Миний бие 2019 онд болсон
нэгэн хурал дээр АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, монгол номны мэргэжилтэн, хэл шинжлэлийн доктор
М.Саруул-Эрдэнэ гуайн нэгэн сонирхолтой илтгэлийг сонссон юм. Тэрээр Дилов
хутагт Жамсранжавтай холбогдох хэд хэдэн захидлыг АНУ-ын Конгрессын номын сангаас
олж үзсэн бөгөөд тэдгээрийн агуулгыг харьцуулж үзвэл Жамсранжав нь Монголын
Засгийн Газрын даалгавраар гурав дахь хөрштэй холбоо тогтоохоор хилийн дээс
алхжээ гэсэн дүгнэлтийг хийж байсан билээ. Үүнээс үүдэн ХХ зууны Монгол улс
гурав дагч хөршийн эрэлд гарч хөрш улсуудын геодолитикийн бодлогын нөлөөнд
хавчигдан ямар хувь заяаг туулж ирснийг энэхүү Дилов хутагтын улс төрийн
амьдрал тод харуулж байсан юм.
Дилов хутагт Жамсранжав нь
1883 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төрсөн бөгөөд таван настай байхдаа Дилов
хутагтын дүрээр тодорсон байна. 21 нас хүртлээ шашны үйл хэрэгт идэвхтэй
суралцаж байгаад Наробанчин гэгээн Пүрэвжавыг таалал төгссөний дараа төр
захиргааны хэрэгт идэвхтэй оролцох болсон байдаг. 1916, 1919 онуудад
Хатанбаатар Магсаржавын хамт Монголын баруун өмнөд нутгаар гарсан үймээнийг
дарах, Тагна урианхайг тохинуулахад хамт явж цэргийн ламын үүрэг гүйцэтгэж Богд
хаанаас шан харамж хүртэж байжээ.
1920 онд хүрээнд ирж
хувьсгалын үйл хэрэгт оролцож Монголын тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах үйл
хэрэгт оролцож эхэлсэн байна. Нэгэн удаа Америкаас Тухайн үед Хятадад консулаар
сууж байсан Эберхард Монголын нөхцөл байдалтай биеэр танилцахаар тав хоногийн
хугацаатай Хүрээнд ирэхэд Жалханз хутагт, Дилов хутагт зэрэг АНУ-ын талыг
баримталж байсан хүмүүст Эберхард Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд тусалж
болох мэт сураг дуулан богд хаантай зөвлөж Жалханз хутагтыг Эберхардтай уулзаж
тусламж гуйсан бичгийг өгүүлэхээр болсон бөгөөд Ларсангаар хэлмэрчлүүлэн учир
байдлыг тайлбарлан Богд хааны захидлыг өгсөн байна. Дилов хутагт нь Эберхардыг
Монголд ирэхээс 6 сарын өмнө буюу 1919 оны 11 сард Бээжинд очиж Бээжин дэх
АНУ-ын хэргийг түр хамаарагч Чарьлз Д.Тэннэйтэй нууцаар уулзаж тусламж хүссэн
байдаг. [М.Саруул-Эрдэнэ. Дилова
хутагт гуравдагч хөршийн эрэлд: Конгрессын Номын Сангаас олдсон гурван захидал.
Нийтлэл]
Монголд өрнөсөн
хэлмэгдүүлэлтийн үеэр Дилов хутагт Жамсранжавыг хэлмэгдүүлж 1925 онд түүний
сууж байсан хийдийн хөрөнгө, 1929 онд өөрийн хөрөнгийг хурааж, Улаанбаатар
хотод дуудан ирж байцаажээ. Түүнийг Эргэдэндагвын хэрэгт холбогдуулан байцааж
байгаад таван жил тэнсэн харгалзах ял өгч сулласан байна. Тэрээр суллагдаж
нутагтаа ирсний дараа өмнөд хилийг нууцаар даван явжээ. Түүнийг хил давсны
дараа Дилов хутагт оргож хил даван зугтсан тухай цуу яриа тарсан байна. Гэвч
угтаа Дилов хутагтыг дуудан байцаах явцдаа Дотоод яамнаас нууц даалгавар өгч
тагнуулын ажиллагаа явуулахаар урагш хил давуулан явуулсан нууц төлөвлөгөө
байжээ.
