Menu

Sunday, November 15, 2020

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ



Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой энэ жил тохиож байна. 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монголын хияд-боржигин аймгийн язгууртан Есүхэй баатрын Өгэлүн хатнаас нэгэн хөвүүн мэндэлсэн нь Тэмүжин байлаа.
Дунд үеийн Монголын түүхчид их хааныг тахин шүтэх үзлийн үүднээс цагийн сайныг бэлгэдэн түүний төрсөн хугацааг хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болгон өөрчлөн зохиол бүтээлдээ олонтаа бичжээ. Үүнийг баримтлан саяхныг хүртэл их хааныг 1162 оны 5-р сарын 31-нд төрсөн хэмээн бид үзсээр ирсэн юм. Сүүлийн үеийн түүхийн судалгаагаар Тэмүжинийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн болохыг тогтоож, үүнийг Монгол улсын Ерөнхийлөгч баталгаажуулан зарлиг гаргасан билээ. Ингэх болсны хамгийн гол учир зангилаа нь Тэмүжинийг мэндлэх үед түүний эцэг Есүхэй баатар Татар аймгуудтай амжилттай байлдаад ирсэн үе юм. Монголчууд, ер нь нүүдэлчид хаврын тачир цагт, адуу туранхай байхад аян дайнд явдагггүй. Намар агт таргалсан үед, мөн өвлөөр дайн байлдаан хийдэг байсан билээ.
Тэмүжиний мэндэлсэн газар нь Онон мөрний Дэлүүн болдог юм. Энэ бол одоогийн Монгол улсын Хэнтий аймгийн Дадал сумын төвийн зүүхэнтээ орших жижигхэн болдог толгой билээ. Харин одоо Монгол улс хоёр Дэлүүн болдогтой болоод байна. Сүүлийн үед бий болсон Дэлүүн болдог-II бол Хэнтий аймгийн Биндэр сумын урд орших Ламын ухаа хэмээх толгой юм. Монголын төрийн зүгээс анхаарал тавьж, түүхийн судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран Их хааны төрсөн газрыг нэг мөр болгох шаардлагатай байна.
Монголчуудын есийн тооны бэлгэдлийн нэртэй Есүхэй баатар шинэ мэндэлсэн хөвүүндээ Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Тэмүжин бол төмөрчин гэсэн утгатай үг билээ. Монголчууд төмрөөр эд зүйл хийдэг хүнийг ихэд хүндлэн тусгай эрх дарх олгосноор тэднийг дархан хэмээн нэрлэх болсон билээ. Дорно зүг Эргүнэ гүнд очиж хоргодсон язгуур монголчууд төмрийн хүдэртэй уулыг хайлуулан гарч ирэхэд төмрийн дархан нар чухал үүрэгтэй оролцжээ. Тэдний гавьяат үйлийг Монголын хаадын Боржигин овгийнхон жил бүрийн цагаан сараар дурсаж, багахан төмөр улайтгаж хас дээр цохиж давтах ёслол хийдэг байв. Чухам энэ хүндэтгэл, бэлгэдлийг бодож Есүхэй баатар хөвүүндээ Тэмүжин буюу Төмөрчин гэдэг гүн утга учиртай нэр хайрлажээ.
Есүхэй баатар Монгол улсын анхны хаан Хабулын ач хөвүүн байсан бөгөөд хөвүүдээ жинхэнэ талын язгууртны ёсоор хүмүүжүүлжээ. Тэмүжин бага насандаа өнчрөн амьдралын хүн хүчрийг туулсан. Тэр хүн бэрх саад зовлонд бууж өгөөгүй, харин давж гарсан юм. Амьдрал түүнийг хатуужуулж, зоригжуулж, ухааруулж өгчээ. Багадаа нохойноос цочимдуу байсан Тэмүжин хүү хатуу чанга, ухаалаг, зоримог, сэргэлэн, зальтай, алсын хараатай хүчирхэг эр хүн болж төлөвшсөн байна.
Тэмүжин тэнгэр, нар, сар шүтдэг бөөгийн шашинтан байлаа. Түүний бүх амьдрал, үйлдэл, үйл ажиллагаа бөөгийн шашинтай нягт холбоотой. Тэмүжин бөө нарын итгэлийг олж, тэднийг улс байгуулах хатуу ширүүн тэмцэлдээ чадамгай ашигласан юм.
