Монгол улс геологийн хайгуул, судалгааны ажлыг социализмын үед /1940-1990 он/ ихээхэн явуулсан бөгөөд энэ нь 1990 оноос эхтэй социализмын дараах ардчилсан Монгол улсын хувийн уул уурхайн огцом өсөлтийн гол үндэс суурь болсон юм.
БНМАУ нь ЗХУ-ын
геологичидтой хамтран 1939 оноос эхлэн геологийн судалгаа, ашигт малтмалын
хайгуулын ажлыг далайцтай явуулах болжээ. 1962-1990 онуудад Монгол улс Герман,
Чехословак улсуудтай хамтран Сентерра гоулдын олборлож дууссан Бороогийн алтны
орд, Хятад Монголын хамтарсан Цайрт минерал компанийн олборлосон Төмөртэйн
цайрын орд, Хятад Монголын хамтарсан Чинхуа МАК компанийн олборлож буй Нарийн
сухайтын нүүрсний орд, Рио Тинтогийн ашиглаж буй Оюу толгойн зэсийн орд, Орос
Монголын хамтарсан Эрдэнэтийн зэсийн уурхай зэрэг олон ашигт малтмалын хайгуул
судалгаа хийжээ.
Эдгээр ашигт
малтмалын ордын тухай мэдээлэл 1990 он хүртэл Улсын геологийн мэдээллийн санд
хадгалагдаж байгаад ардчилсан хувьсгалын үеэр хөрөнгө оруулагчид, хувь хүмүүст
шилжсэн байна.
1970 аад онд
геологийн хайгуул эрс нэмэгдэж, уул уурхай, геологийн яамыг 1976 онд байгуулж
Улсын Геологийн төв лабораторийг тус яаманд шилжүүлсэн байна. 1980 – аад оны
эцэс гэхэд Монгол улс 7000 гаруй ашигт малтмалын илэрц нээн илрүүлж 800 гаруй
ордны нөөцийг тодорхойлсон байв. Гэвч 1960-1990 оны хооронд геологийн хайгуулын
олон материалыг зөвлөлтийн геологичид тус улсаас гадагш гаргажээ.
Эрдэнэтийн
уурхайн жишээ.
ОХУ Эрдэнэтийн
өөрийн эзэмшлийн хувийг зарж хоёр талт гэрээнээс гарсны дараа ОХУ Эрдэнэт
үйлдвэрийн аудитын мэдээ тайлан, 2 талт гэрээг Оросын олон нийтэд ил болгосноор
Эрдэнэт үйлдвэрийн талаар судлах боломжтой болжээ. Монгол улсын төрийн зүгээс
Эрдэнэтийн талаарх мэдээллийг төрийн нууц, 2 талт гэрээ, бизнесийн өрсөлдөөн
гэх зэргээр хаацайлан далдлах замаар төрийн монополь эрхийг хадгалж байв.
Эрдэнэт үйлдвэр
нь зэс молбидений хүдэр олборлож, олборлосон хүдрээ 35 хүртэлх хувийн
агууламжтай баяжмал болгон угааж экспортлодог уурхай юм. Улаанбаатараас 330,
ЗХУ-ын хилээс 140 км зайтай. Эрдэнэтийн уурхайн суурийг 1974-1978 онд бүтээн
байгуулалт хийж нэмэлт дэд бүтцийг 1989 он хүртэл цувруулан барьсан. Анх жилдээ
4 сая баяжмал олборлох хүчин чадалтай байсан бол 2018 он гэхэд 32 сая тонн
хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ.
1974 онд уул
уурхайн бүх хүдэрт агуулагдах цэвэр зэсийн нөөц 4.7 сая тонн гэж тооцож 40 жил
буюу 1978-2018 он хүртэл олборлоно гэж тооцож байсан бол нэмэлт хайгуул
судалгаагаар нөөцийг нэмэгдүүлж, агууламж бага нөөцийг нэмэх болсноор 1991 онд
7.1 сая тонн, 2002-2004 онд бүх нөөцийг 9 сая тонн гэж үзэх болжээ. 2019 онд
Эрдэнэт үйлдвэрийг 2080 он хүртэл ашиглах дахиад 60 жилийн нөөцтэй гэж үзсэн
боловч цэвэр зэсийн нөөцийг зарлаагүй байна.
Эрдэнэтийн анхны
гэрээг 2 жил судалж хэлэлцээр хийсний эцэст гэрээ 1973 онд батлагдсан байна.
