Монголчууд эрт дээр үеэс уг
удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай. Энэ тухай бид үе үеийн
сурвалж бичгээс харж болно. Тухайлбал, Монголын нууц товчоонд Чингис хааны дээд
өвөг Бөртэ Чоноос эхлэн 500 орчим жил үргэлжлэх 20 үеийн намтрыг товчоолон
дурдсан байдаг. Мөн XVI зууны эхэн үед Персийн
түүхч Рашид-Ад-дин Судрын чуулган зохиолдоо “Монгол аймгууд удам угсаагаа сайн
мэддэг байв. Учир нь Монголын язгууртнууд өвөг дээдсийнхээ угсаа гарвалыг нарийн чанд
баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг
заншилтай байжээ.
Аль ч нийгэмд хэнтэй гэрлэж болох болохгүй тухай албан болон албан бус дүрэм байдаг ажээ. Үүнийг судлаачид эндогами, экзогами хэмээн нэрлэдэг. Эндогами гэдэг нь хэн нэгэн өөрийн бүлгийнхэнтэйгээ гэрлэхийг шаарддаг ёс юм. Уг ёсны зорилго нь ялангуяа европын хаадын угсаанд эрх мэдэл, эд хөрөнгө, шашин шүтлэгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой байсан байна. Харин эксогами нь өөрийн угсаа, шашин болон уг гарвал нэгт бүлгээс гадагшаа гэрлэхийг шаарддаг ажээ.[1] Монголчуудын дунд ялангуяа язгууртнуудын дунд экзогами ёс хүчтэй байсныг зарим жуулчид, шашны зүтгэлтэн бичиж үлдээжээ. Тухайлбал, Рашин Ад Дин "Удам
угсаагаа сайн мэдэж явдаг арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг
улс ийм заншилгүй.” хэмээн бичсэн байдаг. XIX зууны их бичгийн хүмүүн Ванчинбалын Инжинаш “Хөх судар”
хэмээх зохиолдоо “Үндсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөг юугаа үл
мэдэх нь мал буюу. Нүд буй бөгөөд түүх юугаа үл үзэх нь сохор номин буюу.
Мэдэлтэй бөгөөд язгуур юугаа үл мэдэх нь мунхаг гахай буюу” хэмээн бичсэнээс
Монголчуудын ураг удмаа эрхэмлэх, залгамжлуулах уламжлал чухал болохыг харж
болно. Хаад язгууртнаас эхлэн эгэл ард хүртэл өөрийн ураг удмаа сайтар мэддэг,
уламжлуулдаг байсан гэлцдэг. Харин эрт үеэс биднийг хүртэл хадгалагдаж ирсэн ургийн бичиг бараг үлдсэнгүй.
1725 онд Манжийн Энх-Амгалан хаан монголын бүх тайж язгууртны ургийн бичгийг
Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрээр аваачин шатаасан гэдэг.[2] Өдгөө
бидэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг нь Үндэсний номын санд хадгалагдаж буй 1905
онд хийсэн Сэцэн хан Шолойн ургийн бичиг байна. Уг бичигт 1577-1905 он хүртэлх
328 жилийн дотор төрсөн 11996 хүний нэрийг 5.3 м голчтой даавуун дээр
цагираглуулан бичсэн байна.
Ургийн бичиг нь өвөг дээдсийнхээ уг гарвал,
угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлал тэргүүтнийг үр хойчдоо таниулан
сургаж, тэднийг үндэс угсаа, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн
саднаа асрах ухаанаар хүмүүжүүлж, эрүүл биетэй, саруул ухаантай өсч бойжих
үндэс болсоор иржээ. Ураг төрлийн дотроос хэн нэгэн нь тэрс хэрэг үйлдсэн бол
удмын түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээдэг учраас үе дамжин хадгалагдах ургийн
түүхэндээ хар толбо үлдээхгүйн тулд хүн бүр хичээж, хэрэв ураг удмын
дотроос ийм хүн гарвал “эцэг өвгөдийн ариун нэрийг бузарлав” хэмээн ихэд жигшдэг байсан бөгөөд нөгөө талаар энэ нь
хүмүүжлийн асар их ач холбогдлыг өгдөг билээ. Ургийн бичгийг сэргээн
хөтөлснөөр түүнтэй холбоотой олон уламжлалт ёс заншил сэргэн хэрэглэгддэг.
