“tabidugar (tabu duγar), namadugar
(nayima duγar) düri-yin boγda gegegen-ten-ü lüngdün-iyer degedü ordun-u
doturaqi olan alban-u
kümün nar tus tus tušiyal-un
keyideg alba-iyan todurqayilan bičiju ergügsen-i qaγuluγsan danγsa” (Тавдугаар, наймдугаар дүрийн Богд гэгээнтэний лүндэнгээр Дээд ордны доторх
олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг
хуулсан данс)
хэмээх монголын түүхэнд холбогдох нэгэн сурвалж Монгол улсын үндэсний номын
сангийн Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөгт 1594/96 дугаартай хадгалагдаж байна.
Эл сурвалж нь 240мм х 240мм хэмжээтэй, өнгөлөг шар
торгоор хавтаслаж цэнхэр торгоор доторлосон, муутуу цаасан дээр худам монгол
бичгээр 13 мөрөөр тогтуун хичээнгүй янз бүрийн хэлбэрээр гаргацтай бичсэн 83
хуудас 161 тал гар бичмэл юм.
Уг данс нь Богд Жибзундамба хутагтын сүм, ордны олон
тушаалтан нарын өөр өөрсдийн хийдэг ажлын гол гол зүйлийг товч байдлаар
тодорхойлон бичиж өргөсөн айлтгал юм.
Он цаг: Сурвалжийн эхлэлд “... delgerigsen jilün
eken-ü čaγan sarayin šinyin nigen-dü...
...toγtaγaγsan
alba-iyan tušiyal tušiyal-un kümün bügdeger yambar kereg-yi erkilen üilededun
yabuq-u qaγučin jirum zanγšil-i todorqailan
bičijü ailataγan-a kemen baγulaγaγsan lüngdün-i kičiyengüilen daγaju üzügen
bide bügüdeger tus tus ailataγaqu bile...” (Дэлгэрсэн жилийн эхний цагаан сарын шиний нэгэнд..,
...тогтоосон албаа тушаал тушаалын хүн бүгдээр ямар хэргийг эрхлэн үйлдэн явах
хуучин журам заншлыг тодорхойлон бичиж айлтга хэмээн буулгасан лүндэнг
хичээнгүйлэн дагаж үзэн бид бүгдээр тус тус айлтгах билээ...) хэмээн бичсэнээс харвал жил бүрийн хаврын
тэргүүн сарын шинийн нэгэнд өөрсдийн хийдэг ажил үүргийн талаар тайлагнан бичиж
өргөдөг байжээ. Зарим судлаачдын батлан хэлж буйгаар монголчууд хөх буюу
хөхөгчин жилийг “Дэлгэрсэн жил” гэж нэрлэдэг байна. Үүнээс хөөн тус сурвалжийг
хөх эсвэл хөхөгчин жил бичсэн гэж үзвэл 1894, 1904 оны хөх, 1895, 1905 онуудад
хөхөгчин жил таарч байна.
Сурвалжийн соёг нарын ажлын тайлангийн төгсгөл хэсэгт “…qaba
noqai-yin qoγolu-i oroγulaqu ba ögekü terigüten-i keyigseger bayimui.” (...хав нохойн хоолыг оруулах ба өгөх тэргүүтнийг хийсээр баймуй.)
хэмээсэн мэдээ нь уг сурвалжийг VIII
Богд Жибзундамба хутагтын үед холбоотой болох магадлалыг
төрүүлж байна. Учир нь VIII Богд Жибзундамба хутагт ордондоо хав нохойтой байсан
мэдээ байдаг. Энэ тухай О.Пүрэв, О.Сүхбаатар, С.Ичинноров, Ш.Шагдар, Ж.Саруулбуян
нар дурдахдаа “...өнгөрсөн зууны 90-ээд он (1890)-д VIII Богд Эрхүү хотод байсан амьтны хүрээлэнгээс сургуультай
заан нэг бас сургуультай буржгар үстэй хав нохой тавыг тус тус худалдан авчээ
хэмээн Оросын консул Я.И.Шишмарев бичсэн”[1]
тухай дурдсан бол, Д.Дамдинсүрэн “Дээд сүм дээр ном, судар, бурхан шүтээний
хэрэгсэл, эд хогшил элдэв хангамжийн их баялаг хуримтлагдаж байснаас гадна бас
элдэв ан амьтан, шувуу, ...жижиг биетэй адуу, үхэр мал болон хав нохой
тэргүүтэн маш олон байсан билээ”[2]
хэмээн тэмдэглэжээ. Хэрэв эдгээр тайлангууд бүгд нэг цаг үед бичигдсэн гэж
үзвэл тус сурвалж 1890-д онд холбогдож байна.
Сурвалжийн нэрэнд V, VIII Богд хэмээн бичсэн нь энэ сурвалж V дүрийн Богд Жибзундамба хутагтын үед зохиогдсон уу, VIII дүрийн Богд Жибзундамба хутагтын үед зохиогдсон уу, хоёр
тусдаа сурвалжийг хожим нийлүүлж үдээд нэг болгосон уу, эсвэл V,
VIII дүрийн Жибзундамба хутагтын үед
лүндэн буулгаж ийнхүү өөр өөрийн ажлаа тайлагнаж дээш өргөн барьж байсан учир
тавдугаар гэдэг нэрийг оруулан бичдэг байсан уу зэрэг олон асуулт гарч байна.
