Menu

Wednesday, January 21, 2015

VIII БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ОРДНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙД

А.Ган-Эрдэнэ[1]
Их шавь, Богд Жибзундамба хутагтуудын түүхийг судлахад тэдний ордонд ажиллаж байсан олон лам, хар хүмүүсийн ажил үүргийн тухай тодруулан гаргах шаардлага тулгарч байна.
Бид эл өгүүлэлдээ Үндэсний номын сан болон Үндэсний төв архивын сурвалжийн мэдээнд тулгуурлан VIII Богд Жибзундамба хутагтын орднуудад ажиллаж байсан албаны хүмүүсийн ажил үүргийн хуваарийн тухай зарим асуудлыг тодруулан авч үзэхийг зорилоо.
Богд Жибзундамба хутагтын сүм, ордны олон албаны хүмүүсийг нэрлэх тогтсон нэргүй байсан бололтой. Сурвалж бичгүүдэд зөвхөн тушаалтан, тушаалын хүмүүс, албаны хүмүүс хэмээн гарч байгаа бөгөөд өөр ямар нэгэн тогтсон нэр дурдагдахгүй байна. Тухайлбал, tabidugar (tabu duγar), namadugar (nayima duγar) düri-yin boγda gegegen-ten-ü lüngdün-iyer degedü ordun-u doturaqi olan alban-u kümün nar tus tus tušiyal-un keyideg alba-iyan todurqayilan bičiju ergügsen-i qaγuluγsan danγsa (Тавдугаар, наймдугаар дүрийн Богд гэгээнтэний лүндэнгээр Дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс) хэмээх гар бичмэлд “дэлгэрсэн жилийн эхний цагаан сарын дээд ордны албаны улс цөм цэвэр хувцсаар тус тусын албанаа бараалхана. Ордны сойвон, эмч, бойнзомба, донир нараас дараалан нярав, бараа бологч, тахилч, соёг нар бүгдээр жасаа орны  тогтоосон албаа тушаал тушаалын хүн бүгдээр “ямар хэргийг эрхлэн үйлдэн явах хуучин журам заншлыг тодорхойлон бичиж айлтга” хэмээн буулгасан лүндэнг хичээнгүйлэн дагаж үзэн бид бүгдээр тус тус айлтгах билээ” [МҮНС. Д.д-1594/96]  хэмээн тэмдэглэсэн байна. Дээрх мэдээ нь Богд Жибзундамба хутагтын зарлигаар сүм, орднуудад ажилладаг байсан олон хүмүүсийн дээш өргөсөн айлтгал өөрөөр хэлбэл албаны бичиг тул тухайн үед тэдгээр хүмүүсийг хэрхэн нэрлэж байсныг үнэн зөвөөр тэмдэглэсэн байх магадлалтай юм. Мөн 1914 онд VIII Богд Жибзундамба хутагтын төрийн Шар ордон шатсанд, тухайн өдөр сахин харгалзаж байсан донир, нярав нарыг байцаасан бичигт “...дээд ордны сойвон, отог, донир, бараа бологч, тахилчийн зэрэг олон албаны хүн нар болбоос өөр өөрийн сахин харгалзваас зохих олон орд өргөө, лаврин сүмийг өдөр шөнө ээлжлэн сахиж харгалзах бөлгөө” гээд “донир болбоос ордны доторх доорд албаны хүн нарын эрхэлж захирах ээлж тохиолдож байцаахыг алдагдсан ялаа дуртай хүлээхүй хэмээн мэдүүлмүй” [МУҮТА. Ф-а74, Д-1, хн-1001, 1-р нугалбар бичиг] хэмээснээс үзвэл эдгээр хүмүүсийг тус тусдаа албанд харьяалагддаг хэмээн үзэх үндэслэлтэй байна. Гэвч тухайн үеийн алба хэмээх ойлголтыг өдгөөгийн алба гэдэг үгийн утгатай дүйцүүлэн бодох аваас өрөөсгөл болох буй. Иймээс бид энэ удаад тушаалтан, албаны хүмүүс хэмээх нэрийг авч хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэв. Мөн эдгээрийг албаны хүмүүс хэмээн О.Пүрэв [1994, 35], Д.Дамдинсүрэн [1996, 7] зэрэг судлаачид  бичжээ.
