Битүүлэх ёс нь билгийн улирлын сар бүрийн гучнаа тэнгэрт
сар үл үзэгдэх битүү харанхуйг заан хэлсэн бөгөөд байгаль ертөнцийн эл үзэгдлээр
уламжлан “Лавай” хэмээх өвлийн адаг сарын гучныг буцаж байгаа буурал жилийн
отоглох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн. Зан үйлээр
бататган үддэг ёстой ажээ. Битүүлэх ёсны гол бэлгэдлийн утга нь байгаль
ертөнцийн бодит үзэгдлээс гадна хүн ардын нэгэн жилийн үйл хэргийг дүгнэж дараа
жилийн шинэ мөчлөгийг угтаж буй зан үйлээс бүрдсэн олон давхар утгатай бөгөөд
чухам эндээс “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх зан, дадал үүдэн гарчээ. Битүү
хоол гэдэг нь гол төлөв шүүсэн идээ бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол
идэх заншил газар бүрт адилгүй байдаг. Тухайлбал, Говь гурван сайхан орчимд
битүүний орой бууз жигнэхээсээ илүү хуушуур хийхийг чухалчилдаг. Энэ нь шинэ он
гарч Лхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайхныг хиншүү гарган үлдэн хөөж
байгаа юм гэнэ.
Битүүний идээнд эрүүг нь
заагаагүй битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хэрэв өвчүү чанавал дал дөрвөн
өндөр, хонтой шаант чөмөг, залаатай богтос тавина. Битүү толгой чанавал аманд
нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрүүтэй үзүүрийг
толгойных нь ард тавьж гургалдайгаар нар зөв ороож, сэмжээр нь бүтээн дал
дөрвөн өндөр, хонтой шаант чөмөг, залаатай богтосны аль нэгийг тавьж битүүлдэг[1].
Торгууд, урианхай, баяд,
өөлдүүд битүүний орой нэг хотынхон хамгийн ахмад айлдаа цугларч үхрийн дунд
чөмгийг махтай нь чанаж махнаас нь амсаад чөмөгний ясыг нэг ахмад хүн гартаа
бариад, нөгөө гартаа хутга барин дагуу цохих уу, хөндлөн цохих уу хэмээн
асуухад дагуу цохь хэмээхэд огцом ганц цохин хугалаад хүн бүр чөмөг амсдаг. Мөн
зарим нутагт чөмөгний ясыг хугалахаас өмнө битүү гаргах уу хэмээн асуухад цөм
гаргая хэмээн хариулахад чөмгийг хугалаад битүү гарлаа хэмээцгээн тавтай
битүүлцгээж байна уу? хэмээн мэндэлцгээдэг. Үүний учир нь Лхам бурхан хүнд сайн
сайхныг авчрах гэж яарч явахад нь шулам саад хийж тэмцээд Лхамын хөлгийн хөлийг
гэмтээсэн тул шуламын унааны хөлийг бас хугалж буй домог гэдэг. Харин гэр дээр
тавьсан мөс цас зэрэг нь лхам бурхны хөлгийн умдаа гэдэг.
No comments:
Post a Comment