Түүхийн бус мэргэжлийн ангид
үзэж буй “Монголын түүх, соёл, ёс заншил”
хичээлийн агуулгыг илүү парагматик болгох хэрэгтэй. Өнөөгийн түүхийн
сургалтын үр дүн сайнгүй байгааг өмнөх жилүүдийн судалгаа харуулсан. Үүнийг
сайжруулах арга нь түүхийн хөтөлбөрийн агуулгыг хэрэглээнд суурилан өөрчлөх гэж
үзэж байна. Бид зарим сэдвийг ийнхүү өөрчлөн туршихад өмнөхөөс илүү үр дүн гарч
байгаа нь үүнийг баталж байна.
Монголын түүхийн хичээлийг 2014
оноос Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар түүх, соёл, ёс заншил гэсэн
агуулгаар бүх их дээд сургуулийн оюутан суралцагчдад гурван багц цагийн
агуулгаар судлуулах болсон билээ. Энэ нь улс орны тусгаар тогтнолын дархлаанаас
үүдэж мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж буй хүн бүр иргэний үүргээ
биелүүлж эх түүх, соёл ёс заншлаа мэддэг, эрхэмлэдэг, хамгаалдаг байх нийгмийн шаардлагаас үүсэлтэй.
Эх түүхийн боловсролыг
үйлчилгээ гэж үзэн энэхүү үйлчилгээний өнөөгийн байдлыг бодитой үнэлж, түүний
чанар, үр өгөөжийг сайжруулах арга зам хайхыг цаг үе биднээс нэхэж байна.
Нийгэм болон хувь хүний хөгжих хэрэгцээг түүхийн хөтөлбөрт хэрхэн тусгах,
байнга хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг сургалтын хөтөлбөртэй яаж
уялдуулах, сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх зэрэг асуудлууд нийгмийн хөгжлийн
шаардлагаар урган гарч ирэв. Нийгмийн харилцааны өрсөлдөөнт байдал түүхийн
сургалтын чанарын талыг илүү шаардах боллоо.
2011,
2015 онуудад МУИС-ийн багш нарын явуулсан түүхийн сургалтын үр дүнгийн талаарх
судалгаанаас харахад түүхийн хичээлээр улс төрийн түүх заадаг, цөөн он, улсын
нэртэй үлддэг, сэдвүүд нь хоорондоо яаж холбогдоод байгаа нь ойлгогддоггүй,
сэдвүүдийг сэглэж заадаг[1] зэрэг дутагдалтай талуудыг
нэрлэсэн байна. 2015 оны судалгааны үр дүн өмнөхтэй ойролцоо байгаа нь бидний
сургалтын шинэчлэл үр дүнд хүрч байна уу гэсэн эргэлзээ төрүүлэв. Бид сургалтыг
харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болжээ. Сургалт бол тодорхой хэрэгцээг хангах
зорилго бүхий төлөвлөгөөт үйл явц. Тиймээс бид хэрэгцээгээ оновчтой тодорхойлж,
үр дүнгээ бодитой хэмжих нь чухал.
2008 онд доктор О.Алтангэрэлийн
их, дээд сургуулийн багш нар, төгсөгчдөөс авсан судалгаагаар сургалтын
хөтөлбөрийн үнэлгээнд сургалтын зорилго, зорилтыг хөтөлбөрийн болон бүлэг
сэдвийн түвшинд буулгаж үр дүнг зорилтоор хэмжиж, зорилтоор удирдах тал
хангалтгүй, сургалтын үр дүнг мэдлэгийн хэмжээгээр хэмжих тал давамгайлж байна[2] гэсэн үр дүн гарсан. Энэ
түүхийн сургалтанд ч хамаатай.
Бид хэдий шинэ тогтолцоонд
шилжээд 27 жил болсон ч өмнөх нийгмийн сургалтын агуулга, арга зүйн зарим
дутагалтай талууд одоо ч арилаагүй хэвээр байна. Социализмын үеийн сураглтын
агуулга нь суралцагчдыг нийгмийн шаардлагад нийцүүлэн социалист иргэнийг
төлөвшүүлэх зорилгын доор онолын мэдлэг өгөхөд түлхүү чиглэж байсан. Арга зүйн
хувьд багш төвтэй, суралцагчид сонсох, бичих идэвхигүй үйлдэл голлосон сургалт
явагдсаар ирсэн. Сүүлийн үед түүхийн
сургалтын арга зүйг анхаарч ирснээс агуулгыг орхигдуулсан талтай. Түүхийг гол
төлөв улс орны материаллаг хөгжлөөр /өсөлтөөр/ баримжаалж тоочин өгүүлдэг, ном уншиж
чээжлээд ярьдаг арга ихэнх сургуулиудад харагддаг. Үүнийг үр дүн
муутай байгааг судлаач багш нар хүлээн зөвшөөрдөг боловч өнөөг хүртэл
шийдвэрлэх гарц олоогүй байна.
