй бол очоод баахан саатна.

Дадлагын эхний өдрүүдэд хүүхдүүд нэлээд зутарсан боловч сүүлдээ дасчихав. ЭМНА 3 ангийн хүүхдүүдийн хувьд Доржбат маш ажилсаг, хар бор ажилд сайн, машин саатахад дугуй нөхөхөөс эхлээд хонь төхөөрөх, ачаагаа ачих, буулгах бүх ажлыг амжуулж байв. Харин охидоос Баялагмаа мах эвдэх, гэдэс цэвэрлэхээс эхлээд ойр зуурын ажлыг сайн хийдэг ажилсан хүүхэд юм.

Мичидмаа, Баялагмаа, Бадмаа, Боргилмаа нар нэг гал болж нэг майхантай явав. Гэтэл Мичидмаа нь давс ихтэй цай чанадаг (Хөвсгөлийнх) учир түүнийг нь Бадмаа, Баялагмаа ууж чадахгүй хангай говийн ялгаа гарч байв.

Энэ орон нутгийн дадлагын сайн тал 

  • Хүүхдүүд дадлагаар бие биенээ илүү таньж мэддэг.
  • Хээрээр хоноглож байгальтай ойр, байгальд майхнаа бариад амьдарч үзэв.
  • Хол замд тав тухаас илүү хамт олноо эрхэмлэж, тэдэнтэйгээ хамт явахын сайхныг үзэв.
  • Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн байгалийн сайхныг үзэв.
  • Шууз хийж сурав.
  • Хонь төхөөрч, гэдэс арилгаж, хоол хийж амьдрал үзэв.
  • Нэг хүний удирдлагаар хөдөлж, дэг журамтай байж, орой унтаж, эрт босож (24:00, 05:00) явж үзэв.
  • Өлсөж, ундаасч, ядарч үзэв.
  • Суманд нийгмийн ажилтны хэрэгцээ байдаг эсэх, шаардлага, нөхцөл байдлыг биеэр үзэв.
  • Маргааш нь өлсөхгүйн тулд нойроо хасаж маргаашийн хоолоо бэлтгэж үзэв. (Баялагмаагийнх жимбий, Түвшинбаатарынх хуушуур хийв.)
  • Ялаа шумууланд хазуулж, салхи шороонд даруулж үзэв.

Дадлагын маршрут төлөвлөгөөнөөс 2 хоног хоцорсон тул хоног богино, зам урт болов. Урьдчилж хэлэлгүй гэнэт очсоноос Дадалд хагас өдөр алдав. Мөн машин муугаас хугацаа алдсан.

Дадлагын явцад 5 хоногт 2 хонь гэж тооцсон нь мах ихдэв. Мөн шатахуун хөдөөд үнэтэй байснаас бидний төсөв дутах янзтай болж ирлээ. 

2019.06.22. Бямба гараг. 21-ний өглөө Дадлаас гарч Норовлингоор дайраад шууд явсаар Бэрхийн ойролцоо хоноглов. Замаасаа нэг айлаас амьд хонь авч ачаад хонох газраа ирж хонио гаргаад хоолоо хийж идээрэй гэж өгөв. Хоёр хүүтэй байсны нэг нь хонь муулж төхөөрөв. Баялагмаа гэдэс дотрыг цэвэрлэж чанахад бэлэн болгов. Маргааш нь Бэрх тосгонд өглөө 10 цагаас очиж эмнэлэгтэй нь танилцсаны дараа Хэнтий рүү 13:00 цагаас хөдлөв. Хэнтий ортол шороон замаар 70 км.



Жолооч сайн гишгэсний дүнд 15:00 цаг гэхэд Хэнтий орж аймгийн эмнэлэг, хөдөлмөр халамж үйлчилгээний газартай танилцаад захаар нь орж хорхогны мах бас бус юм аваад үдэш 22:30 цагт Хэрлэн голын хөвөөнд ирж хонолоо. Хүүхдүүд буудаллаж хоол ундаа идэж дуусаад 02:00 цагт Дамиа багш, 03:00 цагт би унтахаар хэвтлээ. Зарим охид шөнөжин ярилцаж хоносон бололтой байв.