V болон VIII Богд Жибзундамба хутагтуудын үед тэдний ордон, сүм хийдэд тогтмол ажиллах тушаалтай хүмүүс байсан ба тэд  Эрдэнэ Шанзудбын яаманд харьяалагдаж, ажил үүргээ тайлагнадаг байсан бололтой. Учир нь МҮНС-гийн гар бичмэлийн сан хөмрөгт өдгөө үүнтэй холбогдох сурвалж бичиг байх бөгөөд нэг нь V Богд Жибзундамбад, нөгөө нь VIII Богд Жибзундамбад, сүүлийнх нь V болон VIII Богд Жибзундамба хутагтуудад харьяалсан нэртэй байх ба Таваас өмнөх дүрийн Богд Жибзундамба хутагтууд болон таваас найм хүртэлх дүрийн Богд Жибзундамба хутагтуудад холбогдох ийм төрлийн гар бичмэлийг олж үзсэнгүй. Магадгүй V Богд Жибзундамба хутагтын ордонд ажиллаж байсан хүмүүс олширч ажил үүргийн хуваарь нарийсахын хэрээр тэднийг захиран зохион байгуулах арга илүү боловсрон ийнхүү тайлан бичүүлдэг болсон байж болох юм. Эдгээр айлтгалуудын агуулгад дээрх, ноён хэмээн гарч буй нь Жибзундамба хутагт, Эрдэнэ Шанзудба хоёр бололтой. Түүнчлэн үүнтэй холбогдох нэгэн мэдээ гэвэл 1914 онд төрийн Шар ордон шатсаны дараа Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Эрдэнэ Шанзудба, Да лам нарт тухайн үед сүм ордныг сахин харгалзаж байсан донир, нярав нарыг байцаахыг үүрэг болгосны дагуу Донир Лувсанцэрэн, нярав Жамбал нарыг байцаагаад хэрхэх тухай Бүгд ерөнхийлөн захирах яаманд өргөн мэдүүлж байжээ. Эдгээрээс үзвэл Богд Жибзундамба хутагтын ордон, сүмүүдэд ажилладаг албаны хүмүүс нь Эрдэнэ шанзудбын яаманд харьяалагддаг байжээ хэмээн үзэж болохоор байна. Эрдэнэ шанзудбын яаманд Их шавийн отог багууд, Их Хүрээний гучин аймаг, арван дацан, Баруун хүрээ, Амарбаясгалант, Дамбадаржаа, Эрдэнэ зуу, Богдын сан зэрэг газрууд харьяалагддаг байв [З.Нинжбадгар 2014, 113].
Богд Жибзундамба хутагтын ордон, сүмүүдэд ажилладаг дээрх тушаалтнуудыг дашрамын байдлаар дурдсан судалгааны зохиол, өгүүллүүдэд тэдгээрийг шуурхайн албаны хүмүүс, дээд тушаалтай шадар лам нар, нарийн бичгийн дарга, шадар үйлчлэгчид зэргээр нэрлэжээ. Тухайлбал: О.Пүрэв абугай шуурхайн албаны хүмүүс [О.Пүрэв 1994, 35], С.Пүрэвжав Богдын шадар лам нар [С.Пүрэвжав 1961, 116] хэмээн дурдсан бол ардын зураач Н.Цүлтэм донирыг Богдын нарийн бичгийн дарга [Н.Цүлтэм 1998, 27-37], Д.Дамдинсүрэн “Богд Жибзундамба хутагтын хамгийн ойр үйлчлэгчид нь сойвон, шадар сангийн нярав нар юм. Дээд сүмийг хариуцсан даамал, тахилч, нярав, зоогийн яам, идээч, өргөөч нар бол Богд хааны шадар албаны хүмүүс байсан...” [Д.Дамдинсүрэн 1996, 7] хэмээсэн бол, Г.Навааннамжил [1956, 182]  дуртгалдаа донир, сойвон, бараа бологчдыг Богдын том лам нар гэсэн байна. Гэвч эдгээрийг ийнхүү алба, тушаалаар нь ангилах ямар нэгэн үндэслэл дурдсангүй.  Эдгээр албаны хүмүүсийн хариуцаж буй ажил үүргээр нь Богд Жибзундамба хутагтын дэргэд шадарлах тушаалтай хүмүүс буюу сойвон, донир тэдгээрийн тушаал зааврыг биелүүлдэг гүйцэтгэх тушаалтнууд буюу хаалгач, хиа лам, шүхэрч, бойнзон, эмч, самбан, бараа бологч, соёг, тахилч, зулч, богдын сан, зоог гүнцэгийг хариуцан ажиллах үүрэг бүхий дотоод сангийн нярав, сангийн бичээч, түлхүүрч лам, хүжчин, хар хогч, нүдүүрч, сангийн хар хүү (сангайн хүүд), сангайн банди сангийн идээч,   сангийн халбагач нар тэдэнд туслах цайны лам, нохойн хүү хэмээн ялгаж болно. Эдгээр албаны хүмүүсийн өөрийн ажил үүргийн хуваарийг тодорхойлон өргөсөн бичигт тусгайлан айлтгал бичиж өргөсөн болон бусад тушаалын хүмүүсийн айлтгалд дам тусгагдсан нийт 26 албаны хүмүүсийн ажил үүргийн хуваарь агуулагдаж байна. Мөн зарим судлаачдын судалгааны бүтээлд [Ц.Насанбалжир 1970, 145; С.Пүрэвжав 1961, 120; З.Нинжбадгар 2012, 110] дурдагдаж буй тоог нэмбэл нийт 37 орчим өөр, өөр ажил үүрэг гүйцэтгэх тушаалтай хүмүүс Богдын ордон, сүмүүдэд ажилладаг байжээ.