Чингис хаан бол Монголын нийгмийн захиалгаар гарч ирсэн түүхэн хүн юм. Тэр одтой тэнгэр орчиж, хөрсөн дэлхий дэлхий хөрвөж байсан үймээнтэй цаг үед олон овог аймаг улсуудыг нэгтгэн нэгдсэн улс байгуулж, энх амар тайван амьдрах нийгмийн захиалгыг биелүүлсэн юм. Чухам тийм учраас түүний тэмцлийг өргөн олон нийт дэмжиж байсан юм. 1189 онд бөө нарын ятгалга, хэсэг язгууртны дэмжлэгээр хаан болсон Тэмүжин 1206 онд олон түмний дэмжлэгээр Их Монгол улсыг байгуулж чадсан юм. Алдарт Наху баянаас авахуулаад адуучин Бадай, Хишилиг хүртэл нийгмийн бүх төлөөлөл түүнийг дэмжиж байв. Ард түмний дэмжлэг хамгийн хүчтэй нь байлаа.
Дэлхийн түүхэнд нийгмийн том үйл явдал ямар ч өө сэвгүй, цэвэрхэн явагдаж байгаагүй. Тийм байх ч боломжгүй. Чингис хааны Их Монгол улс байгуулахын төлөөх тэмцэл амар хялбар байгаагүй. Дайн байлдааны явцад олон хүн амь насаа алдаж, шархдаж, өнчирч байсан. Зарим овог аймгийн эрчүүдийг толгой дараалан хядаж устгах, урьдын өш хонзонгоо авах явдал ч байсан. Чингис хаан тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн болохынхоо хувьд энэ бүхнээс ангид байгаагүй, байх ч боломжгүй юм.
Чингис хааны гадагш хийсэн аян дайны олонхи нь гадаад шалтгаан, шалтагтай байсан гэж бүрнээ хэлж болно. Зүрчидийн Алтан улс олон жил монголчуудыг дарлаж, хаан язгууртнуудыг нь хороож байсан тул өш хонзонгоо авах нь зүй ёсны хэрэг байлаа. Мөн тэдэнд дарлагдсан ах дүү хятанчуудыг чөлөөлөх нь бас л хүндэтгэх шалтгаан юм. Өөрийн өст дайсан Хүчүлүгийг бүрэн дарахын тулд Хар Хятан улсыг довтлон эзэлснийг аюулгүй байдлаа бататгасан хэрэг гэж үзнэ. “Алтан аргамж” болсон элч нарыг нь алж дээрэмдсэн, доромжилсон Сартуул улсыг дайлаар мордож мөхөөснийг яаж ч буруутгах арга олдохгүй байна.
Чингис хаан Монгол үндэстнийг бүрдүүлэн тогтоож, сэргээн мандуулсан түүхэн гавьяат хүн юм. Хүннү гүрний үед Модун шаньюйн удирдлагаар мандан бадарч явсан эртний монголчууд аажим бууран доройтож, улмаар Эргүнэ гүнд очиж нутагласан юм. Тэгвэл дунд үеийн язгуур монголчуудын сэргэн мандалт, хүчирхэгжилтийг удирдан зохион байгуулагч нь Чингис хаан байв. Талын малчин, ойн анчин, монгол, түрэг, европжуу төрхтөн, бөөгийн шашинтан, несториан шашинт, бурхны шашинтай олон овог аймаг улсуудыг Их Монгол гэдэг нэгэн улсын бүрэлдэхүүнд нэгтгэн захирч соёл, засаг захиргаа, хууль зүйн нэгдсэн бодлого явуулсан юм. Үүний үр дүнд Монгол үндэстэн бүрдэн тогтсон билээ. Монголчуудыг юу нэгтгэдэг бэ ? угсаа гарал, хэл, түүх, соёл, шүтлэг гэсэн зүйлс нэгтгэдэг. Энэ бүхнийг монгол хүний ухамсарт шингээж, Монгол төрийн бодлогоор хэрэгжүүлсэн хүн нь Чингис хаан байлаа.