1971-1972 онд ТЭЗҮ боловсруулж уурхай болон зэс хайлуулах үйлдвэрийг
цогцолбороор барихаар зорьж байв. 1972 оны ТЭЗҮ-гээр цогцолбор барих зардлыг 1.1
тэрбум рублиэр тооцжээ. Монгол улс ЗХУ-аас уг цогцолборыг барих зээл хүссэн
байна. ЗХУ-аас 596 сая рублийг дараах хатуу нөхцөлтэйгөөр өгөхийг зөвшөөрсөн
байна. Үүнд, нэгд, зэс хайлуулах үйлдвэр бүхий цогцолбор барилгүйгээр зөвхөн
зэсийн баяжмал угаах баяжуулах үйлдвэр барих. Хоёрт, зэсийн баяжмалыг
түүхийгээр нь ЗХУ-ын Сибирийн зэс хайлуулах үйлдвэрт ЗХУ-ын тогтоосон үнээр
экспортлох нөхцөл тавьжээ.
Монголын Засгийн
Газар уг саналаа зүүн Герман болон Чехословак улсад тавьсан боловч Оросын шахалтаар
тэдгээр улс зөвшөөрөөгүй байна. Капиталист орнуудад санал тавих нь улс төрийн
хувьд хаалттай боломжгүй байсан юм. Мөн ЗХУ-ын энэ саналыг Монголын ЗГ-аас
зөвшөөрсөн бөгөөд энэ шийдвэрийг гаргахад Ю.Цэдэнбалын үүрэг их байжээ.
Зэсийн хайлуулах үйлдвэртэй нь хамт барихыг ЗХУ-аас эрс эсэргүүцэж байсан бөгөөд түүхий эдийг хямд тогтоосон үнээр авч Сибирийн хайлуулах үйлдвэрүүдийг хангах эрх ашиг явж байв. Учир нь 1973 оны 9 дүгээр сарын 11-нд Чилид АНУ-ын оролцоотойгоор арми болон цагдаагийнхны хамтарсан төрийн эргэлт гарч ерөнхийлөгч Сальвадор Альенде амиа егүүтгэснээр түүний тэргүүлсэн Ардын нэгдлийн засгийн газар унажээ. Түүний дараа Чилийн төрийн эрхэнд генерал Аугусто Пиночет гарч ирснээр социалист орнуудтай харилцаагаа таслав. Чили нь зэсийн арвин нөөцтэй бөгөөд тус улсаас социалист орнуудад зэс нийлүүлэх гэрээ хүчингүй болж ЗХУ тэргүүтэй орнууд цэрэг, аж үйлдвэрийн чухал түүхий эдийн дутагдалд оров. Энэ үед Социалист орнуудын хүрээнд зэсийн нөөц бүхий гурван газар байлаа. Эхнийх нь Оросын Удокан, удаах нь Афганистаны Кандагарын орд, гурав дахь нь Монголын эрдэнэт. Удоканы орд нь шохойн чулууны агууламж ихтэй, мөн газарзүйн хувьд өвөлдөө их цас унадаг учраас ашиглахад хүндрэлтэй байв. Кандагарын ордыг ашиглахыг талибанчууд эсэргүүцэж байсан учир ашиглах боломжтой нь Бүгд найрамдах Чехсловак улсын геологичдын нээгээд байсан Эрдэнэтийн зэсийн орд болов. Эрдэнэтийн зэсийн ордыг яаралтай ашиглахын тулд ЗХУ-ын төрийн тэргүүн Лионид Ильич Брежнев Ю.Цэдэнбалтай тусгайлан уулзаж зөвшөөрүүлжээ. Ийнхүү ЗХУ Эрдэнэтийн бүх бүтээн байгуулалтыг хийхээр болж ЗХУ-ын 32 байгууллагаас зураг төслийг нь хийж ажлыг эхлүүлжээ. Ийнхүү олон улсын эгзэгтэй түүхэн нөхцөл байдал бүрдсэнээр Монголд тухайн үедээ хамгийн том зэсийн баяжуулах үйлдвэр баригдсан түүхтэй.
