Menu

Tuesday, December 18, 2018

СОРИЛЫН ОЛОН ХЭЛБЭРИЙГ АШИГЛАЯ


Өнөөгийн байдлаар бид сорилын олон хэлбэрээс зөвхөн хоёрыг нь л ашиглаж байна. 
Сургалтын салшгүй нэг хэсэг нь суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх ажил байдаг. Багш хүн энэ ажилд өөрийн хөдөлмөрийн 25 гаруй хувийг зарцуулдаг байна.1  

Хичээлийн үнэлгээ зорилттойгоо нягт холбоотой байх ёстой. Ямар зорилт тавьсан түүнийхээ биелэлтийг үнэлдэг.
Багш нар ихэнх тохиолдолд суралцагчдыг хичээлийн агуулгаас зайлшгүй эзэмшсэн байх шалгууртай (зорилттой) харьцуулан хэмжихэд сорилыг ашиглаж байна. 
Сорилыг хамгийн анх НТ 605 онд Хятадын Сүй (Sui) гүрний үед эзэн хааны төрийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа “Эзэн хааны шинжилгээ” хэмээх сорилоор (тест) шалгах аргыг хэрэглэсэн бөгөөд энэ уламжлал 1300 жил үргэлжилжээ.
Англид 1806 онд “Эзэн хааны шинжилгээ” шалгалтын загварыг төрийн албаны албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад ашиглах болсон байна.2
ХХ зууны эхэн үе гэхэд сорил (тест) гэдэг нэр томьёо олон нийтэд тодорхой болж шинжлэх ухааны бие даасан судлагдахуун болжээ.
Сорилын төрөл хэлбэр, түүнийг хэрхэн ашиглах тухай сэдэв шинэ сэдэв биш бөгөөд энэ талаар судалсан бүтээлүүд Үндэсний номын санд олноор хадгалагдаж байна. Ялангуяа анагаахын хичээлүүдэд сорилын олон хэлбэрийг ашиглах талаар профессор Н.Сүмбэрзул судалж практикт нэвтрүүлсэн нь Монголын их дээд сургуулиудаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль сорилын олон хэлбэрээр суралцагчдаа үнэлэх болоод уджээ.
Сорил нь бидний ойлгодгоос илүү өргөн агуулгатай бөгөөд сорьж үзэх, тэнсэн турших гэсэн утгатай үүсмэл үг юм.
Энэ утгаар нь харвал сорил нь гол төлөв үйлдэл гүйцэтгэх, амаар болон бичгээр хариулах сорил гэсэн гурван хэлбэртэй.
Үйлдэл гүйцэтгэх шалгалт-ыг ихэнхдээ байгалийн ухааны хичээлүүдэд ашигладаг. Зүйрлэвэл анагаахын хичээл дээр судас тариа яаж хийхийг заачихаад шалгалтаа тариа хийлгэж авна гэсэнтэй утга нэг.
Амаар авах шалгалт түгээмэл боловч нийгмийн ухааны хичээлд түлхүү ашиглаж харагддаг. Багш заасан хичээлээ суралцагч бүрээс асууж ярилцах байдлаар авдаг шалгалтын хэлбэр учир суралцагчийг бодитой үнэлэхэд тустай.
Бичгээр хариулах сорил нь хэлбэрийн хувьд хаалттай болон нээлттэй хариулттай байдаг. Нээлттэй хариулттай сорил нь аль нэг сэдэв өгч түүний тухай бичүүлэх, эсвэл асуултын хариултыг өгөлгүйгээг суралцагчаар бичүүлж болно. Хаалттай сорил гэдэг нь асуултын хариултыг олон хувилбараар өгөөд аль зөвийг суралцагч сонгодог.

Монгол улсад зохион байгуулагдаж буй ЭЕШ-аас эхлэн чухалд тооцогдох шалгалтууд сорил ашиглаж байна. Гэвч бидний ашиглаж буй сорилын хэлбэр нь бичгийн шалгалтын хаалттай хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бид шалгалтын гурван төрлийн зөвхөн нэгийг, тэр тусмаа сорилын дөрвөн хэлбэрийн хоёрыг нь л ашигладаг гэсэн үг.


Сорилын олон хэлбэрийг ашиглах нь сорилын найдвартай, хүчин төгөлдөр байдлыг нэмэгдүүлдэг. 

Бидний боловсруулдаг сорилын хэлбэр бол шооны хоёр тал. Гэтэл шоо зургаан талтай байдгийн адил сорилын хэлбэр ч олон байна. Тиймээс бид шооны хоёр талаас харах биш зургаан талаас нь харж хэвшье. 

                       
                                                                                     Зураг 1. Шалгалтын хэлбэр




[1] Н.Сүмбэрзул. Анагаахын оюутны мэдлэг чадварын үнэлгээг боловсронгуй болгох нь. Анагаах ухааны боловсролын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2003. т. 9
[2] Д.Өнөрнасан. Сурлагын үнэлгээний арга зүйн судалгаа (Интернетэд суурилсан үнэлгээний жишээн дээр). Боловсрол судлалын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2014. т. 23

No comments:

Post a Comment