Чингис хааны удаах түүхэн гавьяа бол Монголын нийгмийн харилцааг өөрчилсөн явдал юм. Нийгмийн харилцааг өөрчилнө гэдэг бол тийм амар хялбар зүйл биш ээ. Тэрбээр овог аймгийн зохион байгуулалт, овгийн ёс журмыг халж, эзэн харьяатын шинэ харилцааг ялуулж тогтоосон билээ. Энэхүү эзэн, харьяатын шинэ нийгмийн харилцааг хууль зүй, засаг захиргаа, улс төрийн том бөгөөд эрс шинэчлэл хийж тогтоосон юм. Хууль зүйн талаар “Их засаг” хуулиар шинэ нийгмийн харилцааг зохицуулан баталгаажуулжээ. Засаг захиргааны хувьд Хүннү гүрний үеийн мянганы зохион байгуулалтыг сэргээн хэрэглэснээр овог аймгаараа амьдрах хуучны ёсыг халжээ. Улс төрийн хувьд овог аймгийн эзэд удирдагчдыг улс төрийн эрх мэдэлгүй болгож, тэдний оронд цоо шинэ энгийн хүмүүсийг мянганы ноёдоор томилжээ. Монгол төрийн хүч чадал их, оршин тогтносон хугацаа урт байсан нь Чингис хаан шинэ үеийн төрийн албан хаагчдыг гаргаж ирсэнтэй холбоотой юм.
Чингис хаан Монгол үндэстний төрийг үндэслэн байгуулсан түүхэн гавьяатай хүн юм. Тэрбээр Монгол төрийн тогтолцоог шинээр эмхлэн байгуулж цэгцэлжээ. Шүүх засаглалыг гүйцэтгэх засаглалаас салгасан нь тухайн цаг үедээ асар том дэвшил болсон юм. Хурлын байгууллагыг шинээр эмхлэн зохион байгуулав. Их Монгол улсад алтан ургийн Их эе ба Их хуралдай гэсэн хоёр хурлын байгууллага ажиллаж байлаа. Монгол үндэстний төрийн нийслэл хотыг 1220 онд байгуулжээ.
Чингис хаан олон жилийн салангид тархай, дайн самуунтай байдлыг эцэслэж, нэгдсэн улс байгуулснаар Монголын нийгэм-эдийн засаг, соёлыг хөгжүүлсэн их гавьяатай хүн юм. Монголын нийгмийн амьдралын салбар бүрд их эзэн Чингис хааны хийсэн шинэчлэл, явуулсан бодлого тод ул мөрөө үлдээсэн ажээ. Үүнд худам (язгуур эртний) бичгийг төрийн албан бичиг болгосон соёлын бодлогоос эхлээд “Өнчдийн авлига” буюу өнчин ядуусыг тэтгэх нийгмийн халамжийн бодлого хүртэл бүгд багтана.
Чингис хаан Монголд анхны гэж болохуйц дархан газрыг бий болгосон юм. Тэмүжин залуу байхдаа Мэргидийн довтолгооноос зугадаж амь хоргодсон Бурхан халдун (одоогийн Их Хэнтий) уулыг “өглөө бүр мялааж, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухтугай” гэж захисан билээ. Хожим идэр насандаа “гурван мөрний тэргүүн хэнээ бээр бүү буулгадхун” хэмээн Бурхан халдун уулаас эх авдаг Онон, Хэрлэн, Туул гурван голын эхийг хамгаалах зарлиг буулгажээ. Энэ ёсоор одоо хүртэл Бурхан халдун уулыг тахиж, хамгаалж, хайрласаар байна. Өнөөдөр их эзэн хаан тэр ариун дагшин газраа амар тайван нойрсож байна.
Чингис хаан бол монголчуудын үе үеийн шүтээн аугаа их хаан төдийгүй дэлхийн хүн байсан юм.
Чингис хаан дэлхийн хэмжээний цэргийн аугаа жанжин мөн. Түүний төмөр мэт хатуу сахилга баттай, нарийн зохион байгуулалттай цэргийн морины туурай хүрсэн газар бүртээ ялалт байгуулж байлаа. Монголын хөдөлгөөнт хөнгөн морин цэрэг дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг болж чадсан нь Чингис хааны нэртэй шууд холбоотой. Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неру-гийн хэлсэнчлэн Ромын Цезарь, Персийн Александр хоёр түүний дэргэд юу ч биш байлаа. Чингис хаан аугаа их жанжин байсан төдийгүй цэргийн нэрт зохион байгуулагч байв. Түүний дөрвөн хүлэг баатар Боорчу, Мухали, Борохул, Чулуун, дөрвөн нохой Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй, байлдаанч Урууд, Мангуд аймгийн Жүрчидэй, Хуйлдар нар бол дэлхийн хэмжээний жанжид байсан юм.
