Menu

Monday, October 7, 2019

ДОЛООН БУРХАН ОДНЫ ДОМОГ



Язгуур нэг ах дүү хоёр авлаж явж байтал, уулын орой дээр нэг нум сум барьсан хүн эргэцэж байжээ. Тэр хүнийг тэр хоёул үзээд дэргэд нь очоод “Та энд юу хийж байна вэ?” Гэж асуухаар тэр хүн хэлжээ. “Тэнгэрийн наадтай, огторгуйн цаадтай нэг шувуу нисч байна билээ. Би нэг сум харваад орхисон чинь одоо хэр нь бууж ирээгүй. Би түүнийг хүлээж байна” гэж хэлсний хойно үд хазайхад сая шувуу сумтай нь хамт бууж иржээ. Түүнийг нь үзээд ах дүү хоёул хэлэлцэж “Чи бид хоёр сайн харваач гэдэг, энэ хүн чи бид хоёроос илүү чадалтай хүн байна. Чи бид хоёр энэ хүнтэй ах дүү барилдая гэж хэлье гэж хэлэлцээд тэр хүнд: “Та бидэнтэй ах дүү болно уу” гэж хэлбэл тэр хүн “болно” гэж хэлжээ.

Явж байтал нэг уулын орой дээр гарч ирвэл тал биеэ газарт булчихсан, тал бие нь газар дээр үзэгдэх нэг хүн хэвтэж байжээ. Тэд гурвуул үзээд:
-       Та энд юу хийж байна! Гэж асуухад тэр хүн
-       Би тэнгэр, газар чагнадаг хүн байна гэжээ.
-       Чи тэнгэр, газар чагнаад юу мэддэг вэ гэсэнд
-       Би гурван ертөнцийн амьтад юу хийж юу хэлэлцэж байхыг  мэддэг хүн байна гэж хэлбэл тэр ах дүү гурвуул:
-       Та бидэнтэй ах дүү барилдана уу гэж сурахад тэр хүн
-       Би та нартай ах дүү болъё гэж хэлээд одоо дөрөв болоод нийлээд явжээ.
Явж байтал бас нэг хүн хоёр уулын дунд зогсоод баруун уулыг авч зүүн уул дээр тавьчихаад зүүн уулыг авч баруун талд нь тавьчихаад тэгээд эргэцэж байжээ. Ах дүү дөрөв түүнийг үзээд дэргэд нь очиж:
-       Чи энд юу хийж байгаа хүн бэ? гэж сурахаар
-       Би гарын хуян гаргаж байна гэжээ.
-       Аа, Та ямар гэгчийн их хүчтэй хүн байна. Бидэнтэй ах дүү болох уу гэвэл
-       Болъё гээд нийлээд тав болоод явжээ.
Явж байтал бас нэг хүн бүлэг зээрийг хөөгөөд нэгийг нь барьж авч тавьчихаад бас нэгийг нь хөөж барьж авч тавьчихаад эргэцэж байжээ. Тэр ах дүү тавууд үзээд дэргэд нь очиж
-       Та энд юу хийж байгаа хүн бэ гэж суржээ.
-       Би энд зээрээр тоглоом хийж суудаг хүн байна гэвэл тэр тавуул
-       Та ямар хэцүү хурдан хүн байна! мантай ах дүү болно уу, гэвэл
-       За! болъё гээд зургаа болоод нийлээд явжээ. Явж байгаад зургуулаа хэлэлцэж
Чи одоо юу хийж амьдравал сайн байна? Гэж хэлэлцжээ. Саях газар чагнадаг хүнээ газар чагнуулбал тэр хүн газар чагнаж аваад
Энэ зүүн хойд зүгт гадаад далайн цаадтай Шаазгай хаан гэж нэг хаан манай гүрнийг эзэлнэ гэж хэлэлцэж байна. Чи бид одоо явж тэрийг дарцгаая гэж хэлэлцээд тэр зүг рүү хандаж яваад, гадаад далайн зах дээр очвол нэг хүн сууж байна гэнэ. Дэргэд нь очвол тэр хүн тэр зургаан хүнээс “Та нар юунд яваа хүмүүс вэ?” гэж асуужээ. Бид энэ далайн цаадтай Шаазгай хааны хотод орж тэр хааны баатруудтай чадал шалгая гэж явж байна. Бид одоо энэ далайгаар явж гарахаа мэдэхгүй байна” гэвэл. “Би та нарыг гаргая гэж хэлээд тэр хүн далайг нэг оочоод ширгээгээд “За та нар одоо гар” гэвэл тэр зургаа “Та бидэнтэй ах дүү болно уу” гэж хэлбэл “Би ах дүү болъё” гэж хэлжээ. “За тэгвэл хамгийн ах та бол, бид таны дүү нар болъё” гэвэл