Таваас өмнөх дүрийн Богд Жибзундамба хутагтууд болон таваас найм хүртэлх дүрийн
Богд жибзундамба хутагтуудад холбогдох ийм төрлийн гар бичмэлийг олж үзсэнгүй.
Тиймээс магадгүй V Богд Жибзундамба хутагтын үеэс богдын шавь, түүний ордонд
ажиллаж байсан хүмүүс олширч ажил үүргийн хуваарь нарийсахын хэрээр тэднийг
захиран зохион байгуулах арга илүү боловсорч тайлан
бичүүлдэг болсон бололтой.
Үндэсний номын санд буй “Богд Жибзундамба хаан ширээнд
заларсны нууц түүх, ялгуусан хөвгүүний баясгалангийн хуримын далай хэмээгдэх
оршвой” хэмээх нэгэн гар бичмэлд VIII Богд Жибзундамба хутагтын намтрыг бичсэн байдаг бөгөөд
үүний эхлэл хэсэгт буй тахилын үг нь “Егүзэр Занабазар дор мөргөмү. Маш
хэтэрхий ертөнцийн орны тоосон чинээн бурхан бүхэн амьтны тусад таалан,
дээдсийн үндсээс хөтөлж аюумшиг үгүй арслант ширээнд авшиг олсон ялгуусны
төлөөсөд дор хувилсан Богд Жибзундамба дор сөгдөмүй” хэмээн анхдугаар Богд
Занабазар хийгээд наймдугаар Жибзундамбаар төлөөлүүлэн найман богдод мөргөсөн
мөргөлөөр энэ зохиол эхлэжээ[3].
Зохиолд Богд тус бүрийн талаар өгүүлсэнгүй. Өндөр гэгээн, дөтгөөр Богдын талаар
дурдаад гол агуулга нь наймдугаар Богд Жибзундамбын талаар өгүүлжээ. Бидний
сурвалжийн нэрэнд тавдугаар Богдын нэрийг дурдсан нь энэ сурвалжийн тахил үгтэй
бичлэгийн хэлбэрийн хувьд төстэй байна. Эндээс бид V
Богдын үеэс тайлан бичүүлдэг болсон учир сурвалжийн
гарчигт тавдугаар Богдын нэрийг Наймдугаар Богдын хамт дурдсан байхыг
үгүйсгэхгүй.
Монголын Үндэсний номын санд үүнтэй адил сурвалж хоёр
байгаа бөгөөд “Наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр байгуулсан
Шаравпэлжээлин сүмийн тахилч нар ба албаны хүн нарын тушаалын доторх хийдэг
алба хэрэглэл зүйлээ тодорхойлон бичиж өргөсөн данс”, “Тавдугаар дүрийн богд гэгээнтний лүндэнгээр
дээд ордны доторх олон албаны хүмүүсийн тус тус тушаалын хийдэг албаа
тодорхойлон бичиж өгснийг хуулсан данс” гэсэн нэрээр хадгалагдаж байна. Үүний
Тавдугаар дүрийн Богд Жибзундамба хутагтад холбогдох сурвалж нь дээрх
сурвалжтай маш төстэй боловч агуулгын хувьд бага зэргийн зөрөөтэй байна. Эл гар
бичмэл нь нийт 61 тал хуудас бүхий дотроо Сойвон, Самбан, Эмч, Бараа бологч,
тахилч, Донир, Дотоод сангийн нярав зэрэг хүмүүсийн тайлан багтсан бөгөөд тус
тусын албыг харьцуулахад эл сурвалжаас агуулга нь бага зэрэг товч байна. Харин
“Наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр байгуулсан Шаравпэлжээлин сүмийн
тахилч нар ба албаны хүн нарын тушаалын доторхи хийдэг алба хэрэглэл зүйлээ
тодорхойлон бичиж өргөсөн данс” хэмээх гар бичмэл нь зөвхөн Шаравпэлжээлин сүмийн
тахилч нарын ажил үүргийн тухай дурдсан ба нийт 16 хуудас, 32 тал нүүр бүхий
сурвалж юм. Энэхүү сурвалжийн агуулга өмнөх хоёр сурвалжаас илүү дэлгэрэнгүй
системтэй бичигдсэн байна. Шаравпэлжээлин сүмийн тахилч нарын ажлын тайланг
ийнхүү тусад нь бичүүлсэн нь тус сүм баригдаж дуусаад сүм дуганыг харгалзах
тахилч зэрэг хүмүүс тогтмол ажиллах болсонтой холбоотой болов уу. Бидний
сурвалжийн мэдээнд (V, VIII дүрийн Богд гэгээнтэний лүндэнгээр дээд ордны доторхи
олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг
хуулсан данс)
Шаравпэлжээлин сүмийн нэр дурдагдахгүй байгаа билээ.
Хэрэв тэгж үзвэл энэ гар бичмэл Шаравпэлжээлин хийдийг
баригдахаас өмнө бичигдсэн байна. Үүнийг дээр дурдсан мэдээтэй харьцуулбал энэ
сурвалж 1890-ээд оны орчим зохиогдсон байх магадлалтай юм.
