Өдгөө Монголчууд ургийн овгоо
шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн
бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн
зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын
овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан.
Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа
багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа
эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн
бичиг хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах
аргачлалыг санал болгож байна.
Ургийн бичгийн гол зорилго нь
өөрөөс дээшхи ураг удмынханаа мэдэж авахаас гадна өөрийн үеийн үеэл, хаяалидаа
сайтар мэддэг байхад оршиж байдаг. Тиймээс ургийн бичгийг үйлдэхдээ зураглал,
намтар хоёрыг хамт бичих нь зүйтэй.
Ургийн зураглал. Ургийн Мод ч гэж нэрлэдэг энэхүү зураглалын зорилго нь
танай ураг удамд байгаа хүмүүсийн тухай товч бөгөөд тодорхой /пасспортын/
мэдээлэл авахад оршиж байгаа юм. Ургийн зураглалыг тойрог, мод, хүснэгтлэн зурах
зэргээр хийж болох боловч хүн бүрийн нэр, хүйс, гэр бүлийн байдал, амьд сэрүүн
буй эсэх, үр хүүхдийн тоо, зэргийг зураглалаас хараад мэдэж болохуйц байх
ёстой. Ихэнх ургийн бичигт олон хүний нэрс жагсаан бичсэн байх боловч дээрх
мэдээллийг авах боломжгүй байдаг. Тухайлбал, Нямсүрэн, Жаргалсайхан, Баасанжав
гэх мэт жагсаан бичсэн нэрсийг хараад эрэгтэй эмэгтэй хүний алин болохыг ч
мэдэх боломжгүй юм. Үүний учир бид дараах зааварыг ашиглан зураглал хийхийг
санал болгож байна (зураг 1-2).
Монголчууд эцгийн шугамыг баримтлан зөвхөн эрчүүдийн
үе залгамжийг тэмдэглэж ирсэн гэвч эхийн талыг ч бас хөтлөх нь зүйтэй. Нэг
үеийнхнийг нөгөө үеийнхнээс, нэг хүний үр хүүхдийг бусад ах дүүсийн хүүхдээс
нарийн ялгаж, хэддүгээр хөвгүүн болох, төрсөн ба үрчилсэн, цол хоч, авгайлга
зэргийг тодорхой бичиж тогтсон тэмдгээр тэмдэглэдэг.[1]
Ийнхүү тэмдэглэхдээ эмэгтэй дүү, охин, эхнэрийг орхиж болохгүй.
Намтар бичих. Ургийн зураглалыг хийсний дараа зураглалд орсон бүх
хүмүүсийн намтрыг сайн мэдэх дээд өвгөөсөө өөрийн биеийг хүртэлх үе залгамжлагчдыг
он цагийн дагуу байрлуулж дэлгэрэнгүй тэмдэглэдэг. Ингэж бичсэн намтар нь
түүхэн үйл явдал, түүнд бие хүний гүйцэтгэсэн үүргийг тодорхой харуулдгаараа давуу
талтай. Намтрыг бичихдээ дараах асуултанд хариулж энгийн хүүрнэх хэлбэрээр
бичнэ. Үүнд,
-
Яс үндэс
-
Овог
-
Хэний хэн болох (Хэд дэх хүү, охин)
-
Төрсөн он, нас, хүйс, жил (Аргын болон
билгийн тооллоор)
-
Төрсөн хот, аймаг, сум, дүүрэг, баг, хороо
-
Төрсөн газар (Анх төрөөд хаана амьдарч байсныг бичнэ)
-
Үндсэн захиргаа
-
Эрүүл мэндийн байдал
А. Өвчин (Удамшлын
болон бусад)
Б. Хорт зуршил (Тамхи
татах, архи хэрэглэх, бусад)
-
Гэрлэлт (Аль
овгийн хэнтэй хэдэн насандаа гэрлэсэн)
-
Хэдэн хүүхэдтэй (Хэрэв эндсэн бол хэдэн
насандаа ямар шалтгаанаар)
-
Өргөмөл хүний төрсөн
эцэг эх, ах дүүг тодруулан тэмдэглэх
-
Онцгой авьяас, онцлог
зан чанар
-
Гэм алдсан зүйл, ял
шийтгэл
-
Хэзээ нас барсан,
шалтгаан
Сүүлийн үед ургийн
бичиг хөтлөхөд зориулсан дэвтрийг хэвлэлийн компаниуд үйлдвэрлэн худалдах
болсон нь ургийн бичиг хөтлөхөд ихээхэн дөхөм болж буй сайн талтай. Мөн мэдээллийн технологийн зарим
компани ургийн
бичиг хөтлөх программ
хангамжийг бүтээж соёл уламжлалаа сэргээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн
чухал үйл явдал болжээ.[2]
Ургийн бичгийг хөтлөхөд маш олон хүнээс мэдээлэл цуглуулах, уулзаж
ярилцахад хугацаа шаардах учир мэдээлэл харилцааны технологийн давуу талыг
ашиглах нь үр дүнтэй. Тухайлбал, Сүүлийн үед ураг удмынханаа нэгтгэсэн нүүр
номын бүлгэм үүсгээд түүгээрээ гэрэл зураг, бусад материалыг цуглуулдаг болжээ.