тэр хүн их баярлаж ах нь болоод долуулаа цаадтай нь гараад далайн усыг эргүүлж тавьчихаад явжээ. Явж байтал нум сум үүрсэн нэг сайхан залуу золгожээ. Залууг үзээд асууцгаажээ. Шаазгай хааны хот ойр байна уу гэж сурвал тэр залуу асуужээ. “Та нар манай хотыг сурж яах юм” гэвэл тэр ах нь хэлж “Би танай хаанд баатар болж, хүч өргөе гэж явж байна.” За тэгвэл болно. Би болбол хааны хүү байна. За одоо явцгаая гээд нэлээд яваад хааны хотын үүдэнд нэг сайхан байгуулчихсан их ордонд тэр ах дүү долуулыг суулгаад тэр хааны хүү хэлж:
- Би аавд очиж айлтгая. Та нар энд сууж бай. Маргаадар өглөө нартай булаалдаж, мэдээ ирүүлье гэж хэлээд явжээ. Харьж очоод аавдаа.
- Би өнөөдөр хөдөө хангайд явж байтал надтай нэг долоон сайхан залуу золголоо. Би тэднээс юун яваа хүмүүс вэ? Гэж асуухлаар хаан аавын нэрийг дурдаад, аавд хүч өргөнө гэж хэлж байна. Би түүнийг сонсоод дагуулж ирж, урд үүдний гадаах ордонд суулгаад ирлээ. Одоо хаан аав яах байна гэвэл, Шаазгай хаан:
- Надад хүч өгөхөөр тийм их чадал байх уу тэдэнд? Гэвч маргаадар тэдэнтэй мөрий тавьж чадлыг нь үзэж байгаад, оруулж авцгаая гэж хэлэлцэж тогтоод хоножээ. Саях долуул хэлэлцэж:
- Ах та одоо нэг чагнаж үз! Энэ хаан биднийг яах гэж байна? Гэж хэлэлцээд чагнавал
- Маргаадар бидэнтэй мөрий тавьж, уул харвана гэж хэлэлцэж байна. За таануудаас аль нь сайн харвадаг вэ? Тэр нь харваг гэж хэлбэл бусад тав нь
- Манай огторгуй харвагч харва! Тэгээд хоёрдугаар ах бол гэжээ. Тэгж хэлэлцээд хүлээж байтал хаанаас мэдээ ирж,  
- За одоо хаан морилж ирлээ. Та нартай уул харваж, мөрий тавина гэж байна. Та нар базааж бай! гэж хэлж байтал хаан олон жагсаалаа жагсааж, сайн баатруудаа дагуулж ордондоо буулаа. Тэр ах дүү долуул ёс хийж, амар мэндийг асууж өнгөрөөвөл, Хаан:
- За холоос та урьтаад харвах байна уу? гэртээ байсан бид урьдтаад харвах байна уу? гэвэл тэр долоо:
- Хаан аавын баатар урьтаад харва! гэвэл тэргүүн харваач баатраа “Харва! гэж зарлиг болохоор тэр баатар нь харваж нэг уул шувтлаад хоёр дахь уулан дээр сум нь тогтжээ. Хойттоо нь нөгөө долоогийн хоёрдугаар ах нь харваж таван уулыг шувтлаад зургаа дахь уулан дээр сум нь тогтжээ. Хаан нэг мөрий алдав. Буцаж ордондоо хариад:
- Маргаадар тэдэнтэй бөх барилдая гэж хэлэлцээд хувийнхаа талын бөх тавих газарт таримал мод булж, тэмдэг хийж тэдний талын бөхийг ургаа мод байх газраас тавихаар базаагаад хоножээ. Саях газар чагнадаг хүн бас чагнажээ:
- Маргаадар мантай бөх шалгана гэж хэлэлцэж байна. Тануусаас хэн нь сайн барилддаг вэ гэхлээр уул өргөөч “Би сайн барилддаг” гээд зэхэж базааж байтал хаанаас мэдээ ирж, “Манай барилдааны газар оч” гэж хэлээд явжээ. Саях ах дүү долуулаа яваад очвол нэг олон таримал модтой газар байжээ. Хаан тэнд хэлж, “Модны урьд үзүүрээс та нар бөхөө тавь. Манайх хойт үзүүрээс бөхөө тавина” гэжээ. Тэднүүд харж байтал хааны бөх нь тэр олон модыг үгтээж аваад, зүүн тийшээ, баруун тийшээ цохилж явж байна. Түүний нь үзээд сайх бөхөө тавьжээ. Тэр бөх нь ургаа модыг үгтээгээд зүүн баруун уулын оройд хаялаад хүрч очжээ. Хоёр бөх золгожээ. Золгоод барилдахдаа Шаазгай хааны бөхийг нэг дараад газар уруу наалдуулчихаад ургаа-модоо үгтээсээр гүйгээд зогсож байсан газартаа ирвээ!