Тухайн үед Монголын гадаад
байдал түгшүүртэй болсон байлаа. Япончууд цэрэг зэвсгийн давуу байдлаа ашиглан
Зүүн хойд Хятад, Өвөр Монголд нөлөөгөө тогтоож эхэлсний дараа давуу байрлалаа
ашиглан Монголыг өдөөн хатгах ажиллагаа явуулж эхэлжээ. Мөн Гоминданы зүгээс
Японы эсрэг дайсагнах үйл ажиллагаа явуулж байв. Энэ үйл ажиллагаандаа Ванчин
богдыг ашиглаж “Ванчин богд 10000 цэрэгтэйгээ Монголын хилд ирээд ардын засгийг
устгаж бурхны шашныг мандуулж, засаг төрийг шинэчлэн байгуулах гэж байна.”
гэсэн цуу яриа гаргаж ард олны сэтгэлийг үймүүлж байв. Энэ үед ардын засгийн
газраас Гоминданы засгийн газар Монголын талаар ямар ямар үйл ажиллагаа явуулж
цаашид юу хийхээр төлөвлөж байгааг тагнан мэдэх, улсын аюулгүй байдлыг хангах
нь чухал асуудал болжээ. Иймээс Ванчинбогдтой ойртон дотносож, холбоо тогтоож
ажиллах хүн хэрэгтэй болсон нь Жамсранжав байж таарчээ. Жамсранжав өмнө нь
Банчин богдтой уулзах хүсэлт илгээж хувийн захидал илгээж байсан нь түүнийг
дотоод яамныхан сонгоход хүргэжээ. [Г.Пүрэвдорж.
Дилов хутагт Жамсранжав. Дилов хутагт Жамсранжав: Бүтээл, намтар, дуртгал.
Эмхэтгэсэн Д.Баярсайхан. УБ., 2018. тал. 231] Гэхдээ тэрээр Хятадад дүрвэн
гарсныхаа дараа Монгол улсыг гурав дагч хөрштэй холбох ялангуяа АНУ-тай холбоо
тогтоох ажлыг тасралтгүй хийж ирсэн нь түүний захидлуудаас харагддаг. Энэ нь
Монголын Засгийн Газраас өгсөн нууц даалгавар гэхээс илүү Монголд байх үеэс
эхэлсэн өөрийнх нь хувийн үзэл баримтлал байсан байж болох юм.
Жамсранжав Монголын хилийг
даван Бат хаалганы сүмд сууж шашны үйл ажиллагаа явуулж байгаад 1932 оноос
Бээжин, Тянь Жин хотуудаар явж Банчин богдтой уулзан итгэлийг олж авчээ.
Бээжинд байхдаа тэрээр Дэмчигноровтой уулзаж Америкийн эрдэмтэн Оуэн Латтимортой
танилцжээ. Тэрээр Банчин богдыг дагаж Хятад, Өвөр Монгол, Манжуураар явж
байснаа Цахарт хэсэг суурьшин амьдарчээ. Япончууд 1932 онд Монголоос оргон
гарсан өрх айлуудыг нэгтгэж хошуу байгуулан Дилов хутагтад захируулсан байна.
Гэвч Дилов хутагтын араас тагнуул туршуулаар илгээсэн монгол иргэд Японд
баригдан зарим нь өөрсдийн зорилгоо илчилснээр Дилов хутагтыг сэрдлэгэд
өртүүлэн болгоомжлох үүднээс Хятадын өмнөд нутагт шилжин амьдрах болжээ.
