Menu

Tuesday, February 17, 2015

ЛХАМ БУРХАНЫ ТУХАЙ

Сар шинийн баяраар бурхан шашны хийдүүд арван хангал тахидаг. Эл бурхадын дотор эм дүртэй охин тэнгэр ганцхан байдаг нь Балданлхам бурхан буюу Цог төгөлдөр охин тэнгэр болно. Эл бурханыг битүүний шөнө тахихад эзэгтэй хүний цог жавхлан, айл гэрийн сүлд хийморийг тэтгэн тухайн айлд зочлоод явлаа хэмээн монголчууд үздэг. Зарим айлууд битүүний шөнө гэрийнхээ үүдэнд торгон үнс асгачихаад лхам бурханыг тахиж хоноод маргааш өглөө нь асгасан үнсээ ажиглавал лхам бурханы хүлгийн мөр үлдсэн байдаг ч гэж домоглон ярих нь бий[1]. Мөн билгийн мэлмий гийсэн хутагт хувилгаад луусын тавхайн мөр гэрийн зүүн тотгон дээр тавьсан арвайн дээр гардаг юм гэнэ лээ гэж хууччуул ярьдаг. Лхам бурхан нь хүний нас сүүдрийг уртасган буян заяа соёрхож, өвчин зовлонг арилгадаг. Луус хөлөглөсөн Балданлхам бурхан битүүний шөнө хулгана цагийн үеэс бурханы орноосоо заларч айл бүрийг эргэдэг тул ийнхүү айл бүр гэрийнхээ тотгон дээр “шаш” хэмээх өргөлийг тавьдаг. Ингэснээр Лхам бурханы хөлөг унааг умдаалж, идээшлүүлж байгаа хэрэг юм. Лхам бурханы хөлөг нь хуруугаараа ганцхан инчдэхийн ертөнцийг гурвантаа тойрох увидастай хөлөг аж. Айл бүрээр заларсан лхам бурхан маань үүрээр туулай цагийн багцаанд эргэн морилдог аж. Цагаан сараар айл бүрт амар жаргалыг, хүн бүрт нэгэн насыг авчирдаг шар луус хөлөглөсөн, хөх лагшинтай лхам бурханыг өвлийн лхам буюу Гүнжинлхамо гэдэг[2].
Балданлхам бурханы тухай нэгэн Монгол домогт “эрт дээр цагт нэг хар үнээтэй ядуу хүүхэн байдаг байжээ. Тэндэхийн гацаанд ганц ламтай нэгэн сүм байв.           Ядуу хүүхэн ганц хар үнээнийхээ сүүгээр өдрийн өл залгадаг гэнэ. Урагдаж салбарсан ногоон дээлнээс өөр өмсөх хувцасгүй учир нутгийнхан тэр хүүхнийг “ногоон дээлт” гэдэг байв. Хар үнээнийх нь сүү өтгөн, арвин болохоор тэр хавийн айл бүрт хүрдэг боловч ганц ламынд л хүрдэггүй байжээ. Ганц лам ч сүү авдаггүй, ядуу хүүхэн ч өөрийн хувь заяанд гомдож, лам хүнд өглөг өгч буян үйлдэх хувьгүй хүн гэж бодон биеэ зүхдэг байв. Нэгэн өдөр тэр лам нутгийнхаа ойролцоох нэгэн хадат ууланд нямба дияан хийхээр явж олон сар агуйд ном бясалган хүний бараа харалгүй удаан гэгч нь алга болоход нутгийнхан гайхаж ламын байдаг агуйд очиж үзвэл өвчин зовлонд нэрвэгдсэн, хувцас хунар нь урагдаж өвдөг тохой нь ил гарч үхлүүт болчихсон байж байв. Улс амьтан ламыг асарч овоо нааштай болгожээ. Ногоон дээлтэй хүүхэн ч ламд өглөг өгье гэж шийдэн үнээгээ сааж сүүгээр нь тараг бүрэн сүүтэй тутарга, үзэм шар тостой будаа хийцлээд агуйд очив. Гэтэл лам ядуу хүүхний барааг харах төдий болоод таалал төгсчээ. Хүүхэн гашуудан гансравч лам ямар босч ирэх биш гэж бодон уйлж уймралгүй гараад явж байснаа “нэгэнт л би энэ идээг ламд өглөг болгон бэлтгэснээс хойш орхиод явъя” гэж бодон агуйд эргэн очиж ламыг босгон завилуулж суулгаад идээ будаагаараа бүхүй биеийг нь шавж, зай завсаргүй бүрчихээд яваад өгөв. Ламын таалал төгссөнийг мэдээд улс амьтан хөдөөлүүлэх гээд очтол лам хэдүйн амь ороод босоод ирэхлээр бүгдээрээ айж цочин бөөн шуугиан болов. Лам болсон явдлыг нэг нэгэнгүй тоочин яриахад улс амьтан нөгөө ногоон дээлтэй хүүхнийг чөтгөр шулмас юм байх гэж боджээ. Харин тэр ядуу хүүхэн чөтгөр шулмас биш Балданлхам бурхан байсан учрыг лам айлджээ. Маргааш өглөө нь лам хүүхэн хоёр дахин уулзаж золгосноор битүүлж, маргааш нь золгож шөнөжин лхам хурдаг болсон юм гэдэг. Лхам бурхан энгийн олонд ядарч зүдэрсэн боловч сайхан сэтгэлтэй, тусч хүүхэн болж харагджээ. Харин ламын нүдэнд болохоор догшин дүртэй ногоон дээлтэй  цог төгөлдөр охин тэнгэр болж харагдсан юм байж” хэмээдэг байна.
(Эх сурвалж: Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. УБ., 2009)




[1] Ламиран дацангийн хамба лам Загдсүрэнтэй ярилцсан тэмдэглэл
[2] Гандан хийдэд унзад явсан Дорноговь аймгийн харьяат 96 настай  Сэнгэ хуучилсныг мөн хийдийн шавь Яримпилээс музей судлаач Ц.Нарантуяа 1989 онд тэмдэглэн авчээ. 

No comments:

Post a Comment