Эдгээр лам, хар хүмүүсийн эрхлэх ажил үүргийн хуваариас харвал Донир, Сойвонгууд нь бусдаас илүү өндөр албаны хүмүүс болох нь харагддаг. Тухайлбал, Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газраас  Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын журмыг баталж гаргасан бөгөөд уг журамд Богдыг зүүн ордноос төрийн ордонд залахад донируудыг шадар сайдын хамт өмнө нь жагсаал удирдаж, сойвонгуудыг төрийн ордны өмнө шадар сайдуудын хамт зогсоохоор үүрэг хуваарилж байсан байна. Мөн Богд Жибзундамба хутагт далай ламыг монголд айлчилахад донир, сойвонгоо явуулан угтуулж байжээ.
Сойвонгууд нь Богд Жибзундамба хутагтын шадар бараа бологчдын ахмад тушаал юм [О.Сүхбаатар 1997, 170]. Жибзундамба хутагтад бат оршил өргөх, түмэн өлзий гийсэн өдөр, сууринд заларсан өдөр зэрэг яамлах, хурах ёслолын үеэр богдод бараалхах, мөргөхөөр ирсэн олон хүмүүсийн айлтгах зүйл болон, захиргааны хэргийн учирт айлтгах зүйлүүдийг Богд Жибзундамба хутагтад уламжлан айлтгаад, хариуг буцаан уламжилдаг байна. Мөн захиргааны хэргээс Богд Жибзундамба хутагтад айлтгах шаардлагагүй аар саар хэргийг сойвонгууд мэдэн шийтгэдэг бөгөөд доод албаны хүмүүс их бага боловч учрыг олохгүй хэрэг байвал сойвонгуудаас асуун шийдэх үүрэгтэй байжээ [МҮНС. Д.д-1594/96]. 
Донируудын эрх тушаалын тухай зарим судлаачдын бүтээлд дашрамын байдлаар тусгагдсан байна. Тухайлбал, донир гэдэг нь мяндаг тушаалтан нарын бараа бологч, данс даяг харгалзагч түшмэл [О.Сүхбаатар 1997, 86], Богд Жибзундамбын хамгийн нэр хүндтэй ерөнхийлсөн төлөөлөгч [Д.Дамдинсүрэн 1995, 7] зэргээр тэмдэглэжээ. Донирууд нь Богд Жибзундамбын шадар түшмэл бөгөөд захиргааны хэргийг сойвонгийн хамт шийтгэн явуулдаг байжээ. Тэрээр малгайдаа хүрэн өнгийн чулуун жинс хаддаг байна. 1915 онд холбогдох Эрдэнэ Шанзудбын яамнаас Бүгд ерөнхийлөн шийтгэх яаманд өргөсөн нэгэн нугалбарт “донир болбоос ордны доторх доорд албаны хүн нарын эрхлэн захирах бүхүй тушаал” [МУҮТА. Ф-а74, Д-1, хн-1001 1-р нугалбар бичиг] хэмээн донир лам Лувсанцэрэн нягт мэдүүлжээ.