Чингис хаан дэлхийн дипломат харилцаанд шинэ ёсыг бий болгогч мөн. Их Монгол улсын элчийг алж хороосон, доромжилсон явдлыг хэрхэн гэсгээн цээрлүүлснийг бид сайн мэднэ. Чингис хаан төрийн элчийг “алтан аргамж” гэж хүндлэн үзэж байв. Ухуна тэргүүтэн 100 элч нь алагдсны тул “алтан аргамжаа Сартуул иргэнээ хэр тасалдан бүлгээ” гэж мэдэгдэж байв. Зүүн өмнө зүг Алтан улстай дайтаж байсан Чингис хаан баруун зүг Сартуул улстай нэгэн зэрэг хоёр талбарт байлдах нь маш эрсдэлтэй алхам байсан билээ. Хэдий тийм боловч тэр Дээр тэнгэрт ивээгдэн явж, Сартуул улсыг байлдан мөхөөсөн юм. Одоо цагт элчин сайд хүний онц бөгөөд бүрэн эрхийг хүндэтгэн хуульчилж, Венийн конвенциор баталгаажуулан мөрдөж байгаад Чингис хааны хувь нэмэр их байгаа гэдэг нь маргаангүй.
Чингис хаан бол дэлхийд шинэ дэг журам тогтоогч мөн. Ази ба Европ тивийг тэгнэсэн “Монголын энх тайван” буюу “Пакс Монголика” гэдэг үзэл суртлын үндсийг тавигч нь Чингис хаан юм. Харилцан дайсагналцсан олон улс орон монголчуудын харьяанд орж, Монголын тугийн доор энх тайвнаар зэрэгцэн оршсон Монголын эрин зууныг Чингис хаан үндэслэсэн юм. Ази ба Европ тивийг тэгнэн оршсон Монголын эзэнт гүрэн даяар нийтийн амар амгалан, энх тайван ноёрхож байлаа. Тиймээс XIII-XIV зууныг дэлхийн түүхэнд “Монголын зуун” хэмээн нэрийддэг юм.
Чингис хаан дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа-интеграцчлалын үндсийг тавигч мөн. Чингис хаан Монголын ба эзлэгдсэн бусад орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжин тэтгэгч байсан юм. Баян малчдыг ямагт дэмжигч байсан Чингис хаан худалдаачдыг бас ихээр дэмжиж байлаа. Чингис хаан Монгол нутгаас хонь худалдаж аваад явж байсан Сартуулын худалдаачин Хасантай уулзаж байсныг бид мэднэ. Их хааны ивээл дор худалдаа наймаа хийж ашиг орлогоосоо төрд тушаадаг ортог гэдэг худалдаачид, худалдааны байгууллага бий болж, улс орон дамнан худалдаа хийх болжээ. Чингис хаан эзлэгдсэн орнуудын эдийн засгийг зориуд санаатайгаар эвдэн сүйтгэж байгаагүй, харин зохих алба татвар оноож байв. Дайны хөлд автсан газрууд тун удалгүй сэргэж, худалдаа эдийн засаг нь хөгжиж байв.
Чингис хаан дэлхийн оюун санааны чөлөөт үзлийг үндэслэгч мөн. Тэмүжин бөөгийн шашинтан байсан боловч бусад бүх шүтлэг шашинд хүндэтгэлтэй ханддаг байв. Тэр хэзээ ч бусдын шүтлэгт халдаж байгаагүй. Их Монгол улсад ч, түүний үндэс суурийг нь тавьсан Монголын эзэнт гүрэнд ч шашин хоорондын зөрчил тэмцэл, мөргөлдөөн гарч байгаагүй юм. Чингис хаанаас өмнө дэлхийн түүхэнд шашнаараа талцсан дайн самуун Загалмайтны аян дайн, Лалын шашинтнуудын хүчирхийлэл байсан. Түүнээс хойш ч, одоо цагт ч шашин хоорондын зөрчил, дайн самуун тасрахгүй хэвээр байна. Шашин хооронд төдийгүй шашны урсгал хоорондоо тэмцэлдэж байлдаж хямралдсаар байна. Ийм самуунтай цагт дэлхий дахин Чингис хаанаас суралцах ёстой. Чингис хааныг залгамжлагч их хаад түүний энэ бодлогыг үргэлжлүүлэн явуулсан юм. Нийслэл Хархорум хотод шашин хоорондын маргаан мэтгэлцээнийг хэдэнтээ зохион байгуулж байсан нь дэлхийн түүхэнд хүндтэй байр эзэлдэг юм.