Сурвалжид буй зарим мэдээг нягтлах нь: Эл сурвалжид VIII Богд Жибзундамба хутагтын орднуудад ажиллаж байсан албаны
хүмүүсийн ажил үүргийн хуваарийн тухай зарим сонирхолтой мэдээ баримт
хадгалагдаж байна. Богд хааны ордон, сүмүүдийн зохион байгуулалт, тэнд ажиллаж
байсан олон албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарь нь өмнөх богдуудын үеэс
уламжлагдан, төлөвшин тогтжээ. Харин сүүлчийн Богд Жибзундамба хутагтын орд
өргөө нь Монголын эзэн хааны ордон байснаараа илүү үнэ цэнэтэй юм. Сурвалжийн
мэдээг зарим судлаачдын судалгаатай харьцуулбал Богдын орднуудад 37 орчим
тушаалтан ажилладаг байсан бөгөөд тэдгээрийн ажил үүргийн хуваарь, зохион
байгуулалтыг судлах, богдын ордны зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагааг
нээн илрүүлэхэд ач холбогдолтой юм.
Богд
Жибзундамба хутагтын ордонд ажилладаг олон тушаалтнууд нь Эрдэнэ шанзудбын
яаманд харьяалагдаж байв. Энэ талаар тусгайлан судалсан судалгааны зохиол,
өгүүлэл, илтгэл олж үзсэнгүй. Харин зарим хүмүүсийн дуртгал, судлаачдын бүтээлд
дашрамын байдлаар тусгасан зүйл багагүй байна. Эдгээрээс Академич
Ц.Дамдинсүрэнгийн тэмдэглэсэн “Өвгөн Жамбалын яриа”[4],
Судлаач Д.Дамдинсүрэн[5],
О.Пүрэв[6]
нарын судалгаанд VIII Богд Жибзундамбын ордон, сүм хийд болон донир сойвон
зэрэг зарим тушаалтны талаар сонирхолтой мэдээ дурджээ. Эдгээрээс гадна
Ц.Насанбалжир[7],
Ө.Сэрээтэр[8],
Х.Нямбуу[9],
С.Пүрэвжав[10],
А.М.Позднеев[11],
Krisztina
Teleki[12] нарын бүтээлд дээрх сэдэвт холбогдох мэдээ баримт
цөөнгүй бий.
Богдын ордонд
ажиллаж байсан дээрх хүмүүсийг хэрхэн нэрлэж байсан талаар мэдээ баримт хомс юм.
Сурвалжид тушаалтан, тушаалын хүмүүс, албаны хүмүүс хэмээн гарч байгаа бөгөөд
өөр ямар нэгэн тогтсон нэр дурдагдахгүй байна. Тухайлбал, Тус гар бичмэлд “дэлгэрсэн жилийн эхний цагаан сарын дээд ордны
албаны
улс цөм цэвэр хувцсаар тус тусын албанаа бараалхана. Ордны сойвон, эмч,
бойнзомба, донир нараас дараалан нярав, бараа бологч, тахилч, соёг нар бүгдээр
жасаа орны тогтоосон албаа тушаал
тушаалын хүн бүгдээр “ямар хэргийг эрхлэн үйлдэн явах хуучин журам
заншлыг тодорхойлон бичиж айлтга” хэмээн буулгасан лүндэнг хичээнгүйлэн дагаж
үзэн бид бүгдээр тус тус айлтгах билээ”[13]
хэмээн тэмдэглэжээ. Дээрх мэдээ нь Богд Жибзундамба хутагтын зарлигаар сүм,
орднуудад ажилладаг байсан олон хүмүүсийн дээш өргөсөн айлтгал өөрөөр хэлбэл
албан бичиг тул тухайн үед тэдгээр хүмүүсийг хэрхэн нэрлэж байсныг үнэн зөвөөр
тэмдэглэсэн хэмээн үзэх үндэслэлтэй юм. Мөн 1914 онд VIII
Богд Жибзундамба хутагтын төрийн Шар ордон шатсанд, тухайн
өдөр сахин харгалзаж байсан донир, нярав нарыг байцаасан бичигт “...албаны хүн
нар...”[14]
хэмээн тэмдэглэжээ. Тухайн хүмүүсийн
ажил үүргийн хуваариас харахад ажиллах тогтмол цагтай, албанаас чөлөө авах,
алив газар явахдаа хэнд хандах, зөвшөөрөл авах нарийн тогтсон журамтай байдаг.
Иймээс бид энэ удаад тушаалтан, албаны хүмүүс хэмээх нэрийг авч хэрэглэх нь
зүйтэй хэмээн үзэв. Богд Жибзундамба хутагтын ордон, сүмүүдэд ажилладаг дээрх тушаалтнуудыг
судлаачид шуурхайн албаны хүмүүс[15],
дээд тушаалтай шадар лам нар[16],
нарийн бичгийн дарга[17],
шадар үйлчлэгчид[18] зэргээр
нэрлэжээ.