Хиа лам, шүхэрч, хаалгач нарын зэрэг хүмүүс хол ойр явахдаа донироос зөвшөөрөл авдаг ба тэдгээр албануудад хүн нэмж оруулах, тушаалаас байлгах, өөрөө үглэсэн зэргийг шанзудбад айлтган тогтоогоод албанд зарахыг донирууд мэдэн шийтгэдэг байжээ. Мөн ихэсийн мэдээ бариулах, ван, гүн, хутагт, хувилгаад лам нарын амгалангийн мэндийг айлтгуулах, хуримын идээ бариулах, жагсаал удирдах зэрэг өдөр тутмын зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг байв [МҮНС. Д.д 1594/96]. Үүнээс гадна хэрэг шүүх зэрэг томоохон хуралд оролцдог байсан мэдээ ч бий. Тухайлбал, 1906 оны 2 дугаар сарын 14-нд Дугарын аймгийн гавж Хайдав, Дандар, Андуу нарын аймгийн лам Ням нар Дашчоймбэл дацангийн гүнрэгийн жасаас хүү, эх мөнгө 150 ланг аваад эх, хүү тэнцтэл түлхэлцэн будлиантуулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг шүүхээр Эрдэнэ шанзудба Бадамдорж, Да лам Дашжав, Нансу билэгт Да лам Цэрэнчимэд, Хичээнгүй билэгт, Цогчин гэсгүй Наваандорж, Донир Дондов, Зайсан лам Гомбоцэрэн хурц зэрэг хүмүүс хуралдаж хэргийг хэлэлцээд эх, хүү тэнцсэн мөнгө 300 ланг хувь адил хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна [МУҮТА. Ф-85, Д-1, хн-1104].
Богдын санг эрхлэгчийг нярав гэх бөгөөд эд хогшил, хөрөнгө зөөрийн эрхлэгч, сан хадгалагч юм. Сангийн няравын хамгийн том тушаал нь зайсан нярав хэмээнэ. Богд Жибзундбамба хутагтын санг гадаад сан, дотоод сан хэмээн ангилах бөгөөд гадаад сангийн дэргэд үржүүлэх сан, дотоод сангийн дэргэд шадар сан тус тус харьяалагддаг байв. Гадаад санг их сан хэмээн нэрлэх ба зоог тахил, дуган сүм, орд өргөө, орон сууц барих, сэлбэх, зарим хүрээ хийдийн хурал номын зардал нийлүүлэх, сүрэг мал адуулах, нийлүүлэх, арилжаа худалдаа хийх, хөсөг тээвэр хөдөлгөх, тариалан тарих, хадгалах, мөнгө цай хүү үржүүлэн зээлдүүлэх, орлого зарлагын тайлан тооцоо хийх бүртгэх, сан шавийн дотор зарцуулах тийз гаргах, тариалан хадлангийн газар түрээслэх, өргөл барьц хүлээн авах, бадар хандив эргэх, санд ажиллах хүмүүсийг албадан татах зэрэг бүхий л аж ахуй санхүүгийн ажлыг эрхэлдэг байжээ. Үржүүлэх сан нь зөвхөн мөнгө бараа хадгалж мөнгө бараа зээлдүүлэх, зээлсэн цайг[2] хүүгийн хамт буцааж авах зэргийг хийнэ. Дотоод сан нь ордны доторх бурхан тахилын элдэв хэрэгсэл эрдэнэс, ховор нандин зүйлүүдийг хадгалах, мандал даншигийн харамж өргөл барьц хүлээн авах, орд сүмд хэрэглэх зүйлүүдийг бэлтгэх үүрэгтэй. Шадар санг заримдаа дэргэдийн сан гэх бөгөөд зөвхөн богдын ордны дотор өдөр тутмын хэрэглэх элдэв хэрэгсэл, хувцас хунар, ямба ёслолын зүйлийг хадгалах, зарцуулах зэргийг эрхэлнэ [Ц.Насанбалжир 1970, 144]. Шадар сангийн нярав нь эд зүйлээ авдруудад хадгалах бөгөөд шадар сангаас эд хэрэглэл авах хүн тийзтэй ирэх ёстой байжээ. Шадар санд байхгүй зүйлүүдийг дотоод санд хэлж бэлтгүүлдэг байна.
Сангийн нярав нарын ажил үүргийн талаар 1898 онд Хамба номун хан Балданчоймбил, дэд хамба Пунцаг, Ачит номун хан дүйнхор хутагт Цэрэндорж, Эрдэнэ шанзудба Бадамдорж, Да лам Бадамдорж, Да лам Гочоо нар Их Хүрээний олон зүйл бичиг үсгийн зэрэг сургуулийг чандлан боловсруулах ба олон орон, дацан аймгийн хүмүүсийн алба хаах ёс журмыг чангатгах дүрэм хэмжээ тогтоон VIII Богд Жибзундамба хутагтын лүндэнгээр батлуулжээ. Уг дүрэмд “Их сангийн нярав нар сангийн элдэв орлого зарлагын юм зүйлийг хурааж гаргах зэрэг чухал албан тушаал. Нярав нар ээлжгүй үед дунд бүрээний урьд бүгдээр бараалхаад үдшийн нар шингэтэл ажиллана. Сангийн нярав нар бага сага хэрэгт дэмий шалтаг заан өдөр өнжиж болохгүй. Чухал хэрэг тохиолдвол нэг өдөр 15 газрын дотор явах болбол нөхөддөө сонсгоод явах, үүнээс илүү өдөр буюу 15 газраас дээш газарт явах болбол шанзудбад сонсгоод явах” гэжээ [МУҮТА. Ф-85, Д-1, хн-1104].