Эрдэнэт үйлдвэр
нь уурхайн удирдлагыг ЗХУ-ын талд төвлөрүүлсэн, үр өгөөжийг тэгш бус
хуваарилсан үйлдвэр болсон юм. Монголын талаас үүнд сэтгэл дундуур байж
сайжруулах санал удаа дараа тавьж байсан боловч үндсэндээ 2003 оныг хүртэл энэ
хэвээрээ байсан юм. Эрдэнэтийн уурхай нь жил бүр 30-40 сая төгрөгийн татаас
төсвөөс авах замаар үйл ажиллагаа явуулж байв. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр нь
1 тонн баяжмал үйлдвэрлэх зардалд 489 рубль зарцуулаад түүнийгээ ЗХУ-д 375
рублиэр зарж нэг тонн тутмаас 114 рублийн алдагдал хүлээж байв. 1978 оны 12
сарын 14-нд ашиглалтад орсноос хойш 1984 оны 7 сар хүртэл 932 сая төгрөгийн
алдагдлыг Монголын тал дангаараа төлсөн бөгөөд тэр нь үйлдвэрийг байгуулахад
ЗХУ-аас авсан зээлийн хэмжээтэй тэнцдэг.
1980 онд МУ-ын ЗГ
болон Цэдэнбал ЗХУ-ын төлөвлөгөөний төв комиссын дарга Н.К.Байбаковтой уулзаж Монгол
улс өөрт ноогдох зэсийн баяжмалын 10%-ийг өөр улсад экспортлох зөвшөөрөл хүсэж
зөвшөөрөл авчээ.
1988 оны Монгол
дахь эдийн засгийн шинэчлэлийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн асуудал сөхөгдөж
эсэргүүцэл эрчимжиж эрдэнэтийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгохыг
шаардаж байв. Мөн уул уурхайн мэргэжилтнүүд 1988 оны газрын хэвлийн тухай
хуулийн дагуу ашигт малтмалын татвар, газар, ус ашигласан татвар зэрэг бүх
татварыг төлөхийг шаардаж байв. Мөн геологи, ашигт малтмалын холбоод
байгуулагдаж Эрдэнэт үйлдвэрийн монголын төлөөлөгчдийн Монголын ашиг сонирхлын
төлөө ажиллахыг шаардаж байв.
Монгол улсын
ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1991 оны 1 сард ЗХУ-д очиж хэлэлцээр хийсний дагуу
1991 оны 7 сарын 1-нд хоёр тал Эрдэнэт уурхайн хоёр дахь гэрээнд гарын үсэг
зурав. Энэ гэрээгээр Монголын хувийг 51 болгож баталгаажуулах зэргээр дэвшил
авчирсан байна. Уг гэрээгээр анх удаа Эрдэнэт үйлдвэрийн монголын тал хянах
эрхтэй болж хэд хэдэн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн байна. Үүнд,
1.
Хамтарсан уурхайн түүхэнд анх удаа Монголд ноогдох 51
хувийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр гадаадын хөрвөх валютаар худалдах
эрхийг баталгаажуулсан.
2.
Гэрээний хавсралтаар 1979-1990 оны хооронд худалдан
борлуулсан бүтээгдэхүүний 8%-иар ашигт малтмалын төлбөр тооцож авах. 1991 оноос
6%-иар тооцох эрхийг баталгаажуулсан.
3.
Урьд нь огт төлдөггүй байсан усны болон газар ашигласны
төлбөр ноогдуулах эрхийг Монгол улс баталгаажуулж, Монгол болон Зөвлөлтийн тал
1979-1990 оны төлбөрт 7.9 сая рублийн нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Эрдэнэтийн
уурхай өөрийн ашиглаж буй 5859 га газарт газрын төлбөр төлөхөөр тохирсон.
4.
Хоёр тал 1991 оны компанийн орлогын татварыг 30%-иар
бодож Монгол улсад төлөх, цаашид орлогын татварыг тусгайлсан гэрээгээр
зохицуулахаар тохирсон.
5.
Монгол болон зөвлөлтийн ажилчидтай ижил тэнцүү хэмжээнд
харьцах, үнэлэх, зөвлөлтийн ажилчдад зөвхөн шилжин суух, амьжиргааны нэмэлт
зардлыг олгохоор тохирсон байна. Гэвч эдгээр бүх зардлыг Монголын өрөнд
суутган тооцохоор болжээ.
Энэхүү 2 дахь
гэрээний амжилт нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангаж боломжийн шударга
цалин олгох явдал байв. Өмнөх жилүүдэд ихэнх ажлын байрыг асар өндөр үнэтэй
гаднын ажилчдаар хангаж байсан юм. Эрдэнэт үйлдвэр анх нээгдэх 1978 онд 3000
ажилчны 5%-ийг Монгол, 95%-ийг орос ажилчид
эзэлж байсан бол 1991 он гэхэд Монгол 60%, зөвлөлт 40%, 2001 он гэхэд 84:16
–гийн харьцаатай болсон. 2018 он гэхэд нийт ажилчны 95% нь монголчууд болжээ.