Түүнийг хаан үзээд их уур хүрч “Бас нэг мөрий алдлаа” гээд харив. Харьж ирээд маргаадар нь хүн гүйлгээд мөрий тавихаар хэлэлцээд тэр хааны дэрдгэр цагаан самган гэж нэг сайн гүйдэг эмгэнийг дуудаж ирээд хонов. Тэр шөнө чагнагч бас газраа чагнавал хаан “Маргааш хүн гүйлгэж уралдуулан мөрий тавина” гэж хэлэлцэж байхыг мэдэж бусаддаа хэлжээ.
 “За одоо хүн гүйлгэж мөрий тавина гэж хэлэлцэж байна” Та нараас гүйдэг хүн бий  билүү гэхлээр  мөнөөх нь зээр тогтоодог хүн “Тэр гэмгүй, би байна. Айх юмгүй. Би мэдье” гээд хонов. Өглөө хаанаас мэдээ иржээ. “Өнөөдөр манай хаан та нартай хүн мэлзээцүүлж гүйлгэнэ гэж байна” гэж мэдээ хүргэж иржээ. Ингээд мөнөөх хоёрыг явуулж гүйлгэжээ. Хоёул гүйж байтал тэр эмгэн нь багтарч уначихаж. Мөнөөх залуу нь гүйгээд иржээ. Ирэхлээр нь хаан суржээ.
 - Манай гүйдэг эмгэн яав аа? гэхлээр нь
 - Энэ урд уулын цаадтай аахилж багтарч унах нь юу билээ! Танай хүн очиж түүнээс асарч авч ир! гэвэл хаан их уур хүрч, муу санаа төрөөд харив. Олон түшмэдээ дуудан ирж:
 - Энэ урд тивээс ирсэн долоон хүнийг яалтай билээ?  гэж зарлиг болбол, Саран түшмэл гэж нэг сайн мэргэн түшмэл байжээ. Тэр түшмэл хэлжээ:
 - Чи бид тэдэнтэй мөрийн тавьж, хүч тэнхээ туулахгүй  байна. Арга хийж тэднийг үгүй хийцгээе гэвэл хаан:
 - За тэгвэл та нар нэг арга хий! гэхлээр Саран түшмэл хэлжээ. Манай хааны санд нэг ширмэн гэр байдаг бус уу, тэднийг урьж тэр гэрт суулгаад хурим найр хийе гэж хуурч байгаад гэрийн гадуур нүүрс өвс овоолж,  шатаагаад түлбэл тэд гэрээс гарч чадахгүй, дотор нь түлэгдэж үхэлгүй дээ, гэвэл хаан түшмэл бүгдээрээ:
- За энэ болно. Энэ тэргүүн сайн арга! гэж хэлэцээд нүүрс зөөж гэр дугуйруулж өрүүлэв. Мөнөөхөн долоон хүн долуулаа одоо хэлэцжээ .
- Энэ хаан мантай гурав дахин мөрий тавиад  мөрийгөө алдчихсан. Одоо манийг яах гэж  байна? гээд газар чагнадаг хүн газраа чагнавал:
 - Маргааш биднийг урьж аваачиж, ширмэн гэрт ширээ хурим тавьж их баяр хийнэ гэж хуураад түлж алах гэж нүүрс зөөж базааж байна, гэвэл саях далайг оочдог хамгийн их ах нь: Тэр гэмгүй. Би байна. Тануус битгий ай! гэж хэлээд далай балгадаг хүн явж далайг балгаж аваад ирвэл хааны ордноос хоёр түшмэл ирж, урилга ёс хийв. Ирэхлээр нь долуулаа дагаад хааны ордонд орж очвол алтан үүдтэй ширмэн гэрт оруулав. Тэд хэдүүлээ сууж байтал гэр нь хавирганаасаа улайссаар халж тэсэхгүй болоход далай далай балгадаг хүн далайгаа тавихлаар хааны хот ордтойгоо цөм үгүй болчихжээ. Хэдүүлээ тэр гэрт нь байгаад
 - За бид Шаазгай хааныг яг дарж үгүй хийлээ. Одоо чи бид яаж гарна гэхлээр далай оочдог хүн нь далайгаа оочиж ширгээгээд долуулаа гарч, гадаад далайн урд тивд гарч ирээд, долуулаа долоон бурхан болоод ан суун амар жаргаваа. 

Бичсэн: А.Ган-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Г.Дөлгөөн

Эх сурвалж: 
Д.Цэрэнсодном. Монгол ардын домог үлгэр. УБ., 1989. т. 55-58


No comments:

Post a Comment