Menu

Wednesday, February 25, 2015

ШИНЭ ТОЛЬ


     “Шинэ толь” нь 1913 оны 3 сарын 6-с эхлэн сар бүр болон, хоёр сард нэг удаа  хэвлэгдсэн бөгөөд 1913 онд хэвлэгдсэн дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээний 50-60 /30-40/[1] хуудастай номын маягаар хэвлэгдэж, дараах дугаарууд нь буюу 1914 онд хэвлэгдсэн арван зургаан дугаар нь 34х26 см 6-10 нүүртэй сонины хэлбэрээр нийтлэгдэж,1914 оны 8 сарын 21 хүртэл бүгд 20 дугаар гарсан бөгөөд төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд тусгайлан бэлтгэсэн сонин худалдаалах пүүсээр дамжин худалдаалагдаж байв.[2]  “Шинэ толь”-ийг гаргагчид ахны дугаартаа хэвлэлийн зорилгыг тодорхойлохдоо: “Эдүгээ Монголчууд тулгар төр байгуулж, тусгаар улс болсноос хойш зүй нь элдэв эрдэмд боловсорч яаравчлан хүчтэй чийрэг болохыг хичээвээс зохих тул манай бичгийн хороо гадаад олон улсын хэрэглэж буй зүйл бүрийн эрдмийг товьёолон бичиж, дэвтэр болгон дармал дарж, олон монголчуудыг эрдэм сурахад нэмэр болгоно. Үүнээс гадна цагийн байдлыг даган Монгол улс лүгээ холбогдож, чухал сонин зүйлийг хураангуйлан товчилж бичнэ.”[3] гэжээ.
   
  “Шинэ толь” сэтгүүлийн бичиж байсан зүйлийн агуулгыг авч үзвэл: Ертөнцийн зан төлөв, дэлхий дээрх олон улсын тус тусын байдал, дэлхий дээрх хүмүүн төрөлхтний балар эрт цагаас инагш улам улмаар аж төрсөн ба эрдэм ухааны боловсорсоор ирсэн түүх, монгол ба бусад олон улсын түүх, тооны ба тод шинжлэх ухаан, элдэв дүрс,бодисын шинжлэх ухаан, элдэв зүйлийн гайхамшигт цэдиг түүх, аж төрөхийг засах ба хүний бие сувилахын зүйл[4] гэж ангилж болно. “Шинэ толь” дотроо ШУ, гэгээрэл, түүх, улс төр, утга зохиолын булантай байв. Эрдэм шинжилгээний өгүүлэл, томоохон нийтлэл орчуулгын зохиолыг Ж.Цэвээн, шүүмжлэлт өгүүлэл, иргэний нийтлэлийг Д.Бодоо, засгийн газрын мэдээ сонсгол, автономитын дээд доод хурлын холбогдол бүхий материалыг Бадрахбаатар, шуурхай мэдээ сонсгол зэргийг шүүх яамны бага түшмэл Жанцансамбуу бичиж байв.[5]
     “Шинэ толь”-ийг хамгийн ултай судалсан хүн бол доктор Г.Дэлэг юм. Үүнээс гадна Б.Цэрэннадмид тусгай өгүүлэл бичиж, Коростовец, Н.Г.Заятуев, Ш.Нацагдорж, Б.Ринчен, Б.Ширэндэв, Н.Норовсүрэн, Т.Баасансүрэн, М.Зулькафиль зэрэг эрдэмтэд өөрийн зохиол бүтээлдээ өөр өөр өнцгөөс нь тусгасан байдаг.
      1912 онд Оросын элчингийн дэргэд байгуулсан Орос монголын багахан хэвлэлийг түшиглэж, Монголын анхны тогтмол хэвлэлийг гаргасан юм. Орос Монгол нийлсэн арав хүрэхгүй ажилтантай, гар ажиллагаа бүхий хэдэн тооны машинтай ажлаа эхлэж байжээ.  
      “Шинэ толь” сэтгүүл бол тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад байсан тэр үест Монголын ард түмнийг нозоон байдлаас сэрээж, үндэсний ухамсарыг сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Ном зүй
1.      Г.Дэлэг.Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл.УБ.,1965
2.      Т.Баасансүрэн.Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэж төлөвшсөн нь: 20-р зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл. Тэргүүн дэвтэр 1-р хэсэг. УБ., 2009
3.      Н.Норовсүрэн.Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм.УБ., 2000



[1] Г.Дэлэг.Монгол тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл.УБ.,1965 т. 64
[2] Мөн тэнд
[3] Г.Дэлэг.Монгол тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл.УБ.,1965  т. 99
[4] Т.Баасансүрэн.Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь:20-р зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл.УБ.,2009 т. 25
[5] Г.Дэлэг.Монгол тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл.УБ.,1965  т. 100
* анхны “Шинэ толь”-с хойш 1935-1940 он, Ардчилсан хувьсгалаас хойш “шинэ толь” сонин сэтгүүлүүд тус тус гарч байсан

No comments:

Post a Comment