Дилов хутагт 1941 оноос
Хятадын ерөнхийлөгч Чан Кай Ши-н дэргэд Монгол Төвөдийн асуудал хариуцсан
зөвлөхөөр ажиллах болсон байна. 1945 онд албанаас чөлөөлөгдсөний дараа Төвөд,
Энэтхэг, Балба улсуудаар шашны асуудлаар явж байгаад 1947 онд Нанжин хотноо
иржээ. Нанжинд шашин номын ажлаа эрхэлж байгаад Чан Кай Ши-н зөвлөх байх үед
Оуэн Латтимор мөн түүний зөвлөх байсан бөгөөд 1949 онд Латтиморын урилгаар
АНУ-д очжээ. Дилов хутагт Хятадад дүрвэн гарсан цагаасаа эхлэн АНУ болон
гуравдагч хөрштэй холбоо тогтоох арга эрэлхийлж байсан мэт. Энэ зорилгын
хүрээнд Латтимортой холбогдож танилцсан бөгөөд түүнд тогтмол захидал явуулж
Монголын улс төрийн байдал болон гурав дагч хөршийн харилцаа тогтоох хүсэлтийг
удаа дараа илэрхийлж байсан байдаг. Тиймээс ч хожмоо түүнийг Оуэн Латтимор
АНУ-д урьж авчирч, насан туршийн анд нөхөд болцгоожээ.
Дилов
хутагтын Хятадад өнгөрүүлсэн үеийн хамгийн гунигтай явдал нь 1946 оны намар
Монголын бүрэн эрхт төлөөлөгч Бээжин хотноо хүрэлцэн ирэхэд тэрээр Монголын
төлөөлөгчтэй уулзахаар очиход хүлээж авах нь байтугай тоож ч үзээгүй байна.
Харь газар халуун амиараа дэнчин тавьж Монгол улсын төлөө зүтгэж явсаар эцэст
нь ийм байдалд орсондоо маш их гомдол өвөрлөжээ. Гэвч тэрээр насан туршдаа
Монгол улсын тусгаар тогтнолыг гурав дагч хөршөөр хүлээн зөвшөөрүүлж холбоо
тогтоолгох гэсэн хүсэл, оролдлого нь 1961 онд биелэгдэж Монгол улс НҮБ-ын
гишүүн болоод Монголын Гадаад яамны 1-р орлогч сайд Д.Цэвэгмид НҮБ-ын Ерөнхий
ассамблейн чуулган дээр үг хэлж байхад тус танхимд хүрэлцэн ирж нулимс
дуслуулан суусан гэдэг.
Түүний Латтиморт бичиж байсан
зарим захидлуудын тухай тус номын сангийн мэргэжилтэн доктор М.Саруул-Эрдэнэ
гарган тавьж нийтлэл бичсэн байна. Энэ захидлаас дараах нэгэн захидлын агуулга
нь Дилов хутагтын гурав дагч хөршийн эрэл хайгуул, улс төрийн зорилгыг тод
харуулж байгаа юм.
Дилова хутагтаас АНУ-ын Элчин сайдад. 1932 оны 1
сарын 15.
Өргөн мэдүүлэх нь: Манай Гадаад
Монгол нэгэн мянга есөн зуун арван нэгдүгээр онд өөртөөн зогсож, тусгай улс
болсноос нэгэн мянга есөн зуун арван есөн онд Думдад улсын Сүй Сү Жанг Хүрээнд
очиж, Монголыг хүчирхэн эзлээд, дарлан гасалгахуйд Монголын Цэвээн тэргүүн[5]
Цагаан Оросын Барон Унгерн лугаа нийлж, цэрэг элсэн Хүрээнд байлдан орж, Иргэн
цэргийг хөөн гаргаж, Монгол улсыг дахин тогтоожээ[6]. Нэгэн мянга есөн зуун
хорин онд Халх Монголын Засагт хан, Жалханз хутагт тэргүүлэн, хутагт, ван, гүн,
түшмэл олон хүн зөвлөж[7],
Их Америк улс лугаа найрамдал
байгуулан түшиглэж, Монголын өөртөө эзэрхэх эрхийг хамгаалахаар тогтоод тус
Монголын
Жавзандамба хутагт хаантнаа айлтгаж
батлуулаад
Их Америк улсаас Хүрээнд очсон сайд
Ибархард[8] лугаа бүрэн учрыг
Ларсангаар[9] орчуулан хэлэлцэж,
тамгатай бичгээр
Их Америк улсын Засгийн ордноо
өргөснийг[10] зөвшөөрөн хүлээсэн бөлгөө. Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн онд