Богд
Жибзундамба хутагтын ордонд ажилладаг албаны хүмүүс нь Эрдэнэ шанзудбын яаманд
харьяалагдаж, Их шавийн отог багууд, Их Хүрээний гучин аймагт суудаг байв.[19]
Эдгээр хүмүүсийн орны тоог “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн
бичиг”-ийн лам нарын хэргийн хууль дахь “Дээд Жибзундамба ламыг өргөмжлөх нь”
хэсэгт тодорхой тусгажээ. Тухайлбал, Сойвон ламын ор дөрөв, оточ ламын ор
дөрөв, бойнзомба ламын ор хоёр, донир ламын ор зургаа, бараа бологч ламын ор
дөрөв, Соёг ламын ор арван зургаа, шадар сан дотоод сангийн нярав хошоод, хиа
лам, шүхэрч хаалгач нар тогтоосон тоогүй,
Жибзундамба ламаас өөрөө мэдэж тавих ба тавихгүй тааллаар аваачна гээд
тахилч ламын орыг Очирдарь-ын тахилч ламын ор дөрөв, Эрэгсүнгомбын тахилч ламын
ор хоёр, Лаврингийн тахилч ламын ор хоёр, Дарь эхийн тахилч ламын ор гурав,
Эрдэм итгэмжит сүмийн тахилч ламын ор гурав, Гунгаадэжидлэн сүмийн тахилч ламын
ор хоёр, Хайстай лаврингийн сүмийн тахилч ламын ор хоёр тус тусыг байгуулагтун”[20]
хэмээн тэмдэглэсэн байдаг. Эдгээр албанд чухам хэдэн хүн ээлжлэн ажилладаг
байсан тухай мэдээ баримт хомс байна. Судлаач С.Пүрэвжав ХХ зууны эхэн үед
Жибзундамба хутагтын ордны шадар лам сойвон, донир зэрэг 370 гаруй лам нар
байсан тухай дурдсан байна.[21]
Гэвч энэ нь томоохон дээд лам нарын тоо боловуу. 1867 оны мэдээгээр зөвхөн
богдын санд 220 шахам лам, хар хүмүүс ажиллаж байсан тоо байдаг.[22]
Эдгээрээс хар дарга, зарлагын хар хүүд, хиа лам, сангийн лам, дуганч, манзач
зэрэг зарим тушаалтнууд Нийслэл Хүрээний гучин аймгаас ирж ээлжлэн ажиллах
бөгөөд тасалсан хүнийг банздаж шийтгэдэг байв.[23]
Энэ тухай судлаач Д.Дамдинсүрэн “Шар ордон өргөөг гучин аймгийн дуганч, манзач
нар манадаг байсан бөгөөд түүнийг орд өргөө хариуцаж манаа таслагчдыг “Цогчин
гэсгүй”-д шилжүүлж нойтон бургас модоор 150-300 хүртэл торлогдон зодож арга
хэмжээ авдаг байжээ”[24]
хэмээн тэмдэглэжээ.
Сурвалжийн
агуулгаас харвал дээрх албаны хүмүүсийг хариуцаж буй ажил үүргээр нь Богд
Жибзундамба хутагтын дэргэд шадарлах тушаалтай хүмүүс буюу сойвон, донир
тэдгээрийн тушаал зааврыг биелүүлдэг гүйцэтгэх тушаалтнууд буюу хаалгач, хиа
лам, шүхэрч, бойнзон, эмч, самбан, бараа бологч, соёг, тахилч, зулч, богдын
сан, зоог гүнцэгийг хариуцан ажиллах үүрэг бүхий дотоод сангийн нярав, сангийн
бичээч, түлхүүрч лам, хүжчин, хар хогч, нүдүүрч, сангийн хар хүү (сангайн хүүд), сангайн банди сангийн идээч, сангийн халбагач нар
тэдэнд туслах цайны лам, нохойн хүү хэмээн ялгаж болно. Эдгээр албаны хүмүүсийн
өөрийн ажил үүргийн хуваарийг тодорхойлон өргөсөн бичигт тусгайлан айлтгал
бичиж өргөсөн болон бусад тушаалын хүмүүсийн айлтгалд дам тусгагдсан нийт 26
албаны хүмүүсийн ажил үүргийн тухай мэдээ агуулагдаж байна. Мөн зарим
судлаачдын судалгааны бүтээлд[25]
дурдагдаж буй тоог нэмбэл нийт 37 орчим өөр, өөр ажил үүрэг гүйцэтгэх тушаалтай
хүмүүс Богдын ордон, сүмүүдэд ажилладаг байжээ. Эдгээр лам, хар хүмүүсийн
эрхлэх ажил үүргийн хуваариас харвал Донир, Сойвонгууд нь бусдаас илүү өндөр
албаны хүмүүс болох нь харагддаг. Тухайлбал, Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр
Ерөнхийлөн Шийтгэх Газраас Богд
Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын журмыг баталж гаргасан
бөгөөд уг журамд Богдыг зүүн ордноос төрийн ордонд залахад донируудыг шадар
сайдын хамт өмнө нь жагсаал удирдаж, сойвонгуудыг төрийн ордны өмнө шадар
сайдуудын хамт зогсоохоор үүрэг хуваарилж байсан байна. Мөн Богд Жибзундамба
хутагт далай ламыг монголд айлчилахад донир, сойвонгоо явуулан угтуулж байжээ.
Сойвонгууд нь
Богд Жибзундамба хутагтын шадар бараа бологчдын ахмад тушаал юм.[26]
Жибзундамба хутагтад бат оршил өргөх, түмэн өлзий гийсэн өдөр, сууринд заларсан
өдөр зэрэг яамлах, хурах ёслолын үеэр богдод бараалхах, мөргөхөөр ирсэн олон
хүмүүсийн айлтгах зүйл болон, захиргааны хэргийн учирт айлтгах зүйлүүдийг Богд
Жибзундамба хутагтад уламжлан айлтгаад, хариуг буцаан уламжилдаг байжээ. Мөн
захиргааны хэргээс Богд Жибзундамба хутагтад айлтгах шаардлагагүй аар саар
хэргийг сойвонгууд мэдэн шийтгэдэг бөгөөд доод албаны хүмүүс их бага боловч
учрыг олохгүй хэрэг байвал сойвонгуудаас асуун шийдэх үүрэгтэй байжээ.[27]
Донируудын эрх
тушаалын тухай зарим судлаачдын бүтээлд дашрамын байдлаар тусгагдсан байна.