1992 оноос өмнө
Монгол, орос ажилчны цалингийн зөрүү асар их байв. Монгол улс зөвлөлтийн
мэргэжилтнүүдэд өдрийн 300 америк доллартой тэнцэх цалин олгож байв. Зөвлөлтийн
мэргэжилтнүүдийн Монголд ажиллаж байхдаа авдаг томилолтын зардал, тээврийн
зардлыг 50%-иар бууруулах тухай ярьсаар ирсэн боловч зөвлөлтөд ажиллаж байсан
цалингийнхаа 60%-ийн нэмэгдлийг үргэлжлүүлэн авсаар байв. Энэ нь ижил хийж
байгаа Монгол ажилчдынхаас 10 дахин өндөр байжээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл 1973
онд байгуулсан Эрдэнэт уурхайн анхны гэрээ дэндүү шударга бус байжээ. Хоёр дахь
гэрээ 2002 оны 12 сарын 31 хүртэл хүчинтэй байв. 1998 онд ардчилсан намын
байгуулсан Засгийн Газар Эрдэнэтийн уурхайн Монголын талын өмчлөх эрхийг
хувьчлах гэснийхээ төлөө огцорч байв. Дараагийн Засгийн Газар Оросын талын
хувийг хувьчлах асуудлыг дэмжсэнийхээ төлөө огцров.
Эрдэнэтийг
хяналтдаа авах улс төрийн тэмцлийн нөлөөгөөр уурхайн ерөнхий захирлуудыг 1998,
2000 онд тус тус чөлөөлсөн юм. 2002 он гэхэд Эрдэнэт бүх баяжмалынхаа
80-90%-ийг Хятадад экспортлох болов. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд нэгдэж Эрдэнэтийн
хувийг Монгол болон Орост хувьчлахаар шаргуу оролдож, эрдэнэт уурхайд нийлүүлэх
бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс асар
өндөр үнээр нийлүүлж ашиг олох болжээ. Эрдэнэтийн
уурхайн Оросын талын өмчлөх хувийг Зарубежцветмент хууль бусаар хувьчилж авсан
хэргийг 5 жил шүүхдэж байж ОХУ-ын ЗГ 2002 оны 12 сарын 10-нд эргүүлэн авсан
байна.
Орост болсон шүүх
хурлаас шалтгаалан Эрдэнэтийн уурхайн талаарх 2 талын гурав дахь гэрээ хойшлон
байж 2003 онд байгуулав. Оросын зүгээс Монголын их өрийг 2003 онд өршөөл үзүүлэхдээ
Эрдэнэтийн өрийг хамруулан тооцсон юм. Эрдэнэтийн 3 дахь гэрээгээр дараах
зүйлүүдийг тусгажээ. Үүнд,
1.
Эрдэнэт үйлдвэрийг 1999 оны компанийн тухай хууль, 1993
оны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар ХХК болгож зохион байгуулав.
2.
Бүх татвар, ашигт малтмалын татварыг үйлдвэрлэлийн
зардалд тусгах бөгөөд эдгээр татварын хэмжээг Монгол улсын хууль журмыг
баримтлан дагах болжээ. 2003 оноос өмнө ашигт малтмалын татварыг өрөндөө
суутгуулан тооцож байсан бол 2003 онд бүх өрийг шийдвэрлэсэн учраас Эрдэнэтийн
уурхай Монгол улсын талд ашигтай ажиллах болсон юм.
3.
Оросын мэргэжилтнүүдтэй холбоотой тусгай хангамж, цалин
мөнгөний заалтуудыг үгүй болгожээ. Оронд нь Монгол улсын хууль журмын дагуу
дүрмийг баталжээ.
4.
Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Оросын
талууд компанийн удирдах зөвлөлийн гишүүдийг шууд томилон ажиллуулах болжээ.