Дадлага зохион байгуулахад анхаарах зүйлс

  •      Дадлагыг сум, сум дундын, тосгон, аймаг гэсэн 4 түвшний газруудтай танилцахаар зохион байгуулж болохоор байна.
  • Нэг газарт 1 өдөр гэж тооцвол дор хаяж 4 өдөр, дээр нь аймгийн эмнэлэг, бусад газруудтай танилцвал 2 хоног байх хэрэгтэй байв.
  • Агуулгын хувьд үйл ажиллагааны онцлог, тулгамддаг асуудлыг тодруулахаас гадна мэргэжилтэнтэй нь ярилцлага хийх, иргэдтэй уулзах, байгууллагын тоо баримттай танилцах. Үүнд хугацаа хэрэгтэй.
  • Нөөцийн зураглал хийхийн хувьд оюутнууд нөөц гэж юу болохоо сайн мэдэхгүй байдаг. Тиймээс нөөцийн зураглал хийх загвар гаргаж өгөх хэргэгтэй.
  • Зохион байгуулалтын хувьд зардал мөнгөнд update хийх шаардлагатай.
  • Хол газар зардал мөнгө нь их гарах боловч хүүхдүүд газар үзээд байгалийн сайханд явах нь зөв санагдав.
  • Майхан бариад өөрсдөө хүнсээ аваад хоолоо хийж идээд явах хэлбэрийг хадгалж үлдэх. Учир нь хүүхдүүд хамт байх 5 хоногийн хугацаанд анги хамт олны уур амьсгал сайжирч эерэг үр дүн гарна. Ангид байдаг жижиг бүлгүүд нэгдэнэ.
  • Өөрсдөөр нь хоол ундыг нь хийлгэж, ачааг нь ачуулж, майхныг нь бариулж явах нь тэдэнд хэрэгтэй.
  • Автобусны хувьд 18 хүүхдэд 24 хүний автобус таарна. Дунд суудлыг авах бус хойд суудалд ачаагаа ачаад явах. Дээр нь бага зэрэг ачаа ачиж болох боловч суурин газарт торгуулах эрсдэлтэй.
  • Жолооч нас тогтсон томоотой хүн байх
  • Майхан савны хувьд багаараа нэг майхан авч явж болно. Гэхдээ салхинд тэсвэртэй дугуй хэлбэртэй байвал сайн. 
  • Нараар цэнэглэдэг эсвэл зайгаар ажилладаг гар чийдэн, гэрэл авч явах.
  • Зарим нэг хүүхдийн архаг олгой өвдөх, зарим тохиолдолд хоолны хордлогод орох гэх мэт эрсдлийг тооцож анхны тусламжийн хайрцаг бэлтгэж явах хэрэгтэй.
  • Махны хувьд эхлээд 1 хонь авч яваад замдаа суурин газраас махаа нэмж авч явбал тохиромжтой. Гол нь өөрсдөөр нь хонийг гаргуулж, эвдүүлж, цэвэрлүүлж хийлгэсэн нь зөв байв.
  • Хүүхдүүд бэлэн гоймон олноор авч явахгүй байх.
  • 1 хүүхэд 1-с илүүгүй цүнхтэй хувцастай явах.
  • Хогны уут 1 баг 1 боодлыг авах. Баг бүр өдөр өдрөөр ээлжлэн жижүүрлэсэн нь зөв байсан. 
  • Будаа, талх, боорцог их хэрэглэсэн. Кг-ын гурил огт хэрэглээгүй.


ü     2019.06.23. Хэрлэн голын хөвөөнд хоноход бид орой очиж буудалласан. Багш нар 02:00, оюутнууд бараг 5 гэж унтсан учраас маргааш нь аажуухан хөдлөв. Дадлага дууссан учраас бид багануурт зогсолгүй шууд дайран өнгөрөөд Улаанбаатарын зүг явлаа. Урд орой нь хийсэн хорхогны махаа автобусандаа идээд явав. Хүүхдүүд дуулав. Налайхын замыг засах ажил дуусаагүй байсан учир мөн л Төв аймгаараа тойрч нисэхээр хотруу оров. Орой 20:00 цагийн үед хотруу ороод замдаа 2 оюутан буулгаад сургууль дээр ирж оюутнуудаа тараалаа. Ийнхүү Ковидын өмнөх дадлага дууссан юм. Энэ оноос хойш 2022 оныг хүртэл орон нутгийн дадлага хийгдээгүй байж байгаад 2022 оны 6 сард Мөнх-Учрал, Авирмэд багш нар Архангай аймгаар дадлагыг авч явсан. Энэ жил Булган, Орхон аймгаар явахаар төлөвлөж байна. 

No comments:

Post a Comment