Тухайлбал, донир гэдэг нь мяндаг тушаалтан нарын бараа бологч, данс даяг
харгалзагч түшмэл,[28]
Богд Жибзундамбын хамгийн нэр хүндтэй ерөнхийлсөн төлөөлөгч[29]
зэргээр тэмдэглэжээ. Донирууд нь Богд Жибзундамбын шадар түшмэл бөгөөд
захиргааны хэргийг сойвонгийн хамт шийтгэн явуулдаг байжээ. 1915 онд холбогдох
Эрдэнэ Шанзудбын яамнаас Бүгд ерөнхийлөн шийтгэх яаманд өргөсөн нэгэн нугалбарт
“донир болбоос ордны доторх доорд албаны хүн нарын эрхлэн захирах бүхүй тушаал”[30]
хэмээн донир лам Лувсанцэрэн нягт мэдүүлжээ.
Хиа лам,
шүхэрч, хаалгач нарын зэрэг хүмүүс хол ойр явахдаа донироос зөвшөөрөл авдаг ба
тэдгээр албануудад хүн нэмж оруулах, тушаалаас байлгах, өөрөө үглэсэн зэргийг
шанзудбад айлтган тогтоогоод албанд зарахыг донирууд мэдэн шийтгэдэг байжээ.
Мөн ихэсийн мэдээ бариулах, ван, гүн, хутагт, хувилгаад лам нарын амгалангийн
мэндийг айлтгуулах, хуримын идээ бариулах, жагсаал удирдах зэрэг өдөр тутмын
зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг байв.[31]
Үүнээс гадна хэрэг шүүх зэрэг томоохон хуралд оролцдог байжээ. Тухайлбал, 1906
оны 2 дугаар сарын 14-нд Дугарын аймгийн гавж Хайдав, Дандар, Андуу нарын
аймгийн лам Ням нар Дашчоймбэл дацангийн гүнрэгийн жасаас хүү, эх мөнгө 150
ланг аваад эх, хүү тэнцтэл түлхэлцэн будлиантуулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг
шүүхээр Эрдэнэ шанзудба Бадамдорж, Да лам Дашжав, Нансу билэгт Да лам
Цэрэнчимэд, Хичээнгүй билэгт, Цогчин гэсгүй Наваандорж, Донир Дондов, Зайсан
лам Гомбоцэрэн хурц зэрэг хүмүүс хуралдаж хэргийг хэлэлцээд эх, хүү тэнцсэн
мөнгө 300 ланг хувь адил хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.[32]
Богдын санг эрхлэгчийг нярав гэх бөгөөд эд хогшил, хөрөнгө зөөрийн эрхлэгч, сан хадгалагч юм. Сангийн няравын хамгийн
том тушаал нь зайсан нярав хэмээнэ. Богд
Жибзундбамба хутагтын санг гадаад сан, дотоод сан хэмээн ангилах бөгөөд гадаад
сангийн дэргэд үржүүлэх сан, дотоод сангийн дэргэд шадар сан тус тус
харьяалагддаг байв. Гадаад санг их сан хэмээн нэрлэх ба зоог тахил, дуган сүм,
орд өргөө, орон сууц барих, сэлбэх, зарим хүрээ хийдийн хурал номын зардал
нийлүүлэх, сүрэг мал адуулах, нийлүүлэх, арилжаа худалдаа хийх, хөсөг тээвэр
хөдөлгөх, тариалан тарих, хадгалах, мөнгө цай хүү үржүүлэн зээлдүүлэх, орлого
зарлагын тайлан тооцоо хийх бүртгэх, сан шавийн дотор зарцуулах тийз гаргах,
тариалан хадлангийн газар түрээслэх, өргөл барьц хүлээн авах, бадар хандив
эргэх, санд ажиллах хүмүүсийг албадан татах зэрэг бүхий л аж ахуй санхүүгийн
ажлыг эрхэлдэг байжээ. Үржүүлэх сан нь зөвхөн мөнгө бараа хадгалж мөнгө бараа
зээлдүүлэх, зээлсэн цайг[33]
хүүгийн хамт буцааж авах зэргийг хийнэ. Дотоод сан нь ордны доторх бурхан
тахилын элдэв хэрэгсэл эрдэнэс, ховор нандин зүйлүүдийг хадгалах, мандал
даншигийн харамж өргөл барьц хүлээн авах, орд сүмд хэрэглэх зүйлүүдийг бэлтгэх
үүрэгтэй. Шадар санг заримдаа дэргэдийн сан гэх бөгөөд зөвхөн богдын ордны
дотор өдөр тутмын хэрэглэх элдэв хэрэгсэл, хувцас хунар, ямба ёслолын зүйлийг
хадгалах, зарцуулах зэргийг эрхэлнэ.[34]
Шадар сангийн нярав нь эд зүйлээ авдруудад хадгалах бөгөөд шадар сангаас эд
хэрэглэл авах хүн тийзтэй ирэх ёстой. Шадар санд байхгүй зүйлүүдийг дотоод санд
хэлж бэлтгүүлдэг байна. Мөн сангийн нярав нь аливаа айлтгах бичигт дардаг
тэмдэгтэй байжээ.
