Menu

Saturday, December 28, 2019

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БИДНИЙ ҮЕД ХЭРХЭН ХАДГАЛАГДАЖ ИРСЭН БЭ?

Монголын нууц товчоо зохиол бол бидний үед хүртэл хадгалагдан үлдсэн XIII зууны үеийн хамгийг том бичгийн дурсгал юм. 1990 онд Монголын төрөөс монголын нууц товчооны түүхт 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгч 2004 онд Монголын нууц товчоог эрхэмлэн дээдлэх тухай, 2006 онд төрийн ордонд залах зарлиг буулгаж, хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг Монголын нууц товчооны агуулгаар явуулж байх болов. Айл бүр монголын нууц товчоог, морин хуурын хамт дээдлэн залдаг болов. Энэ бол тус хөлгөн судар монголчуудын хувьд ямар их үнэ цэнэтэйг бэлхнээ илтгэнэ.

Мөн ерөнхийлөгчийн зарлигт Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг” хэмээн тодорхойлсон байна. Тэгвэл монголын нууц товчоо сурвалж зохиолын хувьд ямаршуухан үнэ цэнэтэйг бид ямар ямар он цагийн саадыг давж бидэнд хүртэл хадгалагдаж ирснээс нь харж болно. Энэ тухай товч дурдая.
Монголын нууц товчоо бол анх бичигдсэн эх хувилбараараа бидэнд уламжлагдаж ирж чадаагүй бөгөөд, дам байдлаар хадгалагдаж ирсэн, монгол хэлээр бичигдсэн сурвалж юм. Бидэнд ирсэн эх нь хятад хэлээр галиглаж бичсэн байдлаар олджээ. Гэхдээ Монголын нууц товчоо бол тухайн цаг үедээ бичигдсэн цорын ганц зохиол гэж судлаачид үздэггүй. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Монголын нууц товчоог өгүүлэн буй үед зохиогдсон цорын ганц зохиол гэж болохгүй тухай “...Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй, жишээлж хэлбэл халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд өндөр нам олон нарсны зэргэлдээ ургадаг бишүү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг мөн гэж бодож болно”  хэмээн бичсэн байна.  Мөн Рашид-Ад-Дин өөрийн зохиолдоо Алтан дэвтэр тэргүүтэй олон арван зохиол ашигласанаа бичсэн байдаг нь үүнийг давхар гэрчилж буй гэлтэй.
Хятадын Мин улс Монголтой харилцах гадаад бодлогын хүрээнд “Хуа-и И-юй” хэмээх зүйл хуваасан томоохон толь бичиг зохиожээ. Уг толийг зохиохдоо “Юаны нууц түүх”-г лавлах болгон ашигласнаа дурдсан байна. Чухамхүү уг толийг зохиоход ашиглахын тулд  Монголын нууц товчооны монгол хэлний эхийг Хятад үсгээр галиглан буулгаж, 12 бүлэгт хуваан, монгол үгийг мөр дагуулан хятадаар хадан орчуулж, бүлэг бүрийн ард товч орчуулга хийн модон бараар хэвлэн гаргажээ. Энэ бол эрдэмтдийн дунд “Мингийн барламал эх” гэж алдаршсан эх юм. Энэ эх он цагийн уртад элэгдэн үгүй болж, бидэнд өвлөгдөж ирсэнгүй. Хожим Бээжингийн хааны ордны хуучин ном бичгийн  хөмрөгөөс уул эхийн хэсэг бусаг 41 хуудас, “Хуа-и И-юй” толийн 26 хуудасны хамт олдсон байна.[2]  Мөн Мин улсын Юн лэ хааны төрийн түүх “Юн лэ-гийн их хуульт бичиг” хэмээх 22877 боть зохиолыг туурвихдаа 5179-5193 хүртэлх 15 ботид нууц товчоог 15 бүлэгт хуваан нэгэн дэвтэр болгон оруулжээ. Ингэж Нууц товчооны 15 дэвтэр бий болжээ. Юн лэ хааны төрийн түүх “Юн лэ-гийн их хуульт бичиг”-г 1562-1567 онд Бээжинд дахин нэг хувь хэвлэсэн байна. Дахин хэвлэх үед 2242 дэвтэр нь нэгэнт алга болсон байжээ. Харин Монголын нууц товчооны хэсэг үрэгдээгүй учир хэвлэлд орсон байна. Хармсалтай нь энэхүү эхүүд мөн л алга болжээ. “Юн Лэ-гийн Их хуульт бичиг”-ийн анхны хувь нь XVII зууны үед сүйдсэн бололтой. Хоёр дахь хувь нь 1900 оны үед үрэгджээ. Бидэнд үлдсэн Монголын нууц товчооны эх бол “Юн Лэ-гийн Их хуульт бичиг”-ийн эхний хоёр эхээс дахин хуулбарлаж авсан эх бидэнд уламжлагдан ирсэн байна. Эдгээр нь,
    
   1.Цянь Да син-ий хуулсан эх. Тэрээр 1772-1773 оны үед Бээжингийн судар зохиох төвийн хүрээлэнд ажиллаж байсан бөгөөд хааны ордны доторх архивийг үзэх эрхтэй байсан учир “Юн лэ-гийн их хуульт бичиг”-г олж үзэн түүн дотроос 15 дэвтэр Нууц товчооны эхийг “Юан төрийн нууц товчоон” нэрээр хэвлүүлсэн байна.
     2.Гу Гуанчэ-гийн хуулсан эх.  Тэрээр 1805 онд Монголын нууц товчооны 12 дэвтрийг олж аваад 15 бүлэг дэвтэртэй нь харьцуулан тулгаж, 12 дэвтэр нууц товчоог бий болгожээ.
   3.Жан Му- гийн 15 дэвтэрт эх. Жан Му 1841 онд “Юн лэ-гийн их хуульт бичиг”-ээс Нууц товчоог хуулан авч Гу Гуанчэ-гийн 12 дэвтэрт эхтэй тулгаж, “Юан төрийн нууц товчоог харьцуулсан нь” хэмээх нэрээр хэвлүүлсэн байна. Уг зохиолыг Паллади Кафаров 1866 онд орос хэл дээр орчуулж, Бээжинд “Чингис хааны тухай Монголын эртний домог үг” нэрээр хэвлүүлсэн ажээ.
     4.Е Дэ Хуй-н эх. Тэрээр Гу Гуанчэ-гээс хуулбарлан авсан Вэн Тэнши-гийн 12 дэвтэр эхийг олж аваад бусад эхүүдтэй нь харгуулан тулгаж, алдаа мадгийг нь засаж, “Юан төрийн нууц товчоон” нэрээр 1908 онд хэвлүүлжээ.
Эдгээр эхүүдийн нэг нь одоо Ленинградад, бусад нь Бээжинд байгаа аж. Паллади Кафаров 1872 онд Хан Тайху-гаас нууц товчооны эхийг худалдан авч А.М.Позднеевээр дамжуулан Петербургт хүргүүлсэн байдаг. Ийнхүү нэг эх Оросын судлаачдад очжээ. Ийнхүү олон зуун жил олон эгзэгтэй үе дамжин азаар ч гэмээр хадгалагдан үлдсэнд Монголын нууц товчооны бас нэг үнэ цэнэ оршино.



[1] Д.Баярсайхан.Арван долдугаар зууны монголын түүх бичлэг.УБ.,200   тал 56
[2] Д.Цэрэнпил.Б.Сэржав.Монголын нууц товчооны ном зүй, судалгааны тойм.УБ.,1990 тал 168-169

No comments:

Post a Comment