Сойвон, донир нарын тушаалын дор ажилладаг олон албаны хүмүүсийн тухай товчоор авч үзвэл, Бойнзонба нь Богд Жибзундамба хутагтын хүж баригч бөгөөд яамлах, хурах ёслол болон олны мөргөл, даншиг, Бат-Оршил өргөх зэрэг газар залрахад өмнө нь хүж барьж бараалхан явах бөгөөд Богд Жибзундамба хутагт ямар ёслолд залрахаас шалтгаалан бойпортой болон дан хүж барьж явдаг байна.
Богд Жибзундамба хутагтын лагшинг үзэж, хэрэгтэй эмийг бэлтгэдэг эмч хэмээх тушаалтан ажилладаг байжээ. Эмч нар нь Жибзундамба хутагтын хэрэглэх эмийн зүйлийг зуны цагт хүжчин, сангийн хар хүү нарын хамт явж түүх, найруулан бэлтгэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг байжээ. Соёгууд нь ордны цай хоол тахилын ус тэргүүтнийг зоогийн газраас зөөж авчирч, тарааж, биечлэн гүйцэтгэдэг үүрэгтэй тушаалтан юм. Богд Жибзундамба 16 соёгтой байсан бөгөөд тэдний найм нь өөрийнх нь соёг бөгөөд 8 нь Жалсрай гэгээний соёг гэж явдаг байсан ажээ [Өвгөн жамбалын яриа 1998, 209].
Хар дарга нарын тухай Доктор З.Нинжбадгар [2012, 109] “хар дарга нар нь аймаг, отгуудаас ээлжээр ирж үйлчилдэг хүмүүс бололтой хэмээн тэмдэглэсэн байдаг”. Хар дарга нар нь орд өргөөний хэрмийн гадуурх цас, хог зэргийг сангийн халбагач, хар хөвгүүдтэй хамт цэвэрлэдэг [МҮНС. Д.д-1594/96]. Мөн Түлхүүрч, хар дарга нар нь гурил будаа, түлээ, нүүрс зэрэг элдэв юмыг хураах, гаргах, хадгалах ба тушаал ээлжгүй нь дунд бүрээнээр ирж нар шингэтэл ажилладаг байна [З.Нинжбадгар 2012, 113].
Хиа лам нар нь ноёд дээдсийн зэрэг, хэргэмээс хамаарч хиа, хиагийн зайсан, зуучин хиа, адуучин хиа, зэвсгийн хиа гэж хэд хэдэн зэргээр нэрлэж байжээ. Хиа нь их төлөв ноёдын өргөө,  сангийн гадна дотнох хар бор ажилд хүчин зүтгэнэ. Тухайлбал, агт адуулна, аян жин тээнэ, жууз, гар дамнуурга дамнан, аргал түлш зэхнэ, айраг цагаа, архи дарс нийлүүлэх, зоог шүүс залгуулах зэрэг ажил гүйцэтгэдэг байна. Мөн зарим судлаачид хиа лам бол жууз тэргийг хариуцагчид бөгөөд Богд Жибзундамбыг суулгаж моринд буюу явган дамнаж явдаг үүрэгтэй хүмүүс гэжээ [Д.Дамдинсүрэн 1995, 11].
Зарим судлаачид замыг галч хэмээн тайлбарласан нь тохиолддог. Харин Үндэсний номын санд буй нэгэн гар бичмэлд [МҮНС. Д.д-3755/96] лаврингийн хайсны дотор ба дээр доор цаас, хог, шувууны баас зэргийг өдөр бүр зам нар арилгаж, пийшин бүрийн галыг өглөө үдэш бүр халуун хүйтнийг тохируулж түлдэг.  Бас тугдамуудын бүрхүүлийг цас бороо ороход татах ба арилгамагц гадуурх цас, хогийг цэвэрлэж, цаг үргэлж зоог бэлтгэдэг” гэжээ [МҮНС. Д.д-1594/96, т]. Үүнээс үзвэл зам нь гал түлэхээс гадна өөрийн хариуцсан сүм, тугдамын хог тоосыг цэвэрлэх, хоол цайг бэлтгэх үүрэгтэй тушаалтан байжээ.