Сангийн нярав
нарын ажил үүргийн талаар 1898 онд Хамба номун хан Балданчоймбил, дэд хамба
Пунцаг, Ачит номун хан дүйнхор хутагт Цэрэндорж, Эрдэнэ шанзудба Бадамдорж, Да
лам Бадамдорж, Да лам Гочоо нар Их Хүрээний олон зүйл бичиг үсгийн зэрэг
сургуулийг чандлан боловсруулах ба олон орон, дацан аймгийн хүмүүсийн алба хаах
ёс журмыг чангатгах дүрэм хэмжээ тогтоон VIII Богд Жибзундамба хутагтаар батлуулжээ. Уг дүрэмд “Их
сангийн нярав нар сангийн элдэв орлого зарлагын юм зүйлийг хурааж гаргах зэрэг
чухал албан тушаал. Нярав нар ээлжгүй үед дунд бүрээний урьд бүгдээр бараалхаад
үдшийн нар шингэтэл ажиллана. Сангийн нярав нар бага сага хэрэгт дэмий шалтаг
заан өдөр өнжиж болохгүй. Чухал хэрэг тохиолдвол нэг өдөр 15 газрын дотор явах
болбол нөхөддөө сонсгоод явах, үүнээс илүү өдөр буюу 15 газраас дээш газарт
явах болбол шанзудбад сонсгоод явах” гэжээ.[35]
Сойвон, донир нарын
тушаалын дор ажилладаг олон албаны хүмүүсийн тухай сурвалжийн мэдээг үндэслэн авч
үзвэл, Бойнзонба нь Богд Жибзундамба хутагтын хүж баригч бөгөөд яамлах, хурах
ёслол болон олны мөргөл, даншиг, Бат-Оршил өргөх зэрэг газар залрахад өмнө нь
хүж барьж бараалхан явах бөгөөд Богд Жибзундамба хутагт ямар ёслолд залрахаас
шалтгаалан бойпортой болон дан хүж барьж явдаг байна.
Богд Жибзундамба
хутагтын лагшинг үзэж, хэрэгтэй эмийг бэлтгэдэг эмч хэмээх тушаалтан ажилладаг
байв. Эмч нар нь Жибзундамба хутагтын хэрэглэх эмийн зүйлийг зуны цагт хүжчин,
сангийн хар хүү нарын хамт явж түүх, найруулан бэлтгэх ажлыг хариуцан
гүйцэтгэдэг байжээ. Соёгууд нь ордны цай хоол тахилын ус тэргүүтнийг зоогийн
газраас зөөж авчирч, тарааж, биечлэн гүйцэтгэдэг үүрэгтэй тушаалтан юм. Богд
Жибзундамба 16 соёгтой байсан бөгөөд тэдний найм нь өөрийнх нь соёг бөгөөд 8 нь
Жалсрай гэгээний соёг гэж явдаг байсан ажээ.[36]
Хар дарга нарын тухай
Доктор З.Нинжбадгар[37]
“хар дарга нар нь аймаг, отгуудаас ээлжээр ирж үйлчилдэг хүмүүс бололтой хэмээн
тэмдэглэсэн байдаг”. Хар дарга нар нь орд өргөөний хэрмийн гадуурх цас, хог
зэргийг сангийн халбагач, хар хөвгүүдтэй хамт цэвэрлэдэг.[38]
Мөн Түлхүүрч, хар дарга нар нь гурил будаа, түлээ, нүүрс зэрэг элдэв юмыг
хураах, гаргах, хадгалах ба тушаал ээлжгүй нь дунд бүрээнээр ирж нар шингэтэл
ажилладаг байна.[39]
Хиа лам нар нь ноёд дээдсийн зэрэг, хэргэмээс хамаарч
хиа, хиагийн зайсан, зуучин хиа, адуучин хиа, зэвсгийн хиа гэх зэргээр ажил
үүргээр ялгардаг байв. Хиа нь их төлөв ноёдын өргөө, сангийн гадна дотнох хар бор ажилд хүчин
зүтгэнэ. Тухайлбал, Агт адуулна, аян жин тээнэ, жууз, гар дамнуурга дамнана,
аргал түлш зэхнэ, айраг цагаа, архи дарс нийлүүлэх, зоог шүүс залгуулах зэрэг
ажил гүйцэтгэдэг байна. Мөн зарим судлаачид хиа лам бол жууз тэргийг хариуцагчид бөгөөд Богд
Жибзундамбыг суулгаж моринд буюу явган дамнаж явдаг үүрэгтэй хүмүүс гэжээ.[40]
Зарим судлаачид
замыг галч хэмээн тайлбарласан нь тохиолддог. Харин Үндэсний номын санд буй
нэгэн гар бичмэлд “лаврингийн хайсны дотор ба дээр доор цаас, хог, шувууны баас
зэргийг өдөр бүр зам нар арилгаж, пийшин бүрийн галыг өглөө үдэш бүр халуун
хүйтнийг тохируулж түлдэг. Бас
тугдамуудын бүрхүүлийг цас бороо ороход татах ба арилгамагц гадуурх цас, хогийг
цэвэрлэж, цаг үргэлж зоог бэлтгэдэг” гэжээ.[41]
Үүнээс үзвэл зам нь гал түлэхээс гадна өөрийн хариуцсан сүм, тугдамын хог
тоосыг цэвэрлэх, хоол цайг бэлтгэх үүрэгтэй тушаалтан байжээ.