Монгол хүн бүр өөрийн ураг
удмынхантай гэр бүл болохыг хатуу цээрлэж цусан төрлийн хоорондоос гарсан
хүүхэдтэй айлд орохгүй тойрон өнгөрдөг хатуу цээртэй. Өөрийн ойр төрлийн хүнтэй
гэр бүл болох нь ёс зүйн болон, эрүүл мэндийн их хор хөнөөлтэй байдаг. Өдгөө
залуусын ихэнх нь өвөг эцгийнхээ нэрнээс цааш мэдэхгүй болсон нь цус ойртох
эрсдлийг өндөрсгөж байна. Их дээд сургуулийн 2000 гаруй оюутнуудаас ураг удмынх
нь талаар асуухад 90 хувь нь дөрвөөс дээш үеэ мэдэхгүй, өвөг эцгийн ах дүү
нарыг танихгүй байна.[3] Доктор
Э.Энхмаа 2010 онд Монголын хүн амын генетик тогтоцын судалгаа хийж эрдмийн
зэрэг хамгаасан. Түүний судалгааны үр дүнгээс харвал цус ойртолт бүх аймгуудад
өндөр хувьтай байгаа бөгөөд ихэнх тохиолдолд 4-5 дахь үедээ хоорондоо гэрлэж
байна гэжээ.[4]
Энэ нь Монголчуудын засаг захиргааны зохион
байгуулалтын хэт жижиг бүтэц, газарзүйн хувьд хоорондоо алслагдмал, хүн амын
хөдөлгөөнийг дэмжих дэд бүтэц хөгжөөгүй зэрэгтэй холбоотой. Хүмүүс цусан болон ясан төрлийн хүмүүстэйгээ гэр бүл
болсноор тэдний үр удамд нь генийн адилсал үүсч гомозегот генотипүүдийн тоо
давамгайлж эхэлдэг байна. Ингэснээр бие махбодь болон, оюун санааны хувьд
аливаа шинэ нөхцөлд дасан зохицох чадвар муутай, бүр цаашилбал удамшлын өвчин
эмгэгтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг гэжээ. Удамзүйн шинжлэх ухаанд удамшлын бүтцэд гарч буй өөрчлөлтийг удамшлын эмгэг хэмээн үздэг бөгөөд энэ нь генотип ба орчны хүчин зүйлээс хамааран үүсдэг гэжээ.[5] Удам зүйн шинжлэх ухаанд нэг удмын хүмүүсийн дунд ямар өвчин хэрхэн тархаж байгааг судлахдаа удмын зураг бичих аргыг ашигладаг байна.
Өдгөө Монголчууд ургийн овгоо
шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн
бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн
зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын
овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан.
Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа
багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа
эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар ургийн бичиг
хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах аргачлалыг
санал болгож байна.
Ургийн бичгийн гол зорилго нь
өөрөөс дээшхи ураг удмынханаа мэдэж авахаас гадна өөрийн үеийн үеэл, хаяалидаа
сайтар мэддэг байхад оршиж байдаг. Тиймээс ургийн бичгийг үйлдэхдээ зураглал,
намтар хоёрыг хамт бичих нь зүйтэй.
Ургийн зураглал. Ургийн Мод ч гэж нэрлэдэг энэхүү зураглалын зорилго нь
танай ураг удамд байгаа хүмүүсийн тухай товч бөгөөд тодорхой /пасспортын/
мэдээлэл авахад оршиж байгаа юм. Ургийн зураглалыг тойрог, мод, хүснэгтлэн зурах
зэргээр хийж болох боловч хүн бүрийн нэр, хүйс, гэр бүлийн байдал, амьд сэрүүн
буй эсэх, үр хүүхдийн тоо, зэргийг зураглалаас хараад мэдэж болохуйц байх
ёстой. Ихэнх ургийн бичигт олон хүний нэрс жагсаан бичсэн байх боловч дээрх
мэдээллийг авах боломжгүй байдаг. Тухайлбал, Нямсүрэн, Жаргалсайхан, Баасанжав
гэх мэт жагсаан бичсэн нэрсийг хараад эрэгтэй эмэгтэй хүний алин болохыг ч
мэдэх боломжгүй юм. Үүний учир бид дараах зааварыг ашиглан зураглал хийхийг
санал болгож байна (зураг 1-2).
Монголчууд эцгийн шугамыг баримтлан зөвхөн эрчүүдийн
үе залгамжийг тэмдэглэж ирсэн гэвч эхийн талыг ч бас хөтлөх нь зүйтэй. Эцэг эхээс үр хүүхэд нь 50, 50 хувийн ген авч удамшдаг.
Хэрэв эхийн талыг үл тоох аваас бидний хөтөлж буй ургийн бичгийн ач холбогдол
50 хувь буурна. Нэг үеийнхнийг нөгөө үеийнхнээс, нэг хүний үр хүүхдийг бусад ах
дүүсийн хүүхдээс нарийн ялгаж, хэддүгээр хөвгүүн болох, төрсөн ба үрчилсэн, цол
хоч, авгайлга зэргийг тодорхой бичиж тогтсон тэмдгээр тэмдэглэдэг.[6]
Ийнхүү тэмдэглэхдээ эмэгтэй дүү, охин, эхнэрийг орхиж болохгүй.
Намтар бичих. Ургийн зураглалыг хийсний дараа зураглалд орсон бүх
хүмүүсийн намтрыг сайн мэдэх дээд өвгөөсөө өөрийн биеийг хүртэлх үе залгамжлагчдыг
он цагийн дагуу байрлуулж дэлгэрэнгүй тэмдэглэдэг. Ингэж бичсэн намтар нь
түүхэн үйл явдал, түүнд бие хүний гүйцэтгэсэн үүргийг тодорхой харуулдгаараа
давуу талтай. Намтрыг бичихдээ дараах асуултанд хариулж энгийн хүүрнэх
хэлбэрээр бичнэ. Үүнд,
-
Яс үндэс
-
Овог
-
Хэний хэн болох (Хэд дэх хүү, охин)
-
Төрсөн он, нас, хүйс, жил (Аргын болон
билгийн тооллоор)
-
Төрсөн хот, аймаг, сум, дүүрэг, баг, хороо
-
Төрсөн газар (Анх төрөөд хаана амьдарч байсныг бичнэ)
-
Үндсэн захиргаа
-
Эрүүл мэндийн байдал
А. Өвчин (Удамшлын
болон бусад)
Б. Хорт зуршил (Тамхи
татах, архи хэрэглэх, бусад)
-
Гэрлэлт (Аль
овгийн хэнтэй хэдэн насандаа гэрлэсэн)
-
Хэдэн хүүхэдтэй (Хэрэв эндсэн бол хэдэн
насандаа ямар шалтгаанаар)
-
Өргөмөл хүний төрсөн
эцэг эх, ах дүүг тодруулан тэмдэглэх
-
Онцгой авьяас, онцлог
зан чанар
-
Гэм алдсан зүйл, ял
шийтгэл [Ургийн бичиг бол ураг удмын нууц товчоо юм. Тиймээс ураг удам дотроо бүх алдаа оноогоо дэлгэрэнгүй бичих ёстой. Гэвч гадны хүмүүст тэр бүр үзүүлээд байх нь зохимжгүй байдаг. Учир юу гэвээс тухайн ургийнхны удамшлын өвчин хуучин, гэм ял хүртсэн эсэхээс эхлээд бүх нууц мэдээлэл бичигдсэн байдагт оршино. Иймээс оюутан сурагчид хичээлийн хүрээнд хийж байгаа ургийн бичгийн намтартаа Эрүүл мэндийн байдал, ял шийтгэлийн тухай мэдээллийг оруулахгүй орхих нь зөв юм.]
-
Хэзээ нас барсан,
шалтгаан
Сүүлийн үед ургийн
бичиг хөтлөхөд зориулсан дэвтрийг хэвлэлийн компаниуд үйлдвэрлэн худалдах
болсон нь ургийн бичиг хөтлөхөд ихээхэн дөхөм болж буй сайн талтай. Мөн мэдээллийн технологийн зарим
компани ургийн бичиг
хөтлөх программ хангамжийг
бүтээж соёл уламжлалаа сэргээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн чухал үйл явдал
болжээ.[7] Ургийн бичгийг хөтлөхдөө удаан хадгалах боломжтой, авсаархан, хэрэглэх, нэмж засах бололцоотой байдлаар хийх хэрэгтэй. Оюутан залуучуудын хичээлийн хүрээнд хийж буй ургийн бичгийг харахад ихэвчлэн ватум цаас буюу А1 цаасан дээр бичиж байгаа нь харагддаг. Гэвч энэ нь тийм ч сонгодог хувилбар биш юм. Ургийн бичгийг хөтлөхөд маш олон хүнээс мэдээлэл цуглуулах, уулзаж
ярилцахад хугацаа шаардах учир мэдээлэл харилцааны технологийн давуу талыг
ашиглах нь үр дүнтэй. Тухайлбал, Сүүлийн үед ураг удмынханаа нэгтгэсэн нүүр
номын бүлгэм (group) үүсгээд
түүгээрээ гэрэл зураг, бусад материалыг цуглуулдаг болжээ. Мөн Udam.mn, urgiinbichihg.mn, myheritage.com зэрэг сайтыг ашиглаж
ургийн бичиг хөтлөх явдал нэмэгэж байна.
Ургийн бичгийг бич жилтэй хүн
эхлэн хөтөлж тэр удам угсааны хамгийн нэр хүндтэй хүн хадгалж, төрөл саднаараа үе
үе цугларч нэмж засдаг ёс бий. Монголчууд угийн бичгээсээ өөрсдийгөө төдийгүй,
өндөр дээд өвгөө, ямар овог ястай, нэр устай хүмүүс явсныг шууд мэдэх бөгөөд
хамгийн чухал нь өөртэйгээ нэг овог ястай хүнтэй ураг холбохыг хатуу цээрлэнэ. Монголчууд
Алтан ургийн язгууртнууд (тайж нар) есөн үе, энгийн ард долоон үе дотроо хоорондоо ураг
барилдахгүй ёс байжээ. Есөн үе өнгөрөхөд овог задарч тухайн овгийн зонхилогч
нэг хүү нь голомтоо сахин өөрийн овгоо авч үлдэж бусад үеэл, хаяалид нь гал
таслан өрх тусгаарладаг ёс бий. Тийнхүү
есөн үе өнгөрснөөс хойш төрөл сунжирсан гэж үзэх бөгөөд өөрийн овог дотроо шинэ
яс үүсгэдэг.[8]
Монголчууд ураг удмынханаа бүгдийг хүндэтгэж авгайлдаг уламжлалтай. Хүн бүр
угийн бичигтээ өөрөөс дээших 9 үеийн ясан болон цусан төрлийг оруулан хөтөлдөг.
Үүнд,
1. Өндөр
өвөг 1.
Өндөр эмэг
2. Холбоо
өвөг 2.
Холбоо эмэг
3. Хулан
өвөг 3.
Хулан эмэг
4. Элэн
өвөг 4.
Элэн эмэг
5. Хуланц
өвөг 5.
Хуланц эмэг
6. Элэнц
өвөг 6.
Элэнц эмэг
7. Өвөг
эцэг 7.
Эмэг эх
8. Эцэг
8.
Эх
9. Би 9.
Би
Ургийн бичгийг хөтлөхөд
анхаарах зарим зүйлсийн тухай нэмж өгүүлэе.
-
“Ургийн бичигт тухайн
овог, гэр бүлийн хамгийн дотоод нарийн нандин зүйлс бичигдэг ч тухайн овогт
бусдад заавал дэлгэн тавих шаардлагагүй зүйл байдаг. Тэр бүгдийг бичилгүй,
заримыг нууц хэвээр орхих хэрэгтэй.
-
Хойд эцэг, эхтэй хүмүүсийг ургийн бичигт бичихдээ
жинхэнэ төрүүлсэн эцэг эхийнх нь овог, яс, нэр усаар оруулан тэмдэглэх
шаардлагатай. Боломжгүй бол тухайн хүний намтрыг бичихдээ энэ тухай нь
дэлгэрүүлэн оруулж болно.
-
Ургийн
бичигт орсон хүмүүсийн нэрний ард авгайлга нэрийг хаалтанд оруулбаас сайн.
Авгайлж дуудсаар нэрийг нь мартсан байх тохиолдол элбэг байдаг.
-
Сүүлийн үед овог сольж уул ус, өндөр өвгийнхөө
нэрээр овоглох нь элбэг болжээ. Энэ
тохиолдолд ургийн бичгийн оршил хэсэгт энэ тухайгаа дурдвал зохилтой.
-
Ургийн
бичигт тухайн ураг удмынханы талаар нарийн нямбай мэдээлэл их агуулагддаг учир явуулын
хүмүүст тэр бүр харуулах хэрэггүй. Ургийн бичиг бол тухайн удмынханы нууц
товчоон байх учиртай.
[3] Залуусын
ихэнх нь 19-27 насандаа гэр бүл болдог, оюутан ахуй цагтаа үерхэж нөхөрлөх нь
элбэг учир тэд цус ойртох өндөр эрсдэлт бүлэг юм.
version 2-n tataj awsan ba ajillahgui bna
ReplyDeleteBichig
ReplyDeleteBichig
ReplyDeleteБи-гээс доош хүү, ач, гуч гэхчилэн 9 үеийн нэршлийг зааж өгч туслаач!
ReplyDeleteөөрөөс доош 9 үе
ReplyDelete1.Хүү
2.Ач
3.Жич
4.Гуч
5.Жичинцэр
6.Гучинцар
7.Жихүй
8.Жилийхүй
Энэ бол ясан тал
Цусан тал нь
1.Охин
2.Зээ
3.Зээнцэр
4.Зээлдэм
5.Бөл
6.Бөл ач
7.Бөлүүл, Бөл зээ
8.Бөлөнцөр