Мөн Udam.mn, urgiinbichihg.mn, myheritage.com зэрэг сайтыг ашиглаж
ургийн бичиг хөтлөх явдал нэмэгэж байна.
Ургийн бичгийг бич жилтэй хүн
эхлэн хөтөлж тэр удам угсааны хамгийн нэр хүндтэй хүн хадгалж, төрөл саднаараа үе
үе цугларч нэмж засдаг ёс бий. Монголчууд угийн бичгээсээ өөрсдийгөө төдийгүй,
өндөр дээд өвгөө, ямар овог ястай, нэр устай хүмүүс явсныг шууд мэдэх бөгөөд
хамгийн чухал нь өөртэйгээ нэг овог ястай хүнтэй ураг холбохыг хатуу цээрлэнэ.
Есөн үе өнгөрөхөд овог задарч тухайн овгийн зонхилогч нэг хүү нь голомтоо сахин
өөрийн овгоо авч үлдэж бусад үеэл, хаяалид нь гал таслан өрх тусгаарладаг ёс
бий. Тийнхүү есөн үе өнгөрснөөс хойш
төрөл сунжирсан гэж үзэх бөгөөд өөрийн овог дотроо шинэ яс үүсгэдэг.[3]
Монголчууд ураг удмынханаа бүгдийг хүндэтгэж авгайлдаг уламжлалтай. Хүн бүр
угийн бичигтээ өөрөөс дээших 9 үеийн ясан болон цусан төрлийг оруулан хөтөлдөг.
Үүнд,
1. Өндөр
өвөг 1.
Өндөр эмэг
2. Холбоо
өвөг 2.
Холбоо эмэг
3. Хулан
өвөг 3. Хулан эмэг
4. Элэн
өвөг 4.
Элэн эмэг
5. Хуланц
өвөг 5.
Хуланц эмэг
6. Элэнц
өвөг 6.
Элэнц эмэг
7. Өвөг
эцэг 7.
Эмэг эх
8. Эцэг 8.
Эх
9. Би 9.
Би
Ургийн бичгийг хөтлөхөд
анхаарах зарим зүйлсийн тухай нэмж өгүүлэе.
-
“Ургийн бичигт тухайн
овог, гэр бүлийн хамгийн дотоод нарийн нандин зүйлс бичигдэг ч тухайн овогт
бусдад заавал дэлгэн тавих шаардлагагүй зүйл байдаг. Тэр бүгдийг бичилгүй,
заримыг нууц хэвээр орхих хэрэгтэй.
-
Хойд эцэг, эхтэй хүмүүсийг ургийн бичигт бичихдээ
жинхэнэ төрүүлсэн эцэг эхийнх нь овог, яс, нэр усаар оруулан тэмдэглэх
шаардлагатай. Боломжгүй бол тухайн хүний намтрыг бичихдээ энэ тухай нь
дэлгэрүүлэн оруулж болно.
-
Ургийн
бичигт орсон хүмүүсийн нэрний ард авгайлга нэрийг хаалтанд оруулбаас сайн.
Авгайлж дуудсаан нэрийг нь мартсан байх тохиолдол элбэг байдаг.
-
Сүүлийн үед овог сольж уул ус, өндөр өвгийнхөө
нэрээр овоглох нь элбэг болжээ. Энэ
тохиолдолд ургийн бичгийн оршил хэсэгт энэ тухайгаа дурдвал зохилтой.
No comments:
Post a Comment