Хаалгач нар нь
үүдний хаалга болон зам зохицуулах, ордноор орж гарсан бүхнийг байцаан шалгах
үүрэгтэй тушаалтан юм. Дэчингалба дацан гэхэд 4 хаалгачтай байв. Бичээч, түлхүүрч, халбагач, үйлчин,
хар дарга нар нэгэн өдөр чухал хэрэг гарч гадагш явах болбол нөхөд ба харьяат
нярав нарт сонсгоно[42]
хэмээжээ. Сурвалжид дурдсанаар Зулч, цагаан сарын шинийн нэгнээс
эхлэн олон ордон сүмүүдэд болдог хурал номын зул, балин тахил зэргийг бэлтгэдэг үүрэгтэй. Уншлага ерөөл тарсны
дараа идээнээс лам нар, ноён, бараа бологсдод хуваан хүртээдэг байна. Шүхэрч
нар бол шүхэр дадар барьж үйлчлэх үүрэгтэй хүмүүс юм. Хүжчингүүд нь сүм хийдийн шүтээн болон, Богд Жибзундамба хутагтын
өмнө хойно барих олон төрлийн хүжийг найруулан хийдэг үүрэгтэй хүмүүс юм. Тэд
өглөө эрт босч гал бадрааж, хог цэвэрлэдэг ажээ. Сангийн хар хүү (Сангайн хүүд) нар нь сангийн хар бор ажил хийдэг ядуу лам нар байдаг.
Эмч нарын хамтаар эмийн ургамал түүх, цай түлээ авчрах бэлтгэх зэрэг ажлыг
гүйцэтгэдэг. Мөн сүм, ордны гадуурх хог тоос, цас цэвэрлэх зэрэг хар бор ажил
хийдэг байна.
Эдгээр тушаалтнуудаас
сойвон, донир, эмч, бойнзон, тахилч, самбан, бараа бологч нар зэрэг хүмүүс жил
бүрийн шинэдээр өөрийн ажил үүргийн хуваарийг хэрхэн гүйцэтгэж буй талаар
Эрдэнэ шанзудбын яаманд бичгээр тайлагнах үүрэгтэй байжээ. Тэдгээрийн тайлан
мэдээнээс харахад Богд Жибзундамба хутагтын ордон нь нарийн дэг ёс, журамтай
байсан нь илт байна.
Ном зүй
1.
Зарлигаар
тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг. Монгол бичгээс кирилл бичигт
хөрвүүлсэн О.Батсайхан, З.Лонжид. УБ., 2010
2.
Наймдугаар
дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр байгуулсан Шаравпэлжэйлин сүмийн тахилч нар
ба албаны хүн нарын тушаалын доторхи хийдэг алба хэрэглэл зүйлээ тодорхойлон
бичиж өргөсөн данс. Үндэсний номын санд буй гар бичмэл. Д.д-3755/96
3.
Тавдугаар
дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүмүүсийн тус
тус тушаалийн хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс. Үндэсний
номын санд буй гар бичмэл. Д.д-1596/96
4.
Тавдугаар,
наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн
нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс.Үндэсний номын санд буй гар бичмэл. Д.д-1594/96
5. Жүгдэр.Ч. Их Хүрээний зураг. Богд Хааны Ордон музейн
үзмэр
6. Шарав.Б. Богдын ногоон ордны зураг. Богд Хааны Ордон
музейн үзмэр
7. Богд Хааны Ордон музейд буй судалгааны сэдэвтэй холбогдох
зарим үзмэрүүд
8. Дилов хутагт Жамсранжав. Ар Монголын улс төрийн дуртгал.
Монгол бичгээс кирилл бичигт буулгасан Б.Буянцог. УБ.,1991
9. Навааннамжил.Г. Өвгөн бичээчийн өгүүлэл. УБ., 1956
10. Өвгөн Жамбалын яриа. Ц.Дамдинсүрэн. Бүрэн зохиол II. Тайлбар сэлт, ном зүй үйлдэж хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв.
УБ.,1998
11. Krisztina
teleki. Monasteries and temples of Bogdiin khüree.Ulaanbaatar., 2011
12. Алтанзаяа.Л, Даажав.Б, Даваасүрэн.Б, Дашдаваа.Ч, Пүрэв.О,
Шагдар.Х. Шар ордон. УБ., 2005
13. Батсайхан.О. Монголын сүүлчийн эзэн хаан VIII
Богд Жавзандамба. УБ., 2011
14. Дашбадрах.Д. Дундад зууны үеийн монголын түүхийн
судалгаа. Боть II. Эмхтгэсэн Д.Түвшинзаяа. УБ., 2012
15. Насанбалжир.Ц. Жавзандамба хутагтын сан-Түүхийн судлал. Tom
VIII. УБ., 1970
16. Нацагдорж.Ш. Сум, хамжлага, шавь ард (Түүхэн найруулал). УБ., 1972
17. Нинжбадгар.З. Жибзундамба хутагтын Их шавийн бүтэц,
зохион байгуулалт (XVII-XX зууны эхэн). Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2012
18. Өлзий.Ж. Монголын дурсгалт уран барилгын түүхээс.