Шинэ
зууны багшийн сургалтын зорилго мэдээлэл түгээгч биш мэдээллийг хэрхэн
боловсруулах, үй олон мэдээлэл дундаас бодит мэлээллийг олж авах, боловсруулах
аргад сургах явдал болж өөрчлөгдөж байна. Үүнийг түүхийн сургалтын онцлогт
буулгавал суралцагчид тодорхой түвшинд шүүмжлэлт сэтгэлгээнд суралцах, асуудлыг
олон талаас харж тайлбарлах, үндэслэлтэй санал дэвшүүлж сурах[3] зэрэг чадвар эзэмшүүлэх
шаардлагатай болжээ.
Бид
дээрх асуудлыг үнэлэх зорилгоор хэд хэдэн сургуулиудын хөтөлбөрийн агуулгыг
харьцуулан шинжлэв. Юуны өмнө сургуулиудын хөтөлбөрийн зорилго, агуулгын давхацлыг
харьцуулж, нэг сургуулийн хөтөлбөрийг сонгон авч зорилтдоо хүрсэн эсэхийг
үнэлэв. Үүний дараагаар хөтөлбөрийн нэг бүлэг сэдвийг сонгон авч аль болох
оюутнуудын хэрэглээнд ойр байхаар агуулга, арга зүйг боловсруулж туршсан юм.
АШУҮИС,
БХИС, МУБИС, ХААИС, ИЗОУИС зэрэг их дээд сургуулийн түүхийн бус мэргэжлийн
ангид судалж буй хөтөлбөрийн зорилтыг харвал дараах нийтлэг дөрвөн зүйлд
төвлөрч байна. Нэгд, эх түүх, соёл, ёс заншлын талаар цогц мэдлэгтэй болох. Хоёрт,
түүхэн үйл явдлын учир шалтгааныг тайлбарлах, үнэлэх. Гуравт, түүхийн ухаарал
сургамжийг өвлөн уламжлах (сургамж
авах). Дөрөвт,
түүх, соёлоо дээдлэх, ёс заншлаа эрхэмлэх, хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх зэрэг болно. Дээрх
сургуулиудын хөтөлбөрийн агуулгад зорилтын эзлэх хувь харилцан адилгүй байв. Тухайлбал
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС)
хөтөлбөрт оюутнуудад мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилт бүх сэдэвт илэрч
байхад, хэрэглээ болгох зорилт нийт сэдвийн 36%-д, хандлага төлөвшүүлэхэд
чиглэсэн зорилт 27%-д илэрч байна.[4] Бусад сургуулийн
хөтөлбөрийг энэ байдлаар үнэлээгүй ч агуулга, арга зүйг шинжлэхэд дээрх үр
дүнтэй ойролцоо байна. Үүнд жишээ болгож бид хоёр сэдвийг авч үзье. Монгол
нутагт төрт улс үүсэхээс өмнөх үеийн түүхийг Монгол хүний ул мөр (ХААИС), Монгол
нутаг хүн үүссэн өлгийн нутаг болох нь (БХИС), нэн эрт
үеийн монгол орон (АШУҮИС-Сувилахуйн
сургууль), Нэн
эрт үеийн монгол нутаг, миний нутгийн түүх, соёлын дурсгалууд (МУБИС) зэргээр лекц,
семинарын хичэлээр орж байна. Агуулгын хувьд чулуу болон хүрэл-төмрийн түрүү үеийн
онцлог, холбогдох дурсгалуудын байршил, он цагийг дурдах, ярилцах хэлбэрээр хичээл
явагдаж байна (МУБИС,
АШУҮИС, ИЗОУИС). Гэвч
сургалтын дараа оюутнуудад дөрвөлжин булш, хиргисүүр, буган чулуун хөшөө, хадны
зураг зэргийн зургийг харуулахад төрөл ангиллыг зургаас ялгахгүй байв. Өөрөөр
хэлбэл хадны зургийг хараад зосон, сийлмэл зургийн алин болох, буган чулуун
хөшөөг хараад Саян алтайн эсхүл Өвөр байгалийн буган хөшөөний аль нь болохыг ялгаж
чадахгүй байлаа.