Хаалгач нар нь үүдний хаалга болон зам зохицуулах зэрэг бүхнийг байцаан шалгах үүрэгтэй [МҮНС. Д.д-1594/96]. Дэчингалба дацан 4 хаалгачтай байв. Бичээч, түлхүүрч, халбагач, үйлчин, хар дарга нар нэгэн өдөр чухал хэрэг гарч гадагш явах болбол нөхөд ба харъяат нярав нарт сонсгоно [МУҮТА. Ф-85, Д-1, хн-1104] хэмээжээ. Зулч, цагаан сарын шинийн нэгнээс эхлэн олон ордон сүмүүдэд болдог хурал номын зул, балин тахил зэргийг  бэлтгэдэг үүрэгтэй. Уншлага ерөөл тарсны дараа идээнээс лам нар, ноён, бараа бологсодод хуваан хүртээдэг байна. Шүхэрч нар бол шүхэр дадар барьж үйлчлэх үүрэгтэй хүмүүс юм [Д.Дамдинсүрэн 1995, 11]. Хүжчингүүд нь сүм хийдийн шүтээн болон, Богд Жибзундамба хутагтын өмнө хойно барих олон төрлийн хүжийг найруулан хийдэг үүрэгтэй хүмүүс юм. Тэд өглөө эрт босч гал бадрааж, хог цэвэрлэдэг ажээ. Сангийн хар хүү (Сангайн хүүд) нар нь сангийн хар бор ажил хийдэг ядуу лам нар байдаг. Эмч нарын хамтаар эмийн ургамал түүх, цай түлээ авчрах бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг [МҮНС. Д.д-1594/96]. Мөн сүм, ордны гадуурх хог тоос, цас цэвэрлэх зэрэг хар бор ажил хийдэг байна.
Эдгээр зарим хүмүүсийн орны тоог “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийн лам нарын хэргийн хууль дахь “Дээд Жибзундамба ламыг өргөмжлөх нь” хэсэгт тодорхой тусгажээ. Тухайлбал: Сойвон ламын ор дөрөв, оточ ламын ор дөрөв, бойнзомба ламын ор хоёр, донир ламын ор зургаа, бараа бологч ламын ор дөрөв, Соёгба ламын ор арван зургаа, шадар сан дотоод сангийн нярав хошоод, хиа лам, шүхэрч хаалгач нар тогтоосон тогтоосон тоогүйн гадна басхүү ордны хэргийг захирах гүжир хамба жич, сэмбун тушаал болбоос угаас орон тоогүй. Жибзундамба ламаас өөрөө мэдэж тавих ба тавихгүй тааллаар аваачна гээд тахилч ламын орыг Очирдарь-ын тахилч ламын ор дөрөв, Эрэгсүнгомбын тахилч ламын ор хоёр, Лаврингийн тахилч ламын ор хоёр, Дарь эхийн тахилч ламын ор гурав, Эрдэм итгэмжит сүмийн тахилч ламын ор гурав, Гунгаадэжидлэн сүмийн тахилч ламын ор хоёр, Хайстай лаврингийн сүмийн тахилч ламын ор хоёр тус тусыг байгуулагтун” [Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг 2010, 160-161] хэмээсэн нь ихээхэн сонирхолтой юм. Эдгээр албанд чухам хэдэн хүн ээлжлэн ажилладаг байсан тухай мэдээ баримт хомс байна. Зарим судлаачид ХХ зууны эхэн үед Жибзундамба хутагтын ордны шадар лам сойвон, донир зэрэг 370 гаруй лам нар байсан тухай дурдсан байна [С.Пүрэвжав 1961, 116]. Гэвч энэ нь томоохон дээд лам нарын тоо бөгөөд хүжчин, хар хогч, нүдүүрч, сангийн хар хүү зэрэг доод тушаалын хүмүүсийн тоог оруулбал дээрх тооноос хол давах нь мэдээж. Тухайлбал 1867 оны мэдээгээр зөвхөн богдын санд 220 шахам лам, хар хүмүүс ажиллаж байсан мэдээ байдаг [З.Нинжбадгар 2014, 113]. Эдгээрээс хар дарга, зарлагын хар хүүд, хиа лам, сангийн лам, дуганч, манзач зэрэг зарим тушаалтнууд Нийслэл Хүрээний гучин аймгаас ирж ээлжлэн ажиллах бөгөөд тасалсан хүнийг банздаж шийтгэдэг байв [МУҮТА. Ф-А74, Д-1, хн 271]. Энэ тухай судлаач Д.Дамдинсүрэн “Шар ордог өргөөг гучин аймгийн дуганч, манзач нар манадаг байсан бөгөөд түүнийг орд өргөө хариуцаж манаа таслагчдыг “Цогчин гэсгүй”-д шилжүүлж нойтон бургас модоор 150-300 хүртэл торлогдон зодож арга хэмжээ авдаг байжээ” [Д.Дамдинсүрэн 1995, 28] хэмээн тэмдэглэсэн байна.  