Харин эдүгээ олон
улс төрчид Эрдэнэт үйлдвэрт зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр бараа
нийлүүлж ашиг олох болсон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайлан хаалттай
хэвээр байна. Сонгуулийн өмнө эсвэл Эрдэнэт үйлдвэрийн сонгуулийн өмнө Эрдэнэт
үйлдвэрийн тухай хэвлэлээр шуугьж, дараа нь бүгд алга болдог улс төр, намуудын
сонирхлын бүлгүүд өөрсдийн хүнийг Эрдэнэт гэх “саалийн үнээ”-ний захирлаар
томилуулахаар тэмцэлддэг. 1991 оноос хойш нам дамжсан олигархи гэгдэх сонирхлын
бүлгүүд хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг ч, өөрсдийн шахааны бизнесийг олон
нийтээс нуух тал дээр бүгд хамтран ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий
захирал өөрийн холбоо хамаарал бүхий сонирхлын бүлгүүдийн нэгэнд зээлийн
баталгааг удирдах зөвлөл болон, хувь эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр олгосон
явдал юм. Үр дүнд нь Худалдааны шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр 51 сая
долларын өрөнд орж зуучлагчаар дамжуулан хэлэлцсэнээр 40 сая ам долларыг 2019
онд төлж хохирчээ. Иймэрхүү авилгажсан үйл ажиллагааны хөрс нь Эрдэнэт
үйлдвэрийн хаалттай байдал, үйл ажиллагааны зардал, худалдан авалт, татвар
төлөлт худалдаа үйлчилгээний гэрээ контрактын нарийн мэдээллийг олон нийтэд
дэлгэдэггүй, мэдээлдэггүй байдал юм.
ОХУ Эрдэнэт болон
Монголросцветмет үйлдвэрийн өмчилж байсан 49 хувийг худалдах шийдвэр гаргахад МУ-ын ЗГ худалдаж авах хөрөнгө байхгүй шалтгаанаар Монголын талын худалдаж авах
давуу эрхээ ХХБ-наас улбаатай Монголын зэс корпораци гэх хувийн компанид
шилжүүлжээ. АН-ын Засгийн Газар уг шийдвэрийг 2016 оны 6 сарын 29-нд УИХ-ын
сонгуулийн өмнө нууцаар гаргажээ. 49% -ийг худалдаж авах хувь болох 400 сая ам
долларыг Оросын Ростек төрийн өмчийн корпорацид сонгуулийн өдөр шилжүүлсэн
байна. Сонгуулиар ардчилсан нам ялагдаж дээрх хувийг компани Эрдэнэтийн 49
хувийг төрийн мөнгөөр худалдан авсан эсэхийг шалгах ажлын хэсэг томилон ажиллуулахад
уг компани төлбөрийнхөө 72 хувийг МУ-ын ЗГ-аас зээлсэн гэж ажлын хэсэг
дүгнэжээ. Үүнийг дагалдан зуу зуун сэжиг таамаг гарч сошиалаар шуугьж байснаа
гэнэт алга болов.
2017 оны 2 сарын
10-ны 23 дугаар тогтоолоор дээрх 49 хувийг төрийн өмчид авах шийдвэр гарч
улмаар МСС компанийн гомдлыг хэлэлцээд захиргааны шүүхээр МСС-ийн талд, Үндсэн
хуулийн цэцийн шийдвэр УИХ-ын талд гарчээ. УИХ, ЗГ, ерөнхийлөгч хүчээ нэгтгэж шүүхийн
хараат бус байдлын тухай хуулийг өөрчлөх, шүүхийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх
эрхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгож, зарим нэг шүүгчийг чөлөөлснөөр
энэ байдал шийдэгдэв. Эцэст нь ҮАБЗ-өөс Эрдэнэт үйлдвэр дээр онцгой байдал
зарлах зөвлөмж өгч түүнийг Засгийн Газар 2019 оны 3 сарын 5-нд хэрэгжүүлж одоог
хүртэл (2021.01
сар) хэрэгжиж байна.
Эрдэнэтийн
үйлдвэрийг өмчлөх сонирхолтой намын дэмжлэг бүхий уул уурхайн оролцогч талууд
сонирхлын бүлгүүдийн хоорондын тэмцэл одоог хүртэл ил далд үргэлжилсээр байна.
Эрдэнэт үйлдвэр экспортоо нэмэгдүүлээгүй, зэсийн үнэ их савлагаатай байсан жилүүдэд
буюу 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байсан бол 2019 онд 936
тэрбум төгрөгийг тушаажээ. Энэ их мөнгөний зөрүү дээрх сонирхлын бүлгүүдийн
авлига, мөнгө угаах үйл ажиллагаагаар гулгуулж, завшиж байсан мөнгөний хэмжээг
хэлээд байна уу.
Эх сурвалж: И.Бямбабаатар. Социализмын үеэс өнөөг хүртэлх Монгол улсын уул уурхайн бодлого, ашигт малтмалын мөчлөгийн талаарх маргаантай асуудлууд. Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө. Улаанбаатар. 2021. тал. 41-62