Монголын ардын
эрүүлийг хамгаалах салбарын түүхийн судалгаа 1990-ээд оноос зогсонги
болж түүх судлалын шинэчлэлээс хоцрох хандлагатай байна. Иймд уг судалгааг
үргэлжлүүлж урагш ахиулах зорилгоор Дотоод явдлын яамны харьяа Ардын эрүүлийг
хамгаалах газрын бүтэц, үйл ажиллагааг тусгайлан авч үзлээ.
1921 оны VIII сарын
15-нд хуралдсан Бүх цэргийн зөвлөлийн тавдугаар хурал Цэргийн эмнэлгийн хороо
байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, энэхүү эмчлэх хороонд Зөвлөлт Оросын ба Монгол
ардын Засгийн газрын бүх цэргүүд, энгийн хүмүүст нэгэн адил тусламж үзүүлэх, аливаа
хүн бүхнийг үнэгүйгээр эмчилж байхаар тогтоожээ. Бүх цэргийн зөвлөлийн
тогтоосны дагуу Цэргийн яам элдэв өвчинтэй хүмүүсийг эмчлэх хороо байгуулах
тухай саналаа Засгийн газрын хуралд оруулсан байна. Засгийн газар 1921 оны VIII сарын
21-ний өдрийн арван хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэж зүйтэй хэмээн
дэмжсэн бөгөөд гагцхүү “Улсын санхүү арвижаагүй, зардлыг хаанаас гаргах нь
тодорхойгүй учир эрхлэх яамнаас дахин боловсруулан тодорхойлж хэлэлцүүлэх”[1]
шийдвэр гаргажээ. Үүнээс үзэхэд, Бүх цэргийн зөвлөлийн Цэргийн эмнэлгийн хороо
байгуулах тогтоол гарсан өдрөөр тус хороог байгуулагдсан[2]
хэмээн үзэж ирснийг нягтлууштай байна. Гэхдээ Бүх цэргийн зөвлөл Цэргийн
эмнэлгийн хороог цэрэг ба энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх чиг үүрэгтэй
ажиллуулахаар тогтоосон тул ардын эрүүлийг хамгаалах салбарын үүсэлд уг тогтоол
чухал холбогдолтой юм.