Эцэст нь өгүүлэхэд Богд Жибзундамба хутагтын олон ордон, сүмүүдэд тушаалаар ажилладаг 37 орчим албаны хүмүүс байсан бөгөөд эдгээр тушаалтнууд нь Эрдэнэ шанзудбын яаманд харьяалагдаж байв. Сойвон, донир нар нь бусад доод албаны хүмүүсийг захирах ахлах тушаалтангууд байжээ. Мөн сангийн нярав нь Богд Жибзундамба хутагтын хөрөнгө зөөрийг эрхлэх хариуцлагатай алба юм. Дээрх албаны хүмүүс нь тус тусын ажлын нарийн хуваарьтай, үүргээ Эрдэнэ шанзудбын яаманд тайлагнадаг байжээ. Гэвч эдгээр асуудлыг О.Пүрэв, С.Пүрэвжав, Д.Дамдинсүрэн, Ш.Нацагдорж зэрэг зарим түүхчдийн судалгаанд дашрамын байдлаар багахан дурдагдсанаас өөр мэдээ баримт хомс байна. Чухамхүү Богд Жибзундамба хутагтын ордонд ажиллаж байсан хүмүүсийн тухай тусгайлан судалж, тэдгээр албаны үүсэл хөгжил, ажлын зохион байгуулалт зэрэг олон асуудлыг нягтлан тодорхойлох нь Богд Жибзундамба хутагт, Их шавь, Нийслэл Хүрээний түүхийн судалгаанд багагүй ач холбогдолтой юм. Үндэсний төв архивын арвин их сан хөмрөг, Үндэсний номын сангийн гар бичмэлийн сан, Богд хааны ордон музейн сан хөмрөгүүдэд энэхүү судалгаатай холбоотой багагүй мэдээ, материал байх бөгөөд эдгээрийг уйгагүй нягтлан судлах шаардлага түүх судлаач бидний өмнө тулгарч байна.
SUMMARY
It’s required to clarify divisions of duties who worked at the palace of Jebtsundamba Khutugtu, in order to study a history of Jebtsundamba Khutugtu of Urga and his estate. This about on the occasion of O.Purev, S.Purevjav, D.Damdinsuren, Sh.Natsagdorj, and Z.Ninjbadgar researched. Around 37 civil servants is said to had worked in Jebtsundamba Khutugtu palace. Among them the highest position was held by  soybun and donir and other servants were ruled by those two officials. The officials were under the surveillance of the Erdene Shanzudba Ministry. It has necessary to study more.

АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ
Сурвалж хэрэглэгдэхүүн
МУҮТА. Ф-а74, д-1, Хн-145
МУҮТА. Ф-а74, д-1, Хн-271
Наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр байгуулсан Шаравпэлжэйлин сүмийн тахилч нар ба албаны хүн нарын тушаалын доторх хийдэг алба хэрэглэл зүйлээ тодорхойлон бичиж өргөсөн данс. Үндэсний номын санд буй гар бичмэл. Д.д-3755/96
Тавдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүмүүсийн тус тус тушаалийн хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс. Үндэсний номын санд буй гар бичмэл. Д.д-1596/96
Тавдугаар, наймдугаар дүрийн Богд гэгээнтний лүндэнгээр дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс.Үндэсний номын санд буй гар бичмэл. Д.д-1594/96
Богд Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг. Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн О.Батсайхан, З.Лонжид. УБ., 2010
Судалгааны зохиолууд
Алтан аргамж II. Өгүүллийн эмхтгэл. Эмхэтгэсэн Ц.Гомбосүрэн. УБ., 2001
Л.Алтанзаяа, Б.Даажав, Б.Даваасүрэн, Ч.Дашдаваа, О.Пүрэв, Х.Шагдар. Шар ордон. УБ., 2005
Л.Алтанзаяа. Монголын хутагтуудын сүм хийд ба шавь нарын суудалд // Korea-Mongolia International Conference. Seoul., 2008
О.Батсайхан. Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба. УБ., 2011
Ж.Болдбаатар. Монголын бурхан шашны лам хувраг. УБ., 2010
Г.Бямбасүрэн, Б.Баярмаа. Монгол төрийн ёс, ёслол, үндэсний хүндэтгэл. УБ., 2004
Д.Дагвадорж. Монголын шашин суртахууны тайлбар толь. УБ., 1995
Д.Дашбадрах. Дундад зууны үеийн монголын түүхийн судалгаа. Боть II. Эмхтгэсэн Д.Түвшинзаяа. УБ., 2012
Дилов хутагт Жамсранжав. Ар Монголын улс төрийн дуртгал. Монгол бичгээс кирилл бичигт буулгасан Б.Буянцог. УБ.,1991
Л.Дүгэрсүрэн. Улаанбаатар хотын түүхээс-Нийслэл Хүрээ. УБ., 1956
З.Нинжбадгар. Жибзундамба хутагтын шавийн захиргаа (XVII-XX зууны эхэн). УБ., 2014.