Улаан Оросын цэрэг тус Монголын хэдэн залуучуудын хамт гэнэт Хүрээнд орж ирээд
сүрээр улаан намын засгийг байгуулж, бүх хэргийг Оросоос заан сургаж, Монголын
хэд хэдэн залуучуудыг татан нийлүүлж хөдөлгөн, шажныг түлхэн унагах ба өмчийн
хөрөнгийг үгүй болгохыг зорьж, цаазыг хатуугаар явуулж, хүний зөвлөн хэлэлцэх
эрхийг тасалж, хүн галт зэвсгийг хадгалж болохгүй зэргийн аргыг хэрэглэж, Орос
улс манай Монголыг залгин хамтатгах санаа байдал илрэхэд олон монголчууд жигшин
гаславч арга олохгүйд адил зоригтон нар нууц зөвлөж, Оросын гараас гарах арга
эрэхийн тул намайг олны төлөөлөгчид томилон явуулжээ. Эдүгээ Богд хаан, Жалханз
хутагт нар үгүй боловч уг бүлгэмийн тэргүүлэгч Засагт ханы зэргийн олон хүн цөм
бүрэн дээр Гадаад Монголын олон хүн их төлөв
Их Америк улсыг бишрэн хүсэхийн тул
эл учрыг гаргаж, Думдад улсад суух
Их Америк улсын Элчийн сайд танаа
өргөөд гуйх нь дээд газраа уламжлан нэвтрүүлж, их улсаас өршөөн үзэж, даруй
түргэнээ арга тогтоон, бэрх зовлонд тохиолдсон Гадаад Монголын олон амьтныг
зовлонгоос гаргаж, Монголын шажин үндсийг бататган, өөрийн эрхийг өөрт
эдлүүлэн, монголчуудын хүсэл санаанд нийлүүлэн туслах ажаамуу хэмээн үүн тул
өргөв.
Гадаад Монголын төлөөлөгч Дилова
хутагт.
Монгол улсын хорин хоёрдугаар он,
тэргүүн сарын 15
[М.Саруул-Эрдэнэ.
Дилова хутагт гуравдагч хөршийн
эрэлд: Конгрессын Номын Сангаас олдсон гурван захидал. Нийтлэл]
Уг захидлын
утга аясыг харвал Монголд өрнөсөн улс төрийн үйл явдлыг тоочоод Өөрийн биеийн
оролцоотойгоор АНУ-ын төлөөлөгчтэй уулзаж байсан үйл явдлыг дурсахын хамт
Монголын хэдэн залуучууд улаан Оростой нийлж засгийн эрхийг авч, Оросын
заавраар хөдөлж, шашныг устган, хөрөнгийг хурааж Орос улс Монголыг залгин
өөртөө хамтатгаж авах ажлыг Монголын залуучуудаар хийлгэж байгаа учраас гурав
дагч хөршийн өмгөөлөл хэрэгтэй байгааг учирлан бичжээ. Энэ бол Дилов хутагт
болон Гурав дагч хөршийн харилцааг эрэлхийлж байсан Монголын зарим улс төрийн
зүтгэлтнүүдийн үзэл баримтлал байжээ.
1949 онд өөрийн найз
Латтиморын урилгаар АНУ-д очиход Латтимор нь Балтимор хот дахь Жон Хопкинсийн
их сургуулийн гадаад хэлний салбарын захирал байв. Латтимор Дилов Хутагтыг
урихдаа Өвөр Монголоор Онон Өргөнгөө, Хангины Гомбожав нарыг хамт урьсан
байжээ. Дилов хутагт Жон Хопкинсийн их сургуульд жил зөвлөх багшаар ажиллажээ.
Энд ажиллаж байхдаа Америкийн Философийн нийгэмлэгийн захиалгаар “Гадаад Монгол
дахь Наробанчин хийд, Дилов хутагт” гэсэн өгүүлэл бичиж англи хэлээр
нийтлүүлжээ. Мөн Ар монголын улс төрийн дуртгал гэсэн номоо бичиж үлдээжээ.
Дилов хутагт АНУ-д анх очиж
суурьшсан монголчуудын дунд нэлээд нэр хүндтэй байж, тэнд амьдарч байсан
халимагуудтай хамтарч 1952 онд шарын шашны хийдийг байгуулж насан эцэслэтлээ
тэндээ ажиллажээ.
No comments:
Post a Comment