АШУҮИС-ийн
хөтөлбөрийн зорилтыг давхацлын зэргээр[5] үнэлэхэд нийт 0.62 буюу
ерөнхий дүнгээр хөтөлбөрийн зорилт биелэсэн байна. Гэвч зорилт тус бүрээр
үнэлэхэд харилцан адилгүй гарч байгаа юм. Ялангуяа чадварыг үнэлсэн асуултанд
оюутнууд доогуур хувьтай хариулжээ. Тухайлбал, Улс төрийн түүх бүлэгт: Монгол
нутагт хүн үүссэн цагаас эхлээд 1990 оны хувьсгалыг хүртэлх үйл явдлыг он
цагийн дарааллаар судалж байна. Сэдвүүдийн агуулгыг харвал системтэй боловч энгийн
суурь ойлголтуудыг тайлбарлаагүй орхижээ. Тухайлбал, чулуун зэвсгийн үеийн
дурсгалын ангилал, Монгол нутгаас олдсон дурсгалуудыг тайлбарласан атлаа тэр
үеийг яагаад чулуун зэвсгийн үе гэж нэрлэдэг, чулуун зэвсгийн үеийн судалгааг хэрхэн
явуулдаг зэрэг суурь ойлголтуудыг мэдэхгүй байна. Мөн 1911, 1921, 1990 оны
хувьсгалын үйл явц, гадаад дотоод шалтгаан, үр дүнг тайлбарлан ярилцдаг боловч
тэдгээрт оролцсон түүхэн зүтгэлтнүүдийн зургийг хараад хэн нь хэн бэ гэдгийг төдийлөн
ялгаж чадахгүй байна. Мөн Чингис хааны нэрээр гарсан хөргүүдээс таван өөр зургийг
харуулахад аль нь хамгийн бодитой зураг вэ гэдгийг итгэлтэйгээр нэрлэх оюутан
цөөн байдаг. Соёл, ёс заншил бүлэгт: Монголчуудын эдийн соёл сэдвийг орохдоо
бид гэр орон, хувцас хунар, хоол ундны төрөл ангиллыг ярихаас илүүтэй түүнтэй
холбогдох ямар ямар дагаж мөрддөг ёс горим байна, тэр нь хэдийд яаж үүсэв,
орчин цагийн иргэншсэн амьдралын нөхцөлд тохирч байна уу, хэрхэн өөрчлөгдөх
ёстой вэ зэрэгт төвлөрч агуулга арга зүйгээ өөрчлөх ёстой болж байна. Мөн бичиг
үсгийн соёл сэдвээр Монголчууд түүхэндээ хэдэн бичиг үсэг хэрэглэж байсан, хэн
хэн зохиосон тухай тайлбарлан ярилцдаг боловч
оюутнууд худам монгол, уйгуржин монгол бичиг гэж яагаад хоёр янзаар нэрлээд байгаагийн учрыг ололгүй төгсч байна.
Эдгээр
баримтыг үндэслэн бидний сургалт хоосон барьцгүй, хэрэглээ болохгүй байна
хэмээн үзэв. Тус хичээлийг судалснаар оюутан суралцагчдад юу үлдэх вэ гэдэг асуултыг
тавьж, орчин нөхцлөө тооцож хөтөлбөрөө шинэчлэх хэрэгцээ тулгарч байна. Дээрх
асуудлыг шийдвэрлэх гарц нь хөтөлбөрийг хэрэглээ төвтэй боловсруулах гэж
дүгнэж, үүнийг батлах зорилгоор хөтөлбөрийн зарим агуулга, арга зүйг өөрчлөн
боловсруулж нэг улирал хичээл орсны дараа үр дүнг шалгаж үзэв. Соёл, ёс заншил
сэдвийн хүрээнд бид оюутнуудаар ургийн бичиг хөтлүүлэн дүгнэж, Нэн эрт үеийн
Монгол орон хичээлээр бид хүрэл, төмөр
зэвсгийн түрүү үеийн дурсгалуудын зориулалт, онцлог, төрлийг тайлбарлуулж,
түүнийгээ бодитоор (зураг) хараад
ялгааг нь хэлж чаддаг болох гэсэн даалгавар хийлгэхэд гарсан үр дүн нь оюутнууд
хэсэг хугацааны дараа уншин тогтоосон зүйлээ мартчихдаг бол бодитоор харж ялган
таньж сурсан зүйлээ мартаагүй байлаа. Ургийн бичгийг бичихдээ эмээ, өвөө, авга,
нагацтайгаа холбоо барьж, уулзаж, өөрийн ураг удамд хаана ямар хүмүүс байгаа, юу
хийдэг, хэнийд шинэ хүн өлгийдөж авсан зэргийг мэдэж авснаа илэрхийлж байсан
юм. Мөн өмнөх улиралд оюутнуудаас авсан судалгаагаар тухайн бүлгийн зорилт үр
дүнгийн давхцал 67 хувь байсан бол энэ удаад 69.8 болжээ. Энэ нь тоон утгаараа ахисан
үзүүлэлт юм.