Д.Зүмбэрэллхам нар. Монголын сүм хийдийн түүхэн товчоон. УБ., 2009
Лам нарын сэтгүүл. Монголын тусгаар тогтнол ба Богд эзэн хаан. УБ., 2010. XII сар. № 4
Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх. Эмхтгэж хэвлэлд бэлтгэсэн О.Батсайхан, З.Лонжид. УБ., 2010
Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь. Эмхтгэж эрхлэн хэвлүүлсэн Ж.Урангуа, Б.Пунсалдулам, С.Чулуун. УБ.,2011 тал 127
Монголын хүрээ хийдийн түүх. Эмхтгэсэн Ч.Банзрагч, Г.Дашням. УБ., 2004
Г.Навааннамжил. Өвгөн бичээчийн өгүүлэл. УБ., 1956
Ц.Насанбалжир. Жавзандамба хутагтын сан-Түүхийн судлал. Tom VIII. УБ., 1970
Ш.Нацагдорж. Сум, хамжлага, шавь ард (Түүхэн найруулал). УБ., 1972
Х.Нямбуу. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн ёс, ёслол. УБ., 1993
Өвгөн Жамбалын яриа. Ц.Дамдинсүрэн. Бүрэн зохиол II. Тайлбар сэлт, ном зүй үйлдэж хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв. УБ.,1998
Ж.Өлзий. Монголын дурсгалт уран барилгын түүхээс. УБ.,1992
Өндөр гэгээн Занабазар. Эрдэм шинжилгээний бичиг. Эрхэлсэн С.Ичинноров. УБ., 1998
Өндөр гэгээний их шавь. Өндөр гэгээн Занабазар. Эрдэм шинжилгээний бичиг. Эрхэлсэн О.Пүрэв. УБ., 1998
О.Пүрэв, О.Сүхбаатар, С.Ичинноров, Ш.Шагдар, Ж.Саруулбуян. Нийслэлийн өв соёл. УБ., 2009
О.Пүрэв. Монголын улс төрийн төв. УБ., 1994
С.Пүрэвжав. Хувьсгалын өмнөх Их Хүрээ. УБ., 1961
Э.Равдан. Бурхан шашны өврийн толь. УБ., 1996
Б.Содовсүрэн. Хувьсгалын өмнөх монголын төр ба хууль цааз (1911-1920). УБ., 1989
О.Сүхбаатар. Монгол хэлний харь үгийн толь. УБ.,1997
Ө.Сэрээтэр. Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтэцийн товч 1651-1938. УБ., 1999 тал 82
Б.Тунгалаг. Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмрөг дэх түүхийн гар бичмэлийн ном зүйн судалгаа. I Боть. УБ., 2005
Б.Тунгалаг. Наймдугаар богд Жавзандамба хутагтын номын сангийн гар бичмэл номын ном зүйн судалгаа. УБ., 2011
Д.Цэдэв. Их шавь. УБ., 1964
Krisztina teleki. Monasteries and temples of Bogdiin khüree.Ulaanbaatar., 2011


[1] Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн, Зан үйл нийтийн эрүүл мэндийн тэнхимийн багш
[2]Шар цайг хэлж байгаа бололтой. Мөнгөний нэгж. 40гр хэмжээтэй цайны навчийг нэг шар цай гэнэ. 1913 оны ханшаар 150 шар цай нэг лан мөнгөтэй тэнцэж байв.

No comments:

Post a Comment