УБ.,1992
19. Пүрэв.О. Монголын улс төрийн төв. УБ., 1994
20. Пүрэвжав.С. Хувьсгалын өмнөх Их Хүрээ. УБ., 1961
[1]О.Пүрэв, О.Сүхбаатар, С.Ичинноров, Ш.Шагдар,
Ж.Саруулбуян. Нийслэлийн өв соёл. УБ., 2009. тал. 20
[2]Д.Дамдинсүрэн. Их Хүрээний нэрт урчууд. Эмхтгэн
найруулсан Н.Цүлтэм. УБ., 1995. тал. 27
[3] Д.Дашбадрах. “Наймдугаар Жибзундамба хутагтын намтар
ялгуусан хөвгүүний баясгалангийн хуримын далай” хэмээгдэх зохиолын тухай // Дундад зууны үеийн монголын түүхийн судалгаа. Боть II. Эмхтгэсэн
Д.Түвшинзаяа. УБ., 2012. тал. 240
[4]Өвгөн Жамбалын яриа // Ц.Дамдинсүрэн. Бүрэн зохиол II.Тайлбар сэлт, ном
зүй үйлдэж хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв. УБ.,1998
[5]Д.Дамдинсүрэн. Их Хүрээний нэрт урчууд. Эмхтгэн
найруулсан Н.Цүлтэм. УБ., 1995
[7]Ц.Насанбалжир. Шавийн тухай // Шинжлэх ухааны хүрээлэнгийн бүтээл. Нийгмийн ухааны анги.
УБ., 1957. Тал. 165-168;
Жавзандамба хутагтын сан // Түүхийн судлал.
Tomus VIII. Fasc 13-14. УБ.,1970
[9]Х.Нямбуу. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн
ёс, ёслол. УБ., 1993
[10]С.Пүрэвжав. Хувьсгалын өмнөх Их Хүрээ(түүх-эдийн засгийн найруулал). УБ., 1961; Монгол дахь
шарын шашны хураангуй түүх. УБ., 1978
[11]А.М.Позднеев. Историческьй Очеркь их прошлаго и
современнаго быта. Спб., 1880; Монголия и Монголы.
Результаты Поъздки. Въ Монголию исполненной въ 1892-1893 гг. Томь 1. СПб., 1896; Очерки быта Буддииских монастырей и буддииского
духовенства в Монголыи в связи с отношениями сего последего к народу. Элиста.,
1993
[13] V, VIII дүрийн богд
гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын
хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс. Үндэсний номын санд буй
гар бичмэл. Д.д-1594/96. Тал. 2а
[17] Н.Цүлтэм. Өндөр гэгээн Занабазар бол Монголчуудын уран
билгүүний зул мөн // Өндөр гэгээн Занабазар, Эрдэм шинжилгээний бичиг.
Эрхэлсэн С.Ичинноров. УБ., 1998. Тал. 27-37
[20]Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг.
Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн О.Батсайхан. З.Лонжид. УБ., 2010. Тал.
160-161
[21]С.Пүрэвжав. Хувьсгалын өмнөх Их Хүрээ. УБ., 1961. Тал.
116
[23]МУҮТА. Ф-А74. Д-1. Хн 271
[25] Ц.Насанбалжир.
Жавзандамба хутагтын сан-Түүхийн судлал. Tom VIII. УБ., 1970; С.Пүрэвжав, Хувьсгалын өмнөх Их Хүрээ. УБ., 1961; З.Нинжбадгар. Жибзундамба
хутагтын Их шавийн бүтэц, зохион байгуулалт (XVII-XX зууны эхэн). Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2012
[27] V, VIII дүрийн богд
гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын
хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс. Үндэсний номын санд буй
гар бичмэл. Д.д-1594/96.
[31] V, VIII дүрийн богд
гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын
хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс.Үндэсний номын санд буй
гар бичмэл. Д.д-1594/96
[33]Шар цайг хэлж байгаа бололтой. Мөнгөний нэгж. 40гр
хэмжээтэй цайны навчийг нэг шар цай гэнэ. 1913 оны ханшаар 150 шар цай нэг лан
мөнгөтэй тэнцэж байв.
[35]МУҮТА. Ф-85. Д-1. Хн-1104
[36] Өвгөн Жамбалын яриа. Ц.Дамдинсүрэн. Бүрэн зохиол II. Тайлбар сэлт, ном зүй үйлдэж хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв.
УБ.,1998. Тал. 209
[37] З.Нинжбадгар. Жибзундамба хутагтын Их шавийн бүтэц,
зохион байгуулалт (XVII-XX
зууны эхэн). Докторын зэрэг
горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2012. Тал. 109
[38] V, VIII дүрийн богд
гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын
хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс. Үндэсний номын санд буй
гар бичмэл. Д.д-1594/96
[39] З.Нинжбадгар. Жибзундамба хутагтын Их шавийн бүтэц,
зохион байгуулалт (XVII-XX
зууны эхэн). Докторын зэрэг
горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2012. Тал. 113
[41] Наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр байгуулсан
Шаравпэлжэйлин сүмийн тахилч нар ба албаны хүн нарын тушаалын доторхи хийдэг
алба хэрэглэл зүйлээ тодорхойлон бичиж өргөсөн данс, Үндэсний номын санд буй
гар бичмэл. Д.д-3755/96
[42] МУҮТА. Ф-85. Д-1. Хн-1104
No comments:
Post a Comment