Чингис хаан салангид тусдаа байсан дорно ба өрнийн соёлыг холбож дэлхийг хөгжлийг урагшлуулагч мөн. Дорно ба өрнийн эдийн соёл худалдаа наймаагаар дамжин солилцох болсон бол оюуны соёл шашин болон худалдаагаар дамжин нэвтэрч байсан ажээ. Ингэж Өрнө, Дорно дахин хоёр бие биеийн эдийн засаг ба соёлоос харилцан суралцаж дэвшилтэт зүйлсийг авч хэрэглэснээр дэлхийн хөгжил ихэд урагшилсан юм.
Чингис хаан дэлхийчлэл буюу даяаршлын үндсийг тавигч мөн. Глобаль гэдэг үгийн шууд орчуулга бол дэлхий билээ. Чингис хаан зөвхөн Монголыг харж, Монголыг төсөөлж, Монголоор сэтгэж байсангүй. Тэр дэлхийг харж, дэлхийн хэмжээнд сэтгэж байв. Тэрбээр Ази ба Европ тивийг дамнасан, монголчуудын тугийн доор харьяалагдсан нэгдмэл нэгэн дэлхийг харж, сэтгэж байсан юм. Салангид, хол хөндий, дайсагналцсан Дорно, Өрнө хоёрыг Чингис хаан даяаршуулах үндсийг тавьжээ. XIII зуунд Чингис хааны эх суурийг нь тавьсан дэлхийчлэл XXI зуунд шинэ өнгө аястай болж хэрэгжиж байна.
Чухам ийм ийм дэлхийн хэмжээний өөрчлөлт хийсэн учраас Чингис хааныг дэлхийн хүн гэж үнэлэн үздэг. Чухам ийм учраас Чингис хааныг дэлхийн II мянганы хүнээр өргөмжилсөн юм.
Чингис хаан бол үлгэр домгийн баатар биш, дээрээс бууж ирсэн тэнгэрийн амьтан биш ээ. Тэр бол эгэл жирийн хүн байсан юм. Тэр бусдын адил юмнаас айдаг, зовдог, уйлдаг, энэрч хайрладаг, бас үзэн яддаг, бусдын адил ядардаг, харддаг, өш хонзонгоо авдаг, ялж бас ялагддаг хүн байсан билээ.
Тэмүжин аугаа их хаан байсан боловч түүний хувцас хунар, хоол унд, харилцаа маш энгийн байв. Тэр энэ тухайгаа Хятадын лам Чан чун бумбатай уулзахдаа хэлсэн байдаг. Их хаанд тусгай хангамж, элдэв хөнгөлөлт гэж бараг байсангүй. Харин түүний биеийг хамгаалах түмэн хишигтэн цэрэг байв.
Чингис хаан бол морьтон монгол байсан. Тэмүжин морин дэл дээр өссөн. Тэмүжин морин дээр зовон зүдэн явж Их Монгол улсыг байгуулсан. Тэмүжин морьтойгоо ан хийж яваад мориноосоо унаж өвдөөд тэнгэрт гарсан.
Монголчууд бидэнд бахархах, хайрлах, хамгаалах үнэт зүйлс олон бий. Тэр бүх үнэт зүйлсийн хамгийн охь манлай нь их эзэн Чингис хаан билээ. Чингис хааны үлдээсэн өв асар их ээ. Түүний хувь хүний зан чанар, удирдагч хүний үлгэр жишээ, засаглах бодлогын зөв чиг шугам нь өнөөгийн Монгол хүн бүрийн сахин мөрдөх, бахархан дууриах үнэт зүйл болсоор байна.
Их эзэн Чингис хааны минь суу заль, сүр хүч үүрд мандан бадрах болтугай.
Дээр тэнгэр бид бүхнийг ивээг
Дуутан. Ж.Гэрэлбадрах

No comments:

Post a Comment