Монголын түүхийн мартаж болохгүй хар толбо, олон хүний зүрхийг зүсч, амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн тэр түүхэн үйл явдлын тухай түүх судлаачдын бичдэггүй, барих тавих баримтгүй чимхлүүр үнэнийг хүний сэтгэлийн гүнд үлдтэл бичсэн зохиол бол Цэвдэг жаран.
Манай түүхийн судалгааны зохиолд байдаггүй тэр өдөр тутмын үйл явдлыг
зохиолчийн логик сэтгэлгээгээр ургуулан төсөөлж, буулгасан. Үнэхээр л тийм
байсан болов уу гэмээр үйл явдал, түүхэн зүтгэлтнүүдийн үзэл бодол, итгэл
үнэмшил, айдас, түгшүүрийг зохиолчийн төсөөллөөр дамжуулан уншигчдад хүргэж
чаджээ.
Түүхээс бяцхаан сөхвөөс хэлмэгдүүлэлт бол дэлхийн 2-р дайн болох дөхчихсөн Герман,
Япон, Итали зэрэг улсууд холбоо тогтоож ЗХУ, Англи, Францын эсрэг хумсын толион
чинээ оч үсрэхэд дайн эхлэхээр байсан цаг дор ЗХУ-аас стратегийн ач холбогдол
бүхий Монголын газар нутгийг өөрийн нөлөөндөө барьж байхын тулд хэд хэдэн удаа туршиж үзчихсан башир аргаараа зохион байгуулсан яргалал байлаа.
До.Цэнджав зохиолчийн Цэвдэг жаран зохиол бол хэлмэгдүүлэлтийн үеийн
ялангуяа түүхэнд Гэндэн, Дэмидийн хэрэг гэх нэрээр үлдсэн хэргийн тухай голлон бичсэн зохиол юм. Манай түүхийн
судалгаанд байдаг нэг дутагдал нь түүхэн үйл явдал, түүхэн хүний тухайн үеийн
үзэл бодол, нарийн ширийнийг нүдээр үзсэн мэт харж болдоггүй, баримтад хүлээтэй
байдаг билээ. Харин түүхэн уран зохиол тэр
хоосон орон зайг нөхөж олон нийтэд түүхэн үйл явдлын тухай тодорхой төсөөлөл
ойлголт өгдөг давуу талтай.
Тус зохиолоос Гэндэн, Дэмид, Амар, Лхүмбэ, Чойбалсан, Малж зэрэг улс төрийн
зүтгэлтний үзэл бодол, үйл хэргийн алдаа оноо, дотоод үзэл бодлын зөрөлдөөн, их
гүрний хүчний өмнө хэрхэн хүчин мөхөсдөж, арга барагдаж байсныг тодоор харж
болно. Үнэхээр л Оросын удирдагчид Монголын нам, төрийн удирдлагыг Москвад
дуудаж хүүхдээ загнаж буй мэт яаж дээрэнгүй ханддаг байсныг, бага орны
удирдагчдын зовлон ямар байдгийг мэдэрч болно.
Цөвүүн цаг ирэхэд хань ижил, хамтран зүтгэгчид нь яаж урваж шарваж, өөрийг
нь хаяж оддогийг, шударга үнэний төлөө явсан хүмүүс хэрхэн ганцаардаж, хавчигдаж
байсныг уншиж, сургамж авч болно.
No comments:
Post a Comment