Дүгнэлт
Монголын
түүхийн сургалтын агуулга, арга зүй өмнөх арга барилаа бүрэн орхиогүй
шилжилтийн шатандаа явж байна. Японы их дээд сургуулиудад түүхийн хичээл номын
агуулгыг чээжлээд ярих бус сурвалжтай ажиллаж сурах, сурвалжийг уншиж ойлгоод
бусад сурвалжтай харьцуулж тодорхой дүгнэлт гаргалгаа хийх байдлаар явагддаг.[6] Ийм байдлаар суралцагчдыг тодорхой
мэдээлэл хайж олох үнэн зөвийг шүүх, дүгнэлт гаргалгаа хийх чадварт суралцуулж
байна. Бид хичээлийн агуулгыг тодорхой асуудалд төвлөрч, эрэл хайгуул хийлгэж
байхаар агуулгыг томьёолох хэрэгтэй. 2014 оны БШУ-ны яамны сайдын тушаалын
хавсралтанд Монголын түүх, соёл, ёс заншил хичээлээр “Монголын түүхийн үндсэн
сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж хөгжилд нөлөөлсөн гадаад дотоод хүчин
зүйлсийн талаар шүүмжит дүгнэлт хийх, түүнийгээ нотлон мэтгэлцэх чадвартай
болно” хэмээн эзэмших чадварыг тодорхойлсон нь бидний зорилттой нийцэж байна. Иймээс
бид хичээлийн агуулгыг томьёолохдоо дээр дурдсан зорилтод чиглэх нь зүйтэй. Суралцагчдад
зөвхөн мэдлэг бус чадвар суулгах, тэдний амьдралд хэрэглэгдэх зүйлийг хөтөлбөрт
тусгах нь өнөөгийн түүхийн сургалтын хэрэгцээ юм.
Ном зүй
1.
Өнөрнасан.Д. Сурагалтын үнэлгээний арга зүйн судалгаа.
Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2014
2.
Оюунцэцэг.Н. Сургалтын агуулгыг амьдрал хэрэглээтэй
холбож парагматчилах арга зүй. Диссертаци. УБ., 1999
3.
Оюунсүрэн.Э Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ. Докторын зэрэг горилсон нэг
сэдэвт бүтээл. УБ., 2012
[1] Д.Энхжаргал. Их дээд сургуулийн түүхийн бус мэргэжлийн
ангид үзэх Монголын түүхийн хичээлийн агуулга, арга зүйн шинэчлэлийн зарим
асуудал // Эх түүхийн сургалт, боловсролын уламжлал шинэчлэлийн асуудлууд.
Илтгэлийн эмхэтгэл. Эрхэлсэн Ц.Гантулга, П.Дэлгэржаргал. УБ., 2012. т. 54
[2] О.Алтангэрэл.
Сургалтын хөтөлбөрийг хэрэглээ төвтэй боловсруулах арга зүйн зарим асуудал (Инженерийн зураг зүйн хичээлийн жишээн дээр). Диссертаци. УБ., 2008. т. 14
[3] О.Оюунжаргал. Японы
түүхийн боловсролоос суралцахуй // Түүх, нийгмийн
ухааны боловсролын онол, арга зүйн асуудал. ЭШХ-ын эмхэтгэл. Эрхэлсэн
А.Оюунтунгалаг нар. УБ., 2016. т. 58
[4] А.Ган-Эрдэнэ. “Монголын түүх, соёл, ёс заншил” хичээлийн
хөтөлбөрийн зорилгын биелэлтийг давхацлын зэргээр үнэлсэн нь // Анагаахын
боловсрол судлал. ЭШБХ-ын эмхэтгэл. Эмхтгэсэн Ч.Дорждэрэм. УБ., 2016. Т. 11
[5] Хөтөлбөрийн үр дүн туйлын утгаараа зорилттой давхцах
ёстой учир давхацлын зэргээр илэрнэ гэж үзэв. Давхацлын зэргийг тодорхойлохдоо томьёог ашиглав. t-давхацлын зэрэг, m-шалгуураар үнэлэгдэж
авсан оноо,
n-шалгуураар авбал зохих дээд оноо.
[6] О.Оюунжаргал. Японы
түүхийн боловсролоос суралцахуй // Түүх,
нийгмийн ухааны боловсролын онол, арга зүйн асуудал. ЭШХ-ын эмхэтгэл. УБ.,
2016. т. 